-“Монос”, “Тавин ус, “Ариун Монгол”, “Амгаланзаяа”, “Шинэ сэга мед”, “Мөнхийн тун”, “Эмийн үйлдвэр”, “Цахиур төмөр” гэх зэрэг олон аж ахуйн нэгжийн шинжлүүлсэн дээжүүд чанарын шаардлага хангахгүй байжээ. Энд зөвхөн 2023 онд шинжилсэн дээжүүдээс стандартын шаардлагад нийцээгүй зарим хэсгийг нь дурдлаа-
Монгол хүний эрүүл мэндээ хамгаалуулах эрх, аюулгүй байдалтай салшгүй холбоотой зүйл бол бидний өдөр тутам хэрэглэж буй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж хэлж болно. Харамсалтай нь, бид чанартай эм худалдан авч, эрүүл мэндээ хамгаалж, өвчнөө илаарьшуулж чадаж байгаа бил үү. Олон нийт бүгд л дуу нэгтэй “Чаддаггүй, эм хэтэрхий өндөр үнэтэй” гэж хэлэх нь лавтай. Тиймдээ ч УИХ-аас эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг судлах түр хороо байгуулж, нээлттэй сонсгол хийхээр хичээж буй. Улсаас хөнгөлөлттэй олгодог эмийн төсөв дөрвөн жил гаруйн өмнө 27 тэрбум төгрөг байсан бол энэ онд 140 тэрбумд хүрч нэмэгдсэн. Ингэж төсвийг нь нэмж өгсөөр байхад чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн монголчуудад түгээж, гадаадын хуурамч эм үйлдвэрлэгчдийг өөгшүүлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байхыг ч үгүйсгэхгүй. Хэрэглэгчийн төлж буй эмийн үнэ Азидаа хамгийн өндөр, олон улсын жишгээс 2.25-5.56 дахин, бага, дунд орлоготой 10 орноос 42.5 хувиар өндөр гэсэн судалгааны дүн бий. Түүгээр ч зогсохгүй эмийн зах зээл импортоос ихээхэн хамааралтай. Зах зээлийн дөнгөж 30 хүрэхгүй хувийг дотоодоосоо хангаж буйг ч Азийн хөгжлийн банкны “Монгол Улсын эмийн зохицуулалтыг сайжруулахад үзүүлсэн дэмжлэг туршлага, сургамж ба цаашдын чиг хандлага” тайланд дурджээ.
Монголчууд чанар муутай эмийг их хэмжээгээр хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, эмийг хоол шиг л хэрэглэж буй билээ. ДЭМБ, Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр 2012-2013 онд хийсэн Монгол Улсын эмийн зах зээл дэх хуурамч, стандартын бус эмийн тархалт судалгаанд “Энэхүү судалгааны үр дүнд орон нутгаас цуглуулсан нийт дээжийн 17.8, нийслэлээс цуглуулсан дээжийн 13.2 хувь нь фармакопейн шаардлагын дагуу улсын хэмжээнд итгэмжлэгдсэн гурван лабораторид хийсэн шинжилгээний үр дүнд фармакопейн шаардлага хангахгүй буюу стандартын бус эм болох нь тогтоогдов. Манай улсын зах зээлд эргэлдэж буй эмийн дотор стандартын бус нь хот, хөдөөд аль алинд нь байгааг илрүүлэн гаргалаа. Мөн улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм ч нэлээд тархсан, тэр тусмаа хөдөөд илүү байна” хэмээн тодотгосон байгаа юм.
10 жилийн дараа ч байдал төдийлөн өөрчлөгдөөгүй, хуурамч, стандартын бус эмийг бид хэрэглэсэн хэвээр л байна. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хэмээх агентлаг Засгийн газрын харьяанд бий болсон ч чанаргүй, хуурамч, стандартын бус эм Монголын зах зээлд амь бөхтэй оршсоор, хэрэглэгчдийн хүрээгээ тэлсээр байгаа нь харамсалтай. Ийн амь бөхтэй оршсоор буйн шалтгаан нь тус агентлагт эм импортлогч аж ахуйн нэгжүүдийн “тавиул”-ууд олноороо шургалсантай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй.
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүн болохоосоо өмнө хуурамч эм, түүнийг оруулж ирдэг эмийн “мафи”-тай тэмцэхээ илэрхийлж байсныг зарим уншигч мартаагүй. Гэвч түүний энэ “тэмцэл” чимээ аниргүй болсон гэхэд хилсэхгүй. Магадгүй энэ салбарт бугшсан “мафи”-ийнхны гар хөл нь урт учраас олигтой үр дүнд хүрээгүй байж ч болох.
Гэхдээ хүний, хүнсний аюулгүй байдлын нэг хэсэг болсон эмийн аюулгүй байдалд цаг ямагт анхаарч байх учиртай. Тиймдээ ч АТГ-ынхан нэлээд ажил хийж, нэг бус албан тушаалтныг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе.
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ АЛБАН ТУШААЛТНУУД ХҮНИЙ ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛД БИЙ
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсад хуурамч эмийн тархалтыг зогсоох нь” гэсэн судалгааг АТГ-ынхан хийжээ. Энэ судалгаагаар хэд хэдэн ноцтой тохиолдол илэрхий болсон гэнэ. Тэдний дунд ЭМЯ-ны Хүний эмийн салбар зөвлөлийн гишүүдтэй холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэхүйц баримт, мэдээлэл ил болсон байх юм. Хүний эмийн салбар зөвлөлийн ажлын чиг үүрэг бол Монгол Улсын эмийн бүртгэлд хүн амын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, био бэлдмэл, вакцин, эмийн түүхий эд, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, хугацаа сунгах, бүртгэлээс хасах, эмийн чанар, аюулгүй байдлын үр дүнд тандалт, судалгаа хийх чиг үүрэгтэй.
Энэ салбар зөвлөлд ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтан ажиллаж буйг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хийсэн шалгалтаар илэрхий болсон байна. Тодруулбал, тус зөвлөлийн гишүүнээр томилогдсон АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн удирдах албан тушаалтан нь эмийн үйлдвэр, эм барих, бизнесийн зөвлөгөө өгөх, гоо сайхан, ариун цэврийн барааны худалдаа, үйлдвэрлэл, ургамал, амьтны гаралтай тосны худалдаа, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн эцсийн өмчлөгч бөгөөд 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй. Хүний эмийн салбар зөвлөлийн 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны тавдугаар хурлаар үндэсний үйлдвэрийн таван эмийн бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн аж. Энэ үед дээрх албан тушаалтны хувьцаа эзэмшдэг компанийн “Аньсгриплин плюс-А” хэмээх мөхлөг эмийг хэлэлцэж улсын бүртгэлд бүртгэсэн байна. Эм зүйн сургуулийн багш нарын судалгааны ажлын үр дүнд бүтээсэн уг мөхлөг эмийг хувийнх нь аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэсэн нь мэдээж ашиг сонирхлын зөрчил үүссэн гэсэн үг.
Түүнээс гадна дээрх зөвлөлийн өөр нэг гишүүн нь эм ханган нийлүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмийн түүхий эд импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч юм билээ. Тэрбээр 2021 онд үүсгэн байгуулсан компанид нь олгосон “Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадал”-ын батламжийг гурван жилийн хугацаагаар сунгахад оролцсон байгаа юм.
Уг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан атал ЭМЯ-ны Хүний эмийн салбар зөвлөлийн гишүүд түүнийг үл ойшоон хамаарал бүхий аж ахуйн нэгжтэйгээ холбоотой шийдвэр гаргасан нь тэдэндээ давуу байдал олгосон гэхэд хилсдүүлсэн болохгүй. Магадгүй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ давуу байдал бий болгосон тус зөвлөлийн гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1-1-ийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шалгаж, хариуцлага хүлээлгэсэн ч болохгүй гэх газаргүй.
ЭМ ШИНЖЛЭХ ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД Ч ШААРДЛАГА ХАНГАДАГГҮЙ
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм шинжлэх лаборатори химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээс болж тендер зарлаж, урвалж зэргээ авах боломжгүйд хүрчээ. Ацетонитрил, метанол, цууны ангидрид зэрэг бодисгүйгээс шалтгаалж 29 үзүүлэлтээр шинжилгээ хийж чадахгүй болсон аж. Мөн тус лабораторийн тоног төхөөрөмж хуучирсан, зарим нь эвдэрснээс шалтгаалж 39 үзүүлэлтийн шинжилгээ хийхээ больсон гэнэ. Энэ мэт шалтгаанаас болж олон эмийн үзүүлэлтийг чанаргүй шинжилж байж ч болох.
Тэгвэл АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эм шинжлэх лабораторийн тоног төхөөрөмжийг ч бас шинэчлэх шаардлагатайн зэрэгцээ сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болгож мэргэшүүлэх хэрэгтэйг албаны хүмүүс хэлж буй юм. Энэ лабораторийн хоёр ч албан тушаалтан ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн болон Эм зүйн салбар зөвлөлд томилогдон ажилладаг нь бас ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй байгааг энэ ташрамд дурдъя.
СҮРЬЕЭГИЙН ЭМЧИЛГЭЭНД ОЛГОДОГ ЭМ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙГ ШИНЖЭЭЧИД ТОГТООВ
Хуучнаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн эмийн шинжлэх нэгжийг өдгөө Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэн ажиллуулж буй. Тус газрын Эм шинжлэх лаборатори болон ГЕГ-ын Гаалийн төв лаборатори, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн Эм шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид Монголд үйлдвэрлэсэн болон импортолсон эм, биологийн идэвт бүтээгдэхүүн, эмийн түүхий эдийг шинжилдэг юм билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн хэд хэдэн эм чанар, стандартын шаардлага хангаагүй талаар Гаалийн төв лабораторийн шинжээчид дүгнэсэн байна. Ард түмний мэддэг, ханиаданд голдуу хэрэглэдэг “Sinobax” хэмээх бор шахмал эм үүний тод жишээ. Тус эмийн жин нь сертификат дээр бичигдсэнээсээ өөр агууламжтай байсан тухай “ambroxol, cetirizine, phenylephrine” гэсэн тэмдэглэгээтэй боловч амброксол болон фенилэфрин илэрсэн” хэмээн тодорхойлсон байна. Энэ мэтээр долоон эмийн дээжийг шинжилсэн дүгнэлтийг уншигч та зургаас харж болно.
Тэгвэл Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм шинжлэх лаборатори 2023 оны эхний хагас жилд 1221 дээжийг 12 229 үзүүлэлтээр шинжилсэн байдаг юм билээ. Тэднээс шаардлага хангаагүй 60 дээж илэрсэн байна. Түүний 33 нь дотоодын эмийн үйлдвэрүүдийнх, 27 нь импортынх байжээ. Импортын бүтээгдэхүүн дотор “Повернутрэйшн” ХХК-ийн оруулж ирдэг зургаан төрлийн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг гадна байдлаараа шаардлага хангаагүй гэж дүгнэсэн аж. Мөн “Денкфарм”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын шинжлүүлэхээр өгсөн 27 718 цувралын дугаартай “Carvedi-Denk 6.25”, 27 374 дугаартай “Carvedi-Denk 25” шахмал эм бат бөх чанараараа шаардлага хангаагүй гэнэ.
Тэгвэл “Мон тариур” компанийн эх орондоо үйлдвэрлэсэн нэг удаагийн тариуруудын зарим цуврал нь тосолгоогоороо шаардлага хангаагүй байх юм. Түүнчлэн “Энхийн шүүдэр” компанийн 20231101, 20234701 цувралын дугаартай натрийн гидрокорбанат тарилгын шингэн бас шаардлага хангахгүй үзүүлэлттэй дүгнэгдсэн аж. Энэ мэтээр “Монос”, “Тавин ус, “Ариун Монгол”, “Амгаланзаяа”, “Шинэ сэга мед”, “Мөнхийн тун”, “Эмийн үйлдвэр”, “Цахиур төмөр” гэх зэрэг олон аж ахуйн нэгжийн шинжлүүлсэн дээжүүд чанарын шаардлага хангахгүй байжээ. Энд зөвхөн 2023 онд шинжилсэн дээжүүдээс стандартын шаардлагад нийцээгүй зарим хэсгийг нь дурдлаа.
2022, 2021, 2020 онд шаардлага хангаагүй дээж маш олныг шинжилсэн тухай мэдээлэл бий. Тухайлбал, “Гранд мед” эмнэлгийн нэрмэл ус гэхэд хүчиллэг шүлтлэг чанар, уусмалын орчин, бактерийн тоо гэх зэрэг таван үзүүлэлтээр 2022 онд шаардлага хангаагүй байх жишээтэй. 2021 онд “Түвшин энэрэл” ХХК-ийн Тайваниас оруулж ирдэг, “Ковид”-ын дараах эмчилгээнд сайн хэмээн ард түмэн ихээр хийлгэж байсан “Пантоген” тарилгын шингэн гадна байдлаараа стандартын шаардлага хангаагүй. Тодруулбал, хөлдсөн тарилгын шингэнийг шинжлүүлж байсан юм.
Тэгвэл 2023 онд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм шинжлэх лабораторид шинжилсэн дээжүүд дунд “Rifampicin-BKRS” хэмээх CHC-208 цувралын дугаартай Энэтхэгт үйлдвэрлэсэн эм бий. Капсултай энэ эм нь жингийн хэлбэлзэл гэх мэт гурван ч шаардлагыг хангаагүй, хуурамч, чанаргүйд тооцогдож болохоор аж. Мөн Гаалийн төв лабораторид энэ эмийг шинжлүүлсэн бөгөөд сертификат дээрх жингээсээ зөрүүтэй, найрлагыг нь шинжлэх боломжгүй гэж дүгнэсэн байв. Хуурамч эмийн үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг Энэтхэгээс импортолсон эл эмийг сүрьеэгийн эмчилгээнд ашигладаг юм билээ. Тэгвэл үүнийг улсын бүртгэлд бүртгэсэнтэй холбоотойгоор АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ нь магадгүй хуурамч, чанаргүй эм импортлогч, үйлдвэрлэгч “мафи”-ийнхантай хийх тэмцлийг эрчимжүүлж буй хэлбэр ч байж болох.
Г.РАВЖАА