ОХУ орос хэлээ тулгаж, БНХАУ визгүй зорчих эрх шаардахад...

-Монголын төрөөс, Монголын улстөрчдөөс сэрэх, сэрдхийх нэг ч улстөрч олсонгүй-
Мөнхийн хөршийн зүй тогтолд гал сахиж, тооноо өргөн орших нь манай улсын хувь заяа. Хоёр их гүрний дунд орших энэ буйд нутаг ардчиллын алдаа оноогоор өнөөдөрт хүрсэн гэдэгт эргэлзэх гайхах хүчин зүйл олон ч өдрөөс өдөрт өмгөөлөн хамгаалах, цаг хором бүрт бодож сэрэх зүйл цөөнгүй. Гэсэн ч гадаад хүчин зүйлээс илүү дотоодын хэрүүл тэмцэл, улстөрчдийн зөрчил маргаан, ялах ялагдахын амин зуулга болсон улс төрийн эрх ашиг олны нүдийг хааж, чихийг таглах нь цөөнгүй боллоо. Үүний нэг сэдэв нь “ОХУ орос хэлээ тулгаж, БНХАУ визгүй зорчих эрх шаардахад Монголын төрөөс, Монголын улстөрчдөөс сэрэх, сэрдхийх нэг ч эрүүл ухаан олсонгүй” гэдэг өгүүлбэр. Бүх цаг хугацааны турш үндэсний хэлээ тулгаж, харилцан визтэй зорчих сонирхлыг удаа дараа илэрхийлж ирсэн гэдэг утгаар энэ сэдэв улиг бөгөөд чухаг бус санагдаж болох ч сэрэмж, сэрэмжлүүлэг гэдэг нэг удаагийн албан ёсны үг үйлдэл бүү хэл нэг удаагийн буухиа мэдээний ард ч хургах учиртай, ухах ёстой хүчин зүйл юм.
ДУМ орос хэлийг заавал үзэх хичээлд багтаахыг хүсэв
Хүсэв ч гэж цаад язгуураараа шаардсан л хэрэг болов уу. Энэ тухай өмнө нь хэд хэдэн удаа хөндөж байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр ОХУ болон Монголын парламентын гишүүдийн төлөөлөл Москва хотноо хуралдах үеэр дахин сануулсан байдаг. Тус улсын Төрийн Думын орлогч дарга, хамтын ажиллагааны Комиссын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев уулзалтын үеэр “Улаанбаатар төмөр замын хөрөнгө оруулалт, Эгийн голын усан цахилгаан станцын асуудалтай хамтатган “Бид Монгол руу 300 сурах бичиг илгээсэн. Орос хэлийг түгээн дэлгэрүүлэхийн тулд 7-8-р ангийнханд орос хэлийг заавал үзэх хичээл болгох нь чухал байна. Та бүхэнд үүнд дэмжлэг үзүүлнэ үү” хэмээн хоёр орны парламентын гишүүдийн хамтарсан хуралдаанд өгүүлсэн нь жирийн нэг хүсэлт биш. Хэдий орос хэл социализмын он жилүүдэд Монголын олон мянган сэхээтнийг дэлхий ертөнцийн эх захтай танилцаж, эрдэм мэдлэг хуримтлуулах эх үндэс болсон ч ардчилсан улс оронд, тэр тусмаа парламентын гишүүдэд “Орос хэлийг танай улс заавал судлах ёстой” гэж тулгах нь зүй зохистой хэм хэмжээ биш. Иймд энэ тухай сэдвийг улс төрийн дотоодын зөрчил, тэмцлийн цаагуур хумиж, үл тоож хаях ёсгүй юм. Тэр дундаа, ОХУ үүрэгдэхэд Монголд эсрэгцдэг улс төрийн төлөөлөл цөөнгүй болсон цагт шүү.
БНХАУ монголчуудыг 36 жил визгүй зорчиж буйг санууллаа
Тус улсын УТЗЗ-ийн ээлжит чуулган саяхан Бээжин хотноо болж, Хятад улсын ирэх таван жил буюу XV таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан. БНХАУаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань энэ талаар хоёр орны сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ тэр бүр хөндөгдөөд байдаггүй нэгэн онцлох сэдвийг хөндсөн нь визний асуудал байлаа. Манай улсын иргэдийн хувьд тус улс руу ардчилсан нийгэмд шилжихтэйгээ зэрэгцэн буюу өнгөрсөн 36 жилийн турш визгүй зорчиж байгаа. Энэ хэрээр хоёр орны худалдаа эргэлт 18 тэрбум ам.долларт хүрч, жилд давхардсан тоогоор 2.2 сая орчим иргэн БНХАУ-ыг зорьдог болсон байна. Харин БНХАУ-ын иргэдийн хувьд манай улсад бусад улс орны нэгэн адил визтэй зорчдог бөгөөд 2024 онд Засгийн газраас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 10 хоногийн визгүй аяллын эрх олгосон нь богино хугацааны нээлттэй хаалганы бодлого байсан. Үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тухайд орон нутгийн иргэдийн зүгээс удаа дараа хүсэлтээ гаргаж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг Дорноговь аймагт ажиллах үеэр ч хэд хэд сануулсан ч төрийн бодлого хэрхэх ёстойг урьдчилж ярих нь илүүц юм. Харин БНХАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуанийн хувьд “Энэ жил Хятадын тал Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг зохион байгуулж, Монголын тал мөн Хятадын иргэд харилцан визгүй зорчих боломжийг олгож, Монголд ирж аялахад илүү хялбар болох нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн найдаж байна” гэсэн нь өөрийн орны иргэдийг визгүй болгохоос илүүтэй манай талыг визтэй болгох шахалт байхыг үгүйсгэх аргагүй.
Мэдээж БНХАУ болон ОХУ-ын өөрийнх нь эрх ашиг, ашиг сонирхол талаас тэдний байр суурь зөв. Харин манай улсын хувьд... Олон улс тэр дундаа хөрш орны харилцаа эмзэг ч УИХ-ын 126 гишүүн дотор, сөрөг хүчин болон эрх баригч нам дотор “ОХУ-ын төрийн Думын гишүүд Монголын сургуульд ямар хэл заахыг заахгүй”, “БНХАУ-ын тэрбум хүнийг Монгол Улсын гурван сая иргэнтэй харьцуулахгүй” хэмээн хашгирах ганцын зэрэг ч болов дуу хоолой байх ёстой. Атал ганц улстөрч, ганц бодлого тодорхойлогч дуу гаргасангүй. Орос хэлээ больё гэхэд үгүй ядаж визний асуудлыг аялал жуулчлалын бодлоготой хэрхэн хослуулах тухай санал санаачлага ч яригдаж байгаа юм алга. Ерөөсөө дотоодын хэрүүл тэмцэлдээ дөрлүүлсэн Монголын төрд хоточ нохой хуцаж байгааг ч анзаарах сөхөө алга. Ер нь тэдэнд, эх орноо гэх сигнал бий юу...
Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
