Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлуудыг хоёр долоо хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэн ажиллах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр /2026.05.18/ Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр “Бэлфил” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тарчисио Руффолийг хүлээн авч уулзлаа.
“Бэлфил” ХХК нь Бүгд Найрамдах Итали Улсын Ониверс группийн Фалконери брэндийн Монгол дахь салбар юм. Тус компани нь бүтээгдэхүүнийхээ түүхий эд самнасан ноолуурыг Монгол Улсаас бэлтгэн нийлүүлдэг бөгөөд манай улсын самнасан болон түүхий ноолуурын томоохон худалдан авагчдын нэг юм. Өдгөө дэлхийн 25 улсад цахим худалдаа эрхэлж, 206 салбартай тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр ажиллаж байна.

“Бэлфил” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тарчисио Руффолигийн зүгээс хөрөнгө оруулалтын орчинд тодорхой хүндрэлүүд байгааг дурдлаа. Тухайлбал,
- Самнасан ноолуурын экспортыг НӨАТ-аас чөлөөлөх бус 0 хувийн ангилалд хамруулж, экспортлогчдод төлсөн НӨАТ-аа буцаан авах эрх зүйн орчныг бүрдүүлэх,
- Тогтмол экспортлогчийн ангиллыг бий болгож, НӨАТ-ын буцаан олголтын процессыг хялбаршуулан, хугацаанд нь олгох зохицуулалт хийх,
- Дархан-Уул аймагт 2023 оны 4 дүгээр сард ноолуур боловсруулах үйлдвэр байгуулахаар 8 га газар худалдан авсан ч ашиглалт хийгдээгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах нөхцөл үүссэн талаар дурдав.
Түүнчлэн, түүхий эдийн нийлүүлэлтийн тогтворгүй байдлаас үүдэн 2023 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Явын булаг” хоршоотой 3 жилийн хугацаатай, нийт 120 тонн түүхий ноолуур нийлүүлэх гэрээ байгуулж, 284 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр олгосон боловч гэрээний дагуу нийлүүлэлт хийгдээгүй тохиолдол гарчээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг хуулийн хүрээнд судалж, шийдэл боловсруулах чиглэлд Засгийн газрын гишүүд тогтмол ажиллаж байгааг тодотгов. Түүнчлэн Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэх ажлын хүрээнд төрийн нэг цонхны бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч нарт таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна гэлээ. Тухайлбал, олон улсын жишгийн дагуу хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тогтвортой байдал, газар ашиглалтын эрх зүйн баталгааг хуулинд тодорхой болгохоор ажиллаж буйгаа онцоллоо. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд төрийн тогтворгүй бодлого, шийдвэрээс шалтгаалан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хохирсон асуудлыг дахин гаргахгүй байхад Засгийн газар онцгой анхааран ажиллаж байна гэв. Иймд хөрөнгө оруулагчдыг хамгаалах, харилцан ашигтай байх зарчмыг бүрдүүлэх нь чухал гэдгийг тодотголоо.
“Бэлфил” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тарчисио Руффоли шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтай идэвхтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр хурдтай ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Тэрээр Монгол Улсын экспортын чадавхыг нэмэгдүүлэх Засгийн газрын зорилтыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах сонирхолтой буйгаа онцолж байна.

Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
