Тренд мэдээ

ADMIN
12 сарын 24
12 / 24

“Дижитал аймаг” концепцийг өргөн хүрээнд харах шаардлагатай

“Дижитал аймаг” концепцийг өргөн хүрээнд харах шаардлагатай

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Зүүн бүсийн аймгийн Засаг дарга нартай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар гэрээнд тусгасан ажлуудаа дүгнэх, аймгийн Засаг дарга нарын ажил хэрэгч саналыг авах, ямар чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулах тал дээр хэлэлцэв.

Улсын төсөв батлагдаж, Орон нутгийн төсөв яригдаж байгаа энэ үед Дархан-Уул, Өвөрхангай аймагт хэрэгжсэн “Цахим жишиг аймаг” төслөөс туршлага судалж, нэвтрүүлэх асуудлыг хөндлөө. Жишээлбэл, Дархан-Уул аймаг гэхэд биллингийн системийг нэвтрүүлж, ус, цахилгаан, байр, тог, СӨХ-ийн мөнгөө нэг аппликейшнээр төлдөг. Мөн усны ухаалаг тоолуур хэрэглэж, гар утаснаасаа мэдээллээ авч байна. Энэ мэт технологийн дэвшил ашигласан шийдлүүдийг орон нутагт нэвтрүүлэх боломжтой.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Орон нутгийн камержуулалт асуудалтай. Ялангуяа, камераа арчилдаггүй, хариуцах эзэнгүй байна. Тиймээс арчлалтын үйлчилгээг хариуцдаг эзэнтэй болох шаардлагатай. Энэ асуудлаар Засгийн газраас нэгдсэн стандарт боловсруулах үүрэг чиглэл өгсөн” хэмээн онцолж, тухайн асуудал дээр санал бодлыг нь сонслоо.

Хэнтий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн |ТЦҮХ| дарга Ц.Батжаргал “Аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр Хэнтий аймаг улсдаа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. 38 баг 3G, 21 баг 4G сүлжээнд холбогдож, 22,000 иргэн тоон гарын үсэг авсан. ХУРДАН-гийн 3 цэг аймагт байгаа бол 7 газар КИОСК байгуулж, shilen.gov.mn, huduu.mn, gov.mn мэдээллээ оруулах зэрэг ажлуудыг хийж байна” хэмээн танилцуулав.

Харин Сүхбаатар аймаг дахь ТЦҮХ-ийн дарга Ц.Энхчимэг хэлэхдээ “Аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр Сүхбаатар аймаг тавдугаарт эрэмбэлэгдсэн. Аймгийн 13 суманд ХУРДАН-г нэвтрүүлж, “Digital first” үйл ажиллагааг зохион байгуулж, өнгөрөгч 11-р сараас КИОСК байрлуулж, 192 иргэнд үйлчилгээ үзүүллээ” хэмээн ярилаа.

Дорнод аймаг дахь ТЦҮХ-ийн дарга Г.Мягмаржаргал “Аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр Дорнод аймаг 14-т эрэмбэлэгдсэн. 13 сум шилэн кабельтай холбогдож, 55.300 иргэн тоон гарын үсэг авахаас 33,200 авлаа. ХУРДАН цэгийг 2023 оны 3-р сараас нэвтрүүлж, нийт 17 цэг байгуулсан. Цахим ур чадвар төслийг хэрэгжүүлэхдээ орон нутгаас 34.8 сая, НҮБ-аас 103.5 сая төгрөгийн санхүүжилт хийсэн. Камержуулалтын хүрээнд 2024 онд 1 тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2025 онд 2 тэрбум төгрөгийг зарцуулна. Дорнод аймгийг “Ногоон бүс” болгохоор төлөвлөн ажиллаж байна” гэж онцлов. 

Цаашид төрийн цахим үйлчилгээний хэлтсүүд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай үйл ажиллагаагаа уялдуулан, төлөвлөгөө гаргаж, шинэчлэх шаардлага бий. Дэлхий нийтээр хотжих явц эрчимжиж, хотын эдийн засаг дэлхийн эдийн засгийг тодорхойлж байгаа энэ үед “Цахим аймаг” хөтөлбөрийг томоор харж, хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох нь чухал. Энэ тал дээр яамны зүгээс бодлого боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн төрийн бүх байгууллагуудын вэб сайтуудыг он гаргаад хаах учраас мэдээллээ www.gov.mn рүү бүрэн оруулж дуусгах шаардлагатай гэдгийг онцоллоо.