ADMIN
02 сарын 28
02 / 28

Криптовалютаар мөнгөө угаасан үйлдэлд хариуцлага хүлээлгэлгүй өнгөрчээ

Криптовалютаар мөнгөө угаасан үйлдэлд хариуцлага хүлээлгэлгүй өнгөрчээ

Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, ашигт малтмал нийлүүлэх гэрээний төлбөрөөс ашиг олж, мөнгө угаах явдал бий. Түүний нэг бодит жишээ бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан З.Ганбаатар, хамт ажилладаг Л.Дэлгэрбатын хамтаар хахууль авч, мөнгө угаасан хэрэгт холбогдон шүүхээс ял шийтгүүлсэн тохиолдол. Хонконг, Виржиний арал зэргээр дамжуулан угаасан мөнгөнөөсөө Английн Лондон хотноо 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум гаруй төгрөгөөр нь З.Ганбаатар 110 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгө авсан байсныг шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон. Ингэхдээ тухайн хөрөнгийг түрээсэлж, олсон орлогыг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн харьяа цэцэрлэгийн хүүхдүүдийн англи хэлний мэдлэгт зориулж буй билээ.

Тэгвэл төрийн өмчит эл үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой өөр хэргүүдийг АТГ-ынхан шалгасаар ирсэн. Гэхдээ манай хуульчдын мэдлэг боловсрол нимгэнээс болсон уу, эсвэл Эрүүгийн хууль дахь мөнгө угаасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа богино байдгаас шалтгаалсан уу зарим нотлох баримтыг үл ойшоож орхисон тохиолдол ч бий гэдэг. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн албан тушаалтнуудтай холбоотой нэгэн хэргийг шалгах явцад бидний нэрлэж заншсанаар флаш дисктэй адил зүйл эд мөрийн баримтаар хураасан аж. Уг зүйлийг нь сайтар шалгахад криптовалют цуглуулах, ашиг олох төхөөрөмж байжээ. Гэвч орон нутгийн шүүх, прокурорынхон түүнийх нь талаар мэдлэг хомс байснаас нотлох баримтыг алдчихсан тохиолдол ч бий гэдэг.

Манай хууль хяналтын байгууллагынхан нэг үеэ бодвол мэдлэг боловсролоо сайжруулж, цагаан захтнууд яаж мөнгө угаадаг, хаанахын ямар банкаар дамжуулсан болохыг төвөггүй илрүүлдэг болсон. 10-аад жилийн өмнө МИАТ компанийн удирдлага болох Ч.Хоролсүрэн, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон тэргүүтэй хүмүүс “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр мөнгө угаасан хэрэг гарч байсныг зарим уншигч санаж буй. Тэр үед энэ хэрэгт ач холбогдолтой нотлох баримт нь нэг холбогдогчийнх нь тагтан дээр тоосонд дарагдаад хэвтэж байж. Хэрэв хууль сахиулагчид түүнийг анзаарч шалгаагүй бол мөнгө угаасан үйлдлийнх нь нотлох баримт тоосонд дарагдсан чигээрээ л өнгөрөх байсан болов уу. Тоосонд дарагдсан тэр цаасан дээр дэлхийд алдартай Хонконгийн банкны нэр бичээстэй, мөнгөн гүйлгээний баримтууд байжээ.