Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд буцаж ирснийхээ дараа сонгуулийн кампанит ажлын амлалтаа биелүүлж, даваа гарагт олон тооны захирамжинд гарын үсэг зурав. Үүний зэрэгцээ Парисын гэрээнээс татгалзаж, Байдены үед эхлүүлсэн олон ажлыг зогсоосон. Тэрбээр мөн цагаачлалын асуудалтай холбоотой хэд хэдэн захирамжид гарын үсэг зурж, 2021 оны нэгдүгээр сарын 6-ны Капитолтой холбоотой гэмт хэрэгт ял шийтгүүлсэн 1500 гаруй хүнд өршөөл үзүүлэв. Түүнчлэн Засгийн газрын түвшний олон арван албан тушаалтнууд болон үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон байна.
Захирамжаар томилогдсон албан тушаалтнуудад:
Жеймс МакХенри- Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч
Роберт Салессес-Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч
Дороти Финк-Эрүүл мэнд, үйлчилгээний нарийн бичгийн дарга
Бенжамин Хаффман- Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга
Марк Аверилл-Армийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
Том Силвестер- Тагнуулын төв газрын даргын үүрэг гүйцэтгэгч
Марк Уйеда Үнэт- цаас, биржийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч
Эндрю Фергюсон -Холбооны Худалдааны Комиссын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байна. Трампын сонгуулийн кампанит ажлын амлалтуудын ихэнх нь гүйцэтгэх тушаалаар хэрэгжих боломжтой байж болох ч нэлээдгүй нь Конгрессоос дэмжлэг авах шаардлагатай.
Либерал бүлгүүд болон хяналтын байгууллагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны зарим амлалттай холбогдуулан Трампын засаг захиргааг шүүхэд өгөхөө мэдэгдсэн тул эдгээр тушаалуудын олонх нь ирэх саруудад хууль эрх зүйн бэрхшээлтэй тулгарах магадлалтай аж.
Цагаачлал
АНУ-ын Үндсэн хуульд төрөлхийн иргэний харьяаллыг баталгаажуулсан байдаг. Гэхдээ Трамп үүнийг цуцална гэдгээ мэдэгдээд буй. Тэрбээр мөн Мексикийн хар тамхины бүлэглэл болон бусад зарим байгууллагыг гадаадын террорист байгууллага гэж тодорхойлох тушаалд гарын үсэг зурсан байна. Мөн өмнөд хил дээр үндэсний хэмжээнд онц байдал зарлаж, Конгрессын зөвшөөрөлгүйгээр АНУ-Мексикийн хилийн дагуу хана барихад ажлыг үргэлжлүүлэхийг үүрэг болгожээ.
Уур амьсгал
Трамп "Би нэг талыг барьсан Парисын цаг уурын хэлэлцээрээс шууд татгалзаж байна” гэжээ. Тэрбээр мөн АНУ-ыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бөгөөд энэ нь тус байгууллагыг олон сая ам.долларын санхүүжилт буурахад нөлөөлнө.
Түүнчлэн Трамп Байдены үеийн байгаль орчны олон зохицуулалтыг өөрчлөхийн тулд "Үндэсний эрчим хүчний онцгой байдал" зарлаж буйгаа мэдэгдлээ. Энэ хүрээнд АНУ Трампын "drill, baby, drill" зарчмаар газрын тос, байгалийн хийн хайгуулын цоо шинэ эрин үеийг эхлүүлж байна. Тэрбээр "Бид үнийг буулгаж, стратегийн нөөцөө дахин дүүргэн, Америкийн эрчим хүчийг дэлхий даяар экспортлох болно. Бид дахин баян үндэстэн болно. Үүнийг хийхэд туслах зүйл нь газар доорх шингэн алт байх болно" гэжээ.
Тариф ба татвар
Трамп Канад, Мексик зэрэг орнуудад өндөр татвар ногдуулна гэсэн амлалтаа биелүүлж, хоёрдугаар сарын 1-нээс хоёр орноос импортлох бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн. Тэрбээр мөн Байдены засаг захиргаа дэмжиж, 100 гаруй улстай хэлэлцээ хийсэн дэлхийн аж ахуйн нэгжийн татварын доод хэмжээний хэлэлцээр нь АНУ-д ямар ч, үр нөлөөгүй хэмээжээ.
Трансжендерийн эрх хязгаарлагдав
Трамп мөн трансжендэрийн эрхийг эрс хязгаарлах зарлигт гарын үсэг зурсан байна. Трамп эмэгтэйчүүдийг биологийн хувьд эмэгтэй, эрэгтэйчүүдийг биологийн хувьд эрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн тодорхой, үнэн зөв үг хэллэг, бодлого баримтална хэмээсэн. Тэрбээр "АНУ-ын бодлого нь эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Эдгээр хүйс нь өөрчлөгддөггүй бөгөөд үндсэн бөгөөд маргаангүй бодит байдалд тулгуурладаг" хэмээжээ. Ерөнхийлөгч мөн ажиллах хүчний олон талт байдал, тэгш байдал, оролцоог сайжруулахад чиглэсэн холбооны хөтөлбөрүүдийг "үрэлгэн", "хууль бус, ёс суртахуунгүй" гэж тодорхойлсон зарлигт гарын үсэг зуржээ.
Мексикийн буланг Америкийн булан болгов
47 дахь Ерөнхийлөгч Мексикийн буланг Америкийн булан болгон өөрчилсөн зарлигт гарын үсэг зурав. Тэрбээр мөн Хойд Америкийн хамгийн өндөр уул болох Денали уулын нэрийг МакКинли уул болгон сэргээжээ. Тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обама 2015 онд Холбооны бүх баримт бичигт Атабасканы уламжлалт нэр болох Денали болгон өөрчлөх хүртэл оргилыг МакКинли уул гэж нэрлэдэг байв. Трамп мөн АНУ-ын гадаад хөгжлийн тусламжийн хөтөлбөрүүдийг хариуцдаг агентлагуудад тусламжийн санхүүжилтийг нэн даруй түр зогсоох тушаал өгсөн байна. Үүнээс гадна тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Трамп албан тушаалаа хүлээж авснаасаа хойш 24 цагийн дотор Украины дайныг дуусгаж чадна гэж амлаж байв. "Бид дайныг аль болох хурдан дуусгахыг хичээх болно. Украин, Оросын дайн хэзээ ч эхлэх ёсгүй байсныг та бүхэн мэднэ" гэжээ.
https://www.newsweek.com/donald-trump-executive-orders-list-president-signed-2016864