Улс төр

ADMIN
05 сарын 25
05 / 25

"НИККЕЙ ФОРУМ"-аас онцолсон УИХ-ын дарга Г.Занданшатарын илтгэлийн 15 ишлэл

"НИККЕЙ ФОРУМ"-аас онцолсон УИХ-ын дарга Г.Занданшатарын илтгэлийн 15 ишлэл

Япон Улсын Токио хотноо “Азийн ирээдүй” 29 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт болж байна.

Азийн улс орнуудын хөгжил, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг уг форумд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, ардчиллын хөгжлийн үйл явц, Ази, Номхон далайн бүс нутгийн түвшинд явуулж буй гадаад бодлого болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад манай улсын оруулах хувь нэмрийн талаар илтгэл тавьсан байна.

Түүний тавьсан илтгэлийг Японы “Никкей” хэвлэлийн газраас тус форумын онцлох илтгэлийн нэгээр тодруулжээ. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатарын Токио хотноо энэ сарын 23-нд тавьсан илтгэлээс онцлох 15 ишлэлийг товчлон хүргэе.

1.    Монгол Улсын Их Хурал өнгөрсөн зургаан жилийн хугацаанд авлигыг таслан зогсоох, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хяналт-тэнцлийн зарчмыг хангах, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын болон эрх зүйн томоохон шинэчлэл хийх үндсийг тавьсан.

2.    Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх нь манай парламентын тэргүүлэх чиглэл юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид 3D-Парламент буюу Ардчилсан (Democratic), Цахим (Digital), Зөвлөлдөх (Deliberative) парламентын тогтолцоог бий болголоо.

3.    2017 онд батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд нийцүүлэн өнгөрсөн 7 жилийн хугацаанд зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд хоёр удаа зохион байгууллаа. Зөвлөлдөх санал асуулгын дүнд Монгол Улсын Үндсэн хуульд чухал нэмэлт, өөрчлөлт оруулах замыг тавьж өгсөн. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр парламентын ардчиллыг бэхжүүлж, парламент дахь төлөөллийг нэмэгдүүлж, улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдлыг хангасан.

4.    Хууль тогтоох байгууллагын хувиар зөвлөлдөх ардчиллыг төлөвшүүлэх, иргэний эрх чөлөөг хамгаалах, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь бидний эрхэм үүрэг юм.

5.    Өнөөдөр бид бүгд геополитикийн хурцадмал байдал, их гүрнүүдийн байр суурийн зөрүү урт хугацааны сорилтууд дагуулж байгааг харж байна. Эдгээр сорилтуудыг сөрж, Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, хөгжлөө дэмжихээр “энх тайвныг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, тэнцвэртэй” гадаад бодлогыг тууштай баримталж байна.

6.    Орос, Хятадтай тэнцвэртэй харилцахын зэрэгцээ бусад оронтой нягт хамтран ажиллах нь Монгол Улсын хувьд заримдаа сорилт болдог хэдий ч, шинэ зүйл биш юм. “Гуравдагч хөрш”-ийн бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашигтай холбоотой асуудалд хоёр хөршийнхөө нөлөөг ашигтайгаар ашиглах боломжийг олгож, дипломат шугамаар зохицуулах эрх чөлөөг олгодог.

7.    “Гуравдагч хөрш”-ийн бодлого бол зөвхөн улс төрийн бодлого биш, эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх боломжийг олгодог бодлого юм. Манай улсын “гуравдагч хөрш”-үүд худалдаа, эрчим хүч, хүнсний хараат байдлыг тэнцвэржүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд Монгол Улс хоёр хөрштэйгөө агаарын, авто зам, төмөр замын сүлжээгээ хөгжүүлж, ингэснээрээ гуравдагч хөршүүдтэйгээ холбогдох боломжийг нэмэгдүүлэх сонирхолтой. Тийм транзит коридортой бол Монгол Улс Европ, Азийг холбосон хамгийн дөт замыг санал болгох юм.

8.    Монгол Улс бүс нутгийн тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”, “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г жил бүр зохион байгуулдаг. Эдгээр платформууд нь бүс нутгийн улс орон хооронд харилцан яриа өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх арга зам болж байна. Монгол Улс ардчиллын замнал залуу улс хэдий боловч хуваалцах туршлага бидэнд бий. Бид 2024 оны 6-р сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатарын яриа хэлэлцээ 9-р хуралдааныг зохион байгуулах гэж байна.

9.    Монгол Улс эцсийн дүндээ бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байгаа билээ. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны 11 ажиллагаанд Монголын 20 мянга гаруй энхийг сахиулагч дэлхий дахинаа үүрэг гүйцэтгэсэн. Одоогоор бид НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулсан орнуудын 18-р байранд жагсаж байна. Зүүн хойд болон Төв Азийн бүс нутаг дундаа бид энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн тоогоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дараа орж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих хамтарсан сургуулилтад 67 орны 18 мянга гаруй цэргийн албан хаагч оролцож байна.

10. Эмэгтэйчүүдийн манлайлал нь амьдралын бүхий л салбарт эерэг нөлөө үзүүлсээр байна. Тиймээс эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх, тэднийг удирдах албан тушаалд дэмжин дэвшүүлэх нь дэлхий дахинаа залуу эмэгтэй, охид бүсгүйчүүдийн нийгэм дэх үр нөлөөт оролцоо, манлайлалд чухал ач холбогдолтой юм. Монгол Улс “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”-ыг 8 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус форум нь эмэгтэйчүүдийг чадавхижуулах, жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт, Тогтвортой Хөгжлийн Зорилтын хэрэгжилтийн талаар бүтээлч яриа хэлэлцээ хийх боломжийг олгоно. Япон Улсаас болон дэлхийн бусад улс орнуудын өндөр түвшний оролцоог бид тэсэн ядан хүлээж байна.

11. Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 22,7 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Бид чулуужсан түлшнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжихэд шударга, хүртээмжтэй байдлаар хичээн ажиллаж байна. Монгол Улс ашигт малтмалаар баялаг төдийгүй сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр баялаг. Бүс нутгийн улс орнуудад тус улсын санал болгож буй сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцийг ашиглах маш сайн боломж бий. Тухайлбал, говь цөл нь нарны болон салхины эрчим хүчний хамгийн өндөр нөөцтэй, 260 гаруй хоногийн нарны гэрэл, хүчтэй салхины коридортой гэдгээрээ давуу талтай.

12.         Манай гэр болох Энэтхэг-Номхон далайн бүс нутаг нь дэлхийн хүн ам, эдийн засгийн гуравны хоер орчим хувийг эзэлдэг. Монгол Улс Энэтхэг-Номхон далайн бүс нутаг чөлөөтэй, нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд эдийн засгийн төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалт, туршлага солилцох чиглэлээр улс орнуудтай харилцах сонирхолтой байна. Монгол Улс өөрийн худалдаа, эдийн засгийн ашиг сонирхолд нийцсэн бүс нутгийн интеграцийн бүхий л үйл явц, санаачлагыг дэмжин ажилладаг. Үүнтэй холбогдуулан Монгол Улс тив даяар тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих бүс нутгийн интеграцийг бүх улс үндэстэн эдийн засгийн өсөлтийг хангахуйц хамтын хүчин чармайлтаар дэмжинэ.

13. Цаашдын хамтын ажиллагааны боломж, хэтийн төлөвийн хувьд би Финтек зэрэг хэд хэдэн салбарыг онцолж хэлмээр байна. Монгол Улсын санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ тэр дундаа ухаалаг утасны аппликейшн нь зарим талаараа бусад өндөр хөгжилтэй орнуудаас илүү дэвшилттэй байдаг. Монголын Финтек стартапууд Японы худалдааны компаниудын анхаарлыг татаж, хөрөнгө оруулалтаа хэдийнэ хийж эхэлснийг тэмдэглэхэд таатай байна. Монголын зах зээлд технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг турших нь маш үр дүнтэй, хүн ам цөөтэй учир богино хугацаанд аливаа үйлчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлэх боломжтой. Зөвхөн Япон төдийгүй Сингапур болон Азийн бусад орны залуу бизнес эрхлэгчид Монголын технологийн салбарыг анхааралтай ажиглаж байна.

14. Япон Улстай хамтран хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчний төслүүд ч манайд стратегийн ач холбогдолтой. Ийм төслүүд амжилттай хэрэгжсэнээр Японы хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дагахад түлхэц болох нь дамжиггүй.

15. Монгол Улс улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт гүнзгийрүүлэн, хүмүүсийн солилцоог идэвхжүүлж, дэлхийн бүх улс оронтой олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж байгааг дахин хэлмээр байна. Энэ нь бүс нутгийн санаачилга, олон улсын хүчин чармайлтаар энх тайван, аюулгүй байдал, хууль дээдлэх, хөгжлийг дэмжихэд өөрийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх болно.