Сургагч багшийн сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь төрийн албан хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн сургалтын чанар, үр өгөөжийг сайжруулах, сургагч багш нарын мэргэжлийн ур чадвар, арга зүйн чадамжийг бэхжүүлэх зорилгоор “Сургагч багшийн заах арга зүйн ур чадвар олгох” сургалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалтыг тавдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд оролцогчдын суралцах хэрэгцээ, насанд хүрэгчдийн суралцахуйн онцлог, сургалтын зорилго, хүлээгдэж буй үр дүнг дижитал хэрэглээ, хиймэл оюуны шийдэлтэй уялдуулсан цогц агуулгыг хүргэж байгаагаараа онцлог боллоо. Сургалтын эхний өдрийн хөтөлбөрт насанд хүрэгчдийн суралцахуй буюу андрогогийн онцлог, VARK загвар, суралцахуйн зорилго тодорхойлох, Bloom’s taxonomy-д суурилан хөтөлбөр боловсруулах, хичээлийг үр дүнтэй төгсгөх арга зүй, цахим хэрэглэгдэхүүн боловсруулах, AI хэрэгслийг сургалтад ашиглах зэрэг сэдвүүдийг онол, дадлага хослуулан багтаасан. Энэхүү сургалтад оролцоонд суурилсан арга хэлбэрийг түлхүү ашигласан нь онцлогтой.
Тухайлбал, кейс, хэлэлцүүлэг, багийн ажил, практик дасгал, туршилт, тоглоом, AI-д суурилсан даалгавар зэрэг арга зүйгээр оролцогчдыг идэвхтэй суралцах орчинд ажиллуулж байна. Ингэснээр сургагч багш нар зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна оролцогчдыг чиглүүлэх, идэвхжүүлэх, хамтран суралцах үйл явцыг зохион байгуулах ур чадвараа хөгжүүлж байна. Мөн Mentimeter, Padlet, Kahoot, Quizizz зэрэг орчин үеийн дижитал хэрэгслийг сургалтад ашиглах практик дадлагыг тусгасан нь танхимын болон цахим сургалтыг илүү интерактив, сонирхолтой, үр дүнтэй зохион байгуулах боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Үүнээс гадна AI ашиглан кейс, асуулт, дасгал боловсруулах, prompt engineering-ийн суурь ойлголтыг эзэмшүүлэх агуулгыг багтаасан юм. “Сайн сургагч багш – амжилттай суралцахын түлхүүр” гэсэн агуулгад тулгуурлаж, багшийг зөвхөн мэдээлэл хүргэгч бус, харин суралцагчдыг идэвхжүүлэгч, чиглүүлэгч, суралцах үйл явцыг дэмжигч, хамтын орчин бүрдүүлэгч гол оролцогч гэж үзэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
