Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.11.04/ хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хуулийн төслийн талаар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсний нэг нь Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж ирлээ.
Одоогийн байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр тогтоолгон авах, нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлэх, зарим богино хугацааны тэтгэмж авах талаар харилцан тохиролцон, хэлэлцээрийг хэрэгжүүлж байна гэлээ.
Түүнчлэн, Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ), Бүгд Найрамдах Австри Улс, Австралийн Холбоотой Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр шинээр байгуулах, Оросын Холбооны Улстай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгөв.
Энэ хүрээнд БНКУ-тай 2018 оноос “Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг эхлүүлж, хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар, талууд Хэлэлцээрт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна.
Энэхүү хэлэлцээр нь нийгмийн даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ гэдгийг тодотгов.
“Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль” батлагдаж, хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн хамгааллын баталгаа нь сайжирна гэж үзэж буй аж.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд Хуулийн төсөл батлагдсанаар бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардагдахгүй гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл гишүүн асуулт асуув. Тэрбээр хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид монгол иргэд олноор ажилладаг ямар улстай энэ чиглэлийн гэрээ хэлэлцээр хийхээр ажиллаж буйг тодруулав. Тэрбээр Казахстан Улстай энэ хэлэлцээрийг байгуулснаар ямар давуу талууд бий болохыг мөн лавласан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, тус яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд нар одоогийн байдлаар Монгол Улс ОХУ, Австри, Австрали улсуудтай үе шаттай хэлэлцээр хийж байна гэсэн хариулт өгсөн. Австри Улстай өнгөрсөн хавар хэлэлцээрт гарын үсэг зурсан бол Австри Улстай хэлэлцээрийг үргэлжлүүлж буй аж. ОХУ-тай хийх хэлэлцээрийг хоёр тал тохиролцоод Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар яамдаас санал авч байна гэлээ. Казахстан Улсад 8000 гаруй монгол иргэн амьдарч буйн 3000 гаруй нь хөдөлмөрийн насныхан байгаа аж.
1998 онд Казакстан Улс бол бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжсэн бөгөөд 1998 оноос хойш Монгол Улсын иргэн шимтгэл төлсөн байвал Казахстан Улсаас тэтгэвэр авдаг болох нөхцөл бүрдэж байгаа гэсэн хариулт өгөв.
Эцэст нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
