...
...
Улс төр
Sainjargal
11-р сар 04

Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв

Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.11.04/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир тодотгоод санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч тус зөвлөлийн дарга Н.Монсорын хийсэн танилцуулгын мэдээлэл хангалтгүй байна гэж Байнгын хорооны гишүүдийн олонх үзсэн тул хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлууллаа.

Дараа нь Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, УИХ-ын Байнгын хорооны тогтоолын 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцуулав.

Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д Монгол Улсын 79 хуулийн 263, Улсын Их Хурлын 90 тогтоолын 491 заалт, Байнгын хорооны  69 тогтоолын 290 заалт, нийт 238  шийдвэрийн  1044 заалт бүртгэлтэй байгаа аж.

2025 оны эхний хагас жилийн байдлаар хууль, Улсын Их Хурлын болон УИХ-ын Байнгын хорооны шийдвэрийн  хэрэгжилт дунджаар 46.0 хувь байна. Тухайлбал: Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим санд бүртгэлтэй байгаа Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын харьяа агентлаг, аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагаар авч үзэхэд 1044 заалтаас 40.6 хувь буюу 424 нь “хэрэгжсэн”, 47.7 хувь буюу 498 нь “хэрэгжээгүй”, 11.7 хувь буюу 122 заалт “хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй” гэж үнэлэгдсэн байна гэлээ.

Тэрбээр, Тайлант оны эхний хагас жилийн байдлаар Төрийн байгуулалтын Байнгын хорооны  эрхлэх асуудлын хүрээнд 11 хуулийн 29 заалтыг  төрийн захиргааны төв 16 байгууллага дунджаар 44 хувьтай хэрэгжүүлсэн байна. Үүнээс 28.9 хувь буюу 11 заалт “хэрэгжсэн”, 36.8 хувь буюу 14 заалт “хэрэгжээгүй”, 10.5 хувь буюу 4 заалтыг хэрэгжүүлэх “хугацаа болоогүй” гэж  тус тус дүгнэгдсэн.

Монгол Улсын 7 хуулийн 14 заалт хэрэгжээгүй бөгөөд уг заалтаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас захиргааны акт (дүрэм, журам, жагсаалт, стандарт зэрэг)-ыг батлан хэрэгжүүлэх эрх олгосон байна. Хэрэгжээгүй 14 заалтаар журам 8,  дүрэм 1, заавар, аргачлал, хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл,  газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тус бүр 1, хөрөнгө оруулагчдын зөвлөл байгуулах зохицуулалтуудыг батлан хэрэгжүүлэхээр байна. Тухайлбал: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2022 оны шинэчилсэн найруулгаар улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх төрийн ёслолын арга хэмжээний, Үндэсний их баяр наадам өөрийн бэлгэдэлтэй байх бөгөөд түүнийг хэрэглэх, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх нийтлэг журмыг Засгийн газар баталж, мөрдүүлэхээр байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 2017 оны шинэчилсэн найруулгаар төрийн албан хаагчийг орон байраар хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг,  2023 оны Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журмыг Засгийн газар батлан мөрдүүлэхээр заасан байна.

Энэ нь захиргааны акт батлуулах үе шатны ажил болох хэрэгцээ шаардлагыг урьдчилан судлах, төсөл боловсруулах, үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо хийх, холбогдох байгууллагуудаас санал авах, хэлэлцүүлэг хийх гэх мэт удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой байна хэмээлээ.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хяналт-шинжилгээ үнэлгээний цахим санд бүртгэгдсэн 17 шийдвэрийн 46 заалтын хэрэгжилт төрийн захиргааны төв байгууллагын 16 яамдад  дунджаар 48.6 хувьтай байна. Үүнээс: 39.1 хувь буюу 18 заалт хэрэгжсэн, 41.3 хувь буюу 19 заалт хэрэгжээгүй, 19.6 хувь буюу 9 заалтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй гэж дүгнэгджээ.

Тодруулбал, Улсын Их Хурлын “УИХ-ын хяналт шалгалт хийсэн холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2024 оны 09 дүгээр тогтоолын 1.1, 1.3, 1.5, 1.7, 1.8 дахь заалтаар “Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой Засгийн газарт даалгасан үүргийн хэрэгжилт үр дүнгүй байна гэж гарчээ.

УИХ-ын “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн  баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 2024 оны 74 дүгээр тогтоолын 1.1.1 дэх заалтаар “хууль тогтоомжийг нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” үүргийг Хууль зүй дотоод хэргийн яам хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажилласан хэдий ч бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байгаа аж.

Мөн тогтоолын 1.2.2 дахь заалтаар “хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг цахимаар явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, танилцуулах” үүргийг Засгийн газарт өгсөн ч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хууль эрх зүйн орчны судалгааг хийх зөвлөх үйлчилгээ авч ажиллаж байгаа нь  үр дүнгүй байна.

2025 оны эхний хагас жилийн байдлаар Төрийн байгуулалтын Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гаргасан 4 тогтоолын  17 заалтын хэрэгжилт төрийн захиргааны төв 16 байгууллагад  дунджаар 35.7 хувьтай гарчээ. Үүнээс 29.4 хувь буюу 5 заалт “хэрэгжсэн”, 52.9 хувь буюу 9 заалт “хэрэгжээгүй”, 17.6 хувь буюу 3 заалтыг хэрэгжүүлэх “хугацаа болоогүй” гэж тус тус дүгнэжээ.

Тус байнгын хорооны 2022, 2023, 2024, 2024 оны 4 тогтоолын 9 заалтын хэрэгжилт үр дүн гараагүй байна. Тухайлбал: УИХ-ын байнгын хорооны 2022 оны “Чиглэл өгөх тухай” 10  дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар “Бүх нийтэд жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх зорилгоор батлагдсан Боловсрол, шинжлэх ухааны салбарт баримтлах жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын /2017-2024/ хэрэгжилтийг эрчимжүүлэх, жендэр судлалыг академик түвшинд хөгжүүлэх чиглэлээр ажиллаж буй Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх эрдэмтэн судлаачдын бүлгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас дэмжих, эрдэм шинжилгээний үйл хэрэгт татан оролцуулах замаар уялдааг хангаж ажиллах”-ыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд,  2 дугаар заалтаар дээрх үүргийг орон нутагт хэрэгжүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болгосон боловч шинжлэх ухаан технологийн асуудал Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжсэнтэй холбоотой хэрэгжүүлээгүй байна.   

Хуучнаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах УИХ-ын Байнгын хорооны 2023, 2024, 2025 оны 3 тогтоолын 7 заалтын хэрэгжилтийг ерөнхий байдлаар тайлагнасан, тайлагнах хугацаанд хэрэгжүүлсэн ажил нь үнэлэгдэхүйц ахиц гараагүй, тухайн заалтын хэрэгжилтийг зарим байгууллага ирүүлээгүй байх тул  "хэрэгжээгүй" гэж дүгнэсэн байна.

Хууль, Улсын Их Хурал болон Байнгын хорооны тогтоолын 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний дүнгийн тайланг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч биелэлтийг тооцон ажиллаж байна гэсэн мэдээллийг сайд Н.Учрал өглөө. 

Эцэст нь тэрбээр Улсын Их Хурлын  Төрийн байгуулалтын Байнгын хорооны Ажлын албанд гурван санал уламжилсан.

Засгийн газарт үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангуулахад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах,  төрийн албан хаагчдыг хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхийг санал болгосон.

Мөн улсын хэмжээнд хяналтад авсан шийдвэрийн нэгдсэн бүртгэл хөтлөх, Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний unelgee.gov.mn систем, УИХ-ын Тамгын газрын хяналт, шинжилгээ үнэлгээний систем хооронд интеграци хийх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахыг санал болгосон. Түүнчлэн Засгийн газрын болон УИХ-ын Тамгын газрын цахим санд байгаа Монгол Улсын хууль, УИХ-ын болон Байнгын хорооны тогтоолд кадификаци хийж бүрэн хэрэгжсэн, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон,  тухайн асуудлаар дахин шийдвэр гарсан, шийдвэрт заасан хугацаа дууссан заалтуудыг хяналтаас хасах асуудлыг шийдвэрлэж холбогдох байгууллагад хүргүүлэх саналыг уламжилж буйгаа мэдэгдлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Төрийн байгуулалтын Байнгын хорооны  эрхлэх асуудлын хүрээнд 11 хуулийн 29 заалтыг  төрийн захиргааны төв 16 байгууллага дунджаар 44 хувьтай хэрэгжүүлсэн гэж байна гээд ямар үүрэг даалгавар өгөөд хэрэгжээгүй гэдгийг тодотгосон.

Тэрбээр хэрэгжих боломжгүй үүрэг даалгаврууд өгөөд байна уу, үүрэг даалгавруудыг үл хайхарч хэрэгжүүлэхгүй байна уу хэмээн лавлав.

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг батлуулах үйл явц өөрөө хуулийн хүрээнд явагдах ёстой. Үр нөлөөний судалгаа хийж, хэрэгцээг нь тодорхойлдог. Тэгээд зардлын тооцоо хийгээд холбогдох байгууллагуудаас санал аваад захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг баталдаг. Захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэхдээ хуулиас давсан заалтууд байгаа эсэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчил буй эсэхэд дүгнэлт өгдөг.

УИХ-аас баталж байгаа захиргааны актууд, Засгийн газраас баталж байгаа захиргааны актууд нэг мэдээллийн санд нэгтгэхгүй байгаа асуудалд бид үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Тийм учраас сая Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хяналт шинжилгээний үүрэг ирсэнтэй холбогдуулан захиргааны хэм хэмжээ тогтоож байгаа нийт актуудын системийг нь нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Хамгийн түрүүнд эдгээрийг нэгтгэх шаардлагатай байгаа. УИХ-ын Байнгын хороо тогтоолууд баталдаг. УИХ-аар, Байнгын хороогоор тогтоолын төсөл хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд санал гаргаад үр нөлөө, хэрэгцээ, зардлын тооцооллуудыг хийлгүйгээр тогтоолдоо заалт оруулан үүрэгжүүлчихээр Засгийн газар түүнийг нь хэрэгжүүлэхэд маш их бэрхшээл тулгардаг. УИХ-аас захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудыг батлахдаа хэрэгцээ, үр нөлөө, зардлын тооцоог давхар хийж байж эргээд дүгнэх бололцоотой болно гэсэн хариулт өгөв.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Тайланг харахад хэрэгжээгүй гэсэн дүгнэлтэд орсон асуудлын дийлэнх нь буюу 50-иас дээш хувь нь шалтгааныг нь тайлбарлаагүй байна. УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй ямар хариуцлага тооцох вэ. Хэрэгжүүлээгүйн улмаас хариуцлага тооцуулсан хаагч албан тушаалтан байна уу гэсэн асуулт тавьсан.

Эдийн засаг, хөгжлийн яамны ажлын хэсгийн гишүүд, Засгийн газраас Хөвсгөл, Архангай, Завхан аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцох арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Мөн гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал хөндөж тавьсан. Энэ удаагийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланд үндэслэн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгсний дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар болон Засаг даргын Тамгын газруудад 11 дүгээр сарын 1-ний дотор гэсэн хугацаатай үүрэг чиглэл өгсөн албан бичиг хүргүүлсэн. 11 дүгээр сарын 15-ны дотор тайлангаа ирүүлэх ёстой гэсэн хэмээн хариулав.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!