ВИДЕО мэдээ

ADMIN
08 сарын 21
08 / 21

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫГ ДИЖИТАЛ ХЭЛБЭРЭЭР ТҮГЭЭНЭ

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫГ ДИЖИТАЛ ХЭЛБЭРЭЭР ТҮГЭЭНЭ

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)- ын Дэд Ерөнхийлөгч Ли Юн Ён, Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан болон бусад албаны төлөөлөгчдийг (2024.08.21) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монгол төрийн түүхийн музей болох Чингис хаан Үндэсний музейн талаар танилцуулаад, БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар анх удаа МУ-ын соёлын салбар тэр дундаа музейн салбарт соёлын томоохон төсөл хэрэгжихэд дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Манай музейд ирэх жил хэрэгжиж эхлэх музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүн, ач холбогдол нэн их юм. Анх удаа музейн салбарт мэргэжилтэн бэлдэх гэж байна, цаашлаад бүс нутагт нутгийн хэмжээнд мэргэжилтэн бэлтгэх боломж бүрдэж харж байна” хэмээн онцлов.

Монгол Улсад анх удаа КОЙКА-ийн Дэд Ерөнхийлөгчийн хувиар ирж, монголын түүх соёлыг харуулсан орчин үеийн томоохон бүтээн байгуулалттай музейд зочилж, хүндэтгэн хүлээн авч уулзсанд талархаж байна. Хоёр орны хувьд олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай монголын түүх, соёлыг дижитал хэлбэрээр түгээхэд үр дүнгээ өгсөн хүртээмж өндөр төсөл болоосой гэж хүсч байна. Энэ төсөл хэрэгжсэнээр хоёр улс бие биенээ ойлгоход илүү ойртож, тайлбарт солонгос хэлийг оруулж өгөхийг хүслээ. Энэхүү төслөөр дамжуулан монголын түүх, соёлыг харуулсан олон олон контент бэлтгэн гаргана гэдэгт итгэж байна гэлээ.

БНСУ-ын КОЙКА-ийн буцалтгүй тусламжаар Чингис хаан Үндэсний музейд 2025-2028 онуудад “Музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл” ирэх жилээс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Энэхүү төслөөр дамжуулан музейн ажилтнуудын чадавхыг сайжруулах, дижитал контент бүхий үзэсгэлэнгээр аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон нийтэд түүх, соёлын боловсрол олгох боломжийг нэмэгдүүлэх, соёлын өвийн баримтжуулалт дата сангийн суурийг тавих юм.

Дашрамд мэдээлэхэд, БНСУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА нь дэлхийн 44 улсад төлөөлөгчийн газартай бөгөөд, салбар бүрт төсөл хөтөлбөр хэрэгжүүүлдэг. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсад 1991 онд төлөөлөгчийн газраа нээж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна.