УЛААНБААТАР

ADMIN
03 сарын 04
03 / 04

Хотын дарга дүүжин тээврийн замын нөлөөлөлд өртсөн аж ахуйн нэгжтэй уулзлаа

Хотын дарга дүүжин тээврийн замын нөлөөлөлд өртсөн аж ахуйн нэгжтэй уулзлаа

Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Эхний шугамыг 6-8 сарын хугацаанд барьж дуусах бөгөөд хагас жилийн хугацаанд туршилтаар явуулж байж иргэдэд үйлчлэх юм. Ингэснээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно.

Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ аль болох нийтийн эзэмшлийн зам, талбайг сонгосон бөгөөд замын нөлөөлөлд “Улаанбаатар БҮК” ХК-ийн газар өртөж буй. Тодруулбал, тус компанийн газарт дүүжин тээвэр явах цамхаг байрлуулах шаардлагатай байгаа тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд холбогдох албаныхан төслийн талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төсөл хөтөлбөрийн албаны дарга бөгөөд төслийн ерөнхий менежер Б.Эрдэнэсайхан:

-Дүүжин тээвэр ашиглалтад орсноор 50-60 автобус явах чиглэлийг нэг шугам л орлоно. Жилийн дөрвөн улирал ашиглах боломжтой. Дуу чимээний бохирдол үүсгэхгүй, эко нийтийн тээвэр гэдгээрээ онцлогтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй. Нэг бүхээгт 10 орчим хүн багтана. Төслийн хүрээнд 15 шинэ стандартыг батлуулж байна гэлээ.

“Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлд тулгамдаж байгаа асуудал олон бий. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн зүгээс хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байгаа. Дүүжин тээврийн төсөл хэрэгжсэнээр хувийн автомашинаар зорчих хөдөлгөөн буурч, түгжрэлд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна. Мөн Эрчим хүчний гудамжны замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил эхэлж байна. Яармагийн шинэ гүүр зургаадугаар сард ашиглалтад орно” гэлээ.

Түүнчлэн “Улаанбаатар БҮК” ХК-ийн газарт цамхаг байрлуулахыг зөвшөөрвөл жил бүр газрын төлбөрийн 50 хувийг чөлөөлж, шаардлагатай тохиолдолд өөр байршилд газар хүсэх боломжтой гэдэг санал тавьж, хамтран ажиллахыг хүссэн юм.

“Улаанбаатар БҮК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Хотын дарга ирж, санал тавьж байгаад талархал илэрхийлж, төрийн байгууллагатай улсаа хөгжүүлэхэд хамтран ажиллахаар зорьж байгаагаа хэлж байлаа. Түүнчлэн хүчин чадлаараа Монголд хамгийн томд тооцогдох үйлдвэр бөгөөд өндөр хүчин чадал бүхий зургаан цехтэй гэдгээ тодотгож байв. Тэд мөн дүүжин тээврийн цамхаг тавьсны дараагаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсэх вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байлаа. Хотын дарга үйлдвэрлэл эрхлэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Шаардлагатай бол Засгийн газрын тогтоол гаргах эрх зүйн үндэслэл бий гэдгийг хэллээ.

“Улаанбаатар БҮК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, Хотын даргын тавьсан саналыг судалж, бичгээр хариу өгөхөөр болов.