ADMIN
02 сарын 21
02 / 21

2024 хүн амтай Хөвсгөл аймгийн Цагааннуур сум 11 архины дэлгүүртэй

2024 хүн амтай Хөвсгөл аймгийн Цагааннуур сум 11 архины дэлгүүртэй

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сард Хөвсгал аймагт ажилласан бөгөөд энэ үеэрээ тус аймгийн Цагааннуур сумын Засаг дарга Б.Цэрэн-Очир болон Зүүн тайгын цаатан иргэдтэй уулзаж, өнгөрсөн онд гарсан зөрчил, мэдээлэлтэй танилцан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, нийгмийн халамж хүртэх, хүүхдийн сурч боловсрох, газар эзэмших зэрэг эрхтэй холбоотой тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Тус сум нь 2024 хүн амтай бөгөөд газар нутгийнх нь 96 орчим хувь улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг. Үүнтэй холбоотойгоор нутаглах, отоглох бүсийг хязгаарлаж тогтоосны улмаас нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр болох цаа буга өсгөж, үржүүлэхэд бэрхшээл тулгараад зогсохгүй ундны цэвэр усны гүний худаг байхгүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангадаг байна. 

Түүнчлэн сумын Цагдаагийн хэсэг нь автомашингүй, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах төсөвгүй, онцгой байдал хариуцсан нэгжгүй, сумын төв дэх эмийн сан нь шаардлагатай эм, тарианы татан авалт хангалтгүй, ахмадууд хөнгөлөлттэй эм, тариа худалдан авах боломж хязгаарлагдмал байдаг байна. Гэсэн ч 2024 хүн амтай сумын хэмжээнд согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй 11 дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаа нь ахуйн хүрээнд архидан согтуурах, гэмт хэрэг үйлдэгдэх, согтууруулах ундааны хэрэглээний хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлдөг байж болзошгүйг Комисс урьдчилсан байдлаар дүгнэжээ. Иймд нутгийн удирдлага, иргэдийн зүгээс орон нутаг, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Нутгийн хөгжлийн сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх, цаатан иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжоор хангах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хураамж, торгууль, төлбөрийн тодорхой хувийг орон нутгийн хөгжилд зориулах зэргээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжиж, аялал жуучлал хөгжүүлэх боломжтойг Комисст илэрхийлсэн байна. Түүнчлэн ажлын хэсэг Комисст ирүүлсэн мэдээллийн мөрөөр Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд таслан зогсоох, арилгуулах зорилгоор хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар усанд орох, бие засах газар нь гадаа байрладаг тул эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, сургууль, сургуулийн дотуур байр, халуун усны газрын цахилгааны монтаж аюулгүйн норм стандарт зөрчсөн, цонх, хаалга цантсан, хана туурга мөөгөнцөртсөн, сургалтын өрөөнүүдийг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын ширээ, сандал хуучирч эвдэрч, гэмтсэн, гэрэлтүүлэг хангалтгүй, үдийн хоолны норм стандартад хүрдэггүй зэргээр сурагчдын сурч, боловсрох эрх ноцтой зөрчигдөж байгаа нь тогтоогдсон байна. Ажлын хэсэг дээрх хяналт шалгалтаас гадна Цагааннуур сум дахь төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа албан хаагч, иргэдэд шаардлагатай асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч, хүний эрхийн мэдлэг ойлголт олгох сургалтыг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин хамтран зохион байгуулжээ.