ТОЙМ

ADMIN
05 сарын 20
05 / 20

“Андын илч” ХХК-ийнханд захиалгаар халдсан гэмт бүлэглэлийнхэнд 1-16 жил хорих ял шийтгэлээ

“Андын илч” ХХК-ийнханд захиалгаар халдсан гэмт бүлэглэлийнхэнд 1-16 жил хорих ял шийтгэлээ

Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Андын илч” ХХК-ийн Монголын талын захирлуудыг хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн гэх үйлдэлд холбогдсон нь хүмүүсийн гэм бурууг шүүх дэнсэллээ. Уг хэргийг өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан “Ука” хочтой Л.Алтанхуяг (мөрийтэй тоглож байсан хүмүүсийг зэвсэглэн дээрэмдсэн), “Хулнаа” хэмээх Б.Хулансамбуу, “Цэнгэл” гэж нэрийддэг Н.Батцэнгэл, “Уугаа” гэх Б.Ууганзаяа нар бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчдийн шалгалтаар тогтоогдсон байдаг. Мөн Э.Сумъяажаргалын захиалгаар иргэн Б-г зочид буудалд аваачиж айлган сүрдүүлж, улмаар эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардан авсан нь ч тодорхой болсон. 2022 оны арванхоёрдугаар сард дээрх хүмүүс хохирогчийг зодон, биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн нь шалгалтаар тогтоогдсон байдаг. Бас иргэн О-д хутга тулган бие, эрх чөлөөнд нь халдан заналхийлж түүний нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн гэдэг. Тэдний гэм буруутай, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 7-ноос эхлэн хэлэлцсэн юм. Тус шүүхийн шүүгч Б.Батсайхан, Т.Батжаргал, Г.Түвшинтөгс, НПГ-ын хяналтын гурван прокурор, шүүгдэгч 16 хүн, тэдний 32 өмгөөлөгч оролцон уг хэргийн шүүх хурлыг хаалттай явууллаа. Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, Б.Ууганзаяа, Э.Сумъяажаргал, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, Ц.Түмэнбаатар, Н.Батдуулга, С.Алтансүх, М.Амартүвшин, П.Энхсайхан, С.Билгүүн, Н.Алтангэрэл, Э.Бошигт, Д.Батмарта нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.6-2.3 дахь хэсгийн зохион байгуулалттай гэмт бүлэг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, 12.1-2.10 дахь хэсгийн бүлэглэн хохирогчийг тохуурхан доромжилж, хүчиндсэн, 20.3-1, 20.3-2-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн, 11.1-2.4-т зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр эрүүгийн хариуцлага оноох хурлыг нь хийж, нэр дурдсан 16 хүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар шүүгдэгч Б.Хулансамбууд 16 жил найман сар, Л.Алтанхуягт 16, Б.Ууганзаяад ес, Э.Сумъяажаргалд долоо, А.Бадамсэрээжид, Н.Батцэнгэл, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Н.Алтангэрэл нарт зургаа, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар, нарт тав, П.Энхсайханд дөрвөн жил зургаан сар, Д.Батмарта, Э.Бошигт нарт нэг жил хорих ял оноосон бол М.Амартүвшинд нэг жил тэнсэн харгалзах, С.Алтансүхэд нэг жил хоёр сарын хугацаанд зорчих эрхийг нь хязгаарлах ял оноожээ.