ВИДЕО мэдээ

ADMIN
08 сарын 19
08 / 19

"Ази, Номхон далайн бүс дэх эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь" сэдвийн дор ICAPP-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан эхэллээ

"Ази, Номхон далайн бүс дэх эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь" сэдвийн дор ICAPP-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан эхэллээ

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан Улаанбаатарт өнөөдөр эхэллээ. БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал (ICAPP)-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэнээрээ онцлогтой юм.

Манай улсаас хамгийн анх Монгол Ардын Нам 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ хүрээнд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдааныг Улаанбаатарт зохион байгуулж байна. Энэ удаагийн хуралдаанд Азийн 15 улсын 20 гаруй улс төрийн намын эмэгтэй гишүүдийн 40 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Мөн энэхүү хуралдаанд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Х.Алтай, Технологи, цахим шилжилтийн хэлтсийн дарга Н.Жавхлан, Гадаад харилцааны хэлтсийн дарга, ICAPP-ын Удирдах зөвлөлийн гишүүн  М.Цэлмүүн нарын төлөөлөл оролцож байна. Мөн УИХ болоод Засгийн газрын гишүүд, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд оролцож байгаа юм.

Хуралдааныг Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүн, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Номин нээж үг хэллээ. 

Тэрбээр энэ жил Монголын тухайд парламентын сонгуульт жил тохиож парламентын 126 гишүүний 32 нь эмэгтэй гишүүн сонгогдож олон намын төлөөллийг хангаж, олон ургалч үзлээр хяналттай парламентыг бүрдүүлэхийг зорьж, эмэгтэйчүүдийн төлөөлөл ч олон улсын дундаж түвшинд хүрч, Азидаа тэргүүлсэн парламент бүрдсэн гэдгийг онцлов.

Мөн Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны дарга, БНСУ-ын Гадаад харилцааны сайд асан ноён Чүн И-Ёнг үг хэллээ. Тэрбээр Монгол Улс нь ICAPP-ын хурлыг зохион байгуулахад тохиромжтой орон бөгөөд Монгол Ардын Нам ч үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож олон намын тогтолцоог бүрдүүлэхэд дуу хоолойгоо хүргэж хамтарсан Засгийн газрыг байгуулсныг онцлов.