...
...
Logo
Улс төр
Sainjargal
3-р сар 18

Дөрвөн жил дуншсан Монголын Либертари нам ТООНОО ӨРГӨЛӨӨ

Дөрвөн жил дуншсан Монголын Либертари нам ТООНОО ӨРГӨЛӨӨ

Монголд 36 нам үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ эдгээр улс төрийн намын ердөө арав хүрэхгүй хувь нь үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үлдсэн намууд нь зөвхөн УИХ болон орон нутгийн сонгуульд МАН, АН гэсэн хоёр гол намыг бараадан гар барих, төр барихад туслан гүйцэтгэгчийн хувиар дагаар орсон байдаг. Мөн Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2026 онд МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН, Шинэ нам болон Монголын уламжлалын нэгдсэн нам, Үнэн ба Зөв нам нийлээд 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авах эрх олгогдсон. Энэ нь УИХ-ын сонгуульд авсан иргэдийн саналтай дүйцүүлэн олгох санхүүгийн дэмжлэг бөгөөд улс төрийн намуудыг авлига, хээл хахуулаас зайлсхийх, үйл ажиллагааг тунгалагшуулах зорилготой. Гэхдээ хуульд хараар бичсэн энэ зорилго улс төрийн намын цагаан замыг ивэх эсэх нь эргэлзээтэй бөгөөд гуравдугаар сарын 16-ний өдөр Улсын дээд шүүх Монголын либертари намыг албан ёсоор бүртгэсэн нь 37 дахь намын тооныг өргөж, хаалгыг нээх боломжийг олгосон улс төрийн шинэ үйл явдал байлаа.

Тус намын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд удаа дараа Улсын дээд шүүхэд хүсэлтээ өгсөн ч бүдэрч унасаар өнөөдөрт хүрсэн. Учир шалтгааныг бичиг баримт дутуу, үзэл баримтлалын боловсруулалт дутуу зэргээр тайлбарлаж ирсэн Улсын Дээд шүүхийн шийдвэр Монголын Либертари намын үүсгэн байгуулагчдын хувьд амаргүй даваа байсан нь ойлгомжтой. Гэхдээ тус намын талаар юун түрүүнд онцлох нэг зүйл буюу Улсын Дээд шүүх бүртгэхгүй удаасан ч улс орны хэмжээнд олонд танигдаж, үйл ажиллагаа болон улс төрийн үзэл баримтлалын хувьд хэдийнэ танил болсон гэдгийг онцлох хэрэгтэй. Мөн тус намын үүсгэн байгуулагч Д.Амартүвшин комедиан төдийгүй Монгол дахь либертари үзлийн иш үндсийг дэлгэрүүлж, үзэл санаа талаасаа түгэн дэлгэрүүлийн төлөө сүүлийн 20 гаруй жилийн турш үг яриа болон бүтээн туурвисан ном бүтээлээрээ олны танил, нийгмийн зүтгэлтэн болсон гэдгийг тодотгоё.

Намыг нь Улсын Дээд шүүхэд бүртгэхгүй болохтой зэрэгцэн Ардчилсан намын жагсаалтын 29-д эрэмбэлэгдэн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн түүний хувьд цаашид үүсгэн байгуулагчийн хувиар намынхаа үйл ажиллагаанд оролцох бол хамтран зүтгэгч Э.Оргил-Эрдэнэ нь Монголын либертари намын даргаар ажиллах аж. Харин либертари үзэл санааны хувьд “Бусдын оршихуйд халдахгүй бол бүхнийг зөвшөөрч, хувь хүний эрх ашиг, эрх чөлөөг эрхэмлэнэ дээдэлнэ” гэсэн тод утгыг илэрхийлэхийн дээр баруун төвийн үзлийн нэг тулгуур хэмээн тайлбарлаж болно.

Улсын Дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан Д.Амартүвшин сошиал хуудаснаа “Монгод Либертари нам албан ёсоор байгуулагдаж, Дээд шүүхэд бүртгэгдлээ. Дөрвөн жил уйгагүй үзлээ” хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн гишүүнчлэлийн хувьд 1990-2000 оны залуус үнэмлэхүй хувийг эзэлдэг нь нэн шинэ үеийнхний улс төрийн арга барил, соёл, төлөвшлийг нээн таниулах их үүрэг хариуцлага болохыг эцэст нь тодотгоё. Мөн ардчилсан Монгол Улсад хөдөлбөргүй тунхагласан либертари үзэлтэй нам дөрвөн жил дуншиж, эцсийн бүлэгт ТООНОО ӨРГӨСӨН энэ үйл явдал шинэ цонхны салхи байна хэмээн найдаж буйгаа уламжлая. Улс төрийн тамгатай эрх мэдлийн тулаанд тавтай морил. Бүрэн танигдах цаг хугацааны товчлуур ийн дарагдлаа, амжилт хүсье.

Г.ОТГОНЖАРГАЛ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!