ADMIN
02 сарын 28
02 / 28

“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаяр, Б.Жаргалсайхан нарын шүүхээр тогтоогдсон авлигын баримтууд ...

“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаяр, Б.Жаргалсайхан нарын шүүхээр тогтоогдсон авлигын баримтууд ...

“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаяр, Б.Жаргалсайхан нарын шүүхээр тогтоогдсон авлигын баримтууд ...

Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга, эл ХХК-ийн захирал П.Энхтүвшин, “Аглаг хангайн уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрах, иргэн Б.Пунцагбалжир нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Дундговь аймгийн нутаг дахь Салхитын мөнгөний ордод хөрс хуулах, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа нэр дурдсан хоёр ХХК-ийн удирдлагаас нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон төрийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалтнуудад шүүх 27 сая төгрөгөөр торгох ял шийтгэчхээд байгаа. Тодруулбал, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн захирал П.Энхтүвшингээс Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Цома” оффисын гадна 192, Хан-Уул дүүрэгт байрладаг “Империал хаус” хотхоны гадна 158 сая гэх байдлаар нийт 1.4 тэрбум төгрөгийн хахууль авсан байдаг. “Аглаг хангайн уулс” ХХК-ийн захирал Т.Бүрэнбадрахаас 1.1 тэрбум гаруй төгрөгийн хахууль нэхэж авсан хэрэгт буруутгагдсан билээ.

Эл хээл хахуулийн хэргийг гардан зохион байгуулж оролцсон хэмээн шүүх, прокурорын шатанд дүгнэсэн хүн бол төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан. Түүнийг хахууль авах, мөнгө угаах хэргийг зохион байгуулж, хамтрагчаар оролцсон хэмээн яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд тодотгосон юм. Тэрбээр хахуулийн мөнгөнөөсөө усан завь авсныг олон нийтийн сүлжээнд хэд хоног онцлов. Хэрхэн хахууль авч, мөнгө угаасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/1121 шийтгэх тогтоолоос эш татан хүргэе.

Б.Жаргалсайхан нь “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга болон иргэн Б.Пунцагбалжир нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн тус компанийн гүйцэтгэх захирал П.Энхтүвшингээс 2020 оны зургаадугаар сарын 4-өөс 2021 оны нэгдүгээр сарын 21-ний хооронд 1 455 603 225 (нэг тэрбум 455 сая 603 мянга 225), “Аглаг хангайн уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрахаас 2020 оны тавдугаар сарын 19-нөөс 2021 оны хоёрдугаар сарын 10-ны хооронд 1 257 000 000 (нэг тэрбум 257 сая) төгрөгийг хахуульд авсан. Уг мөнгөнөөс 458 саяыг нь ашигласан аж. 2.5 тэрбум гаруй төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлахын тулд “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяраас эхнэрийнх нь 96-95 У... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 260 саяар худалдан авч, 2020 онд Б.Баттулгын, 2021 онд “Хотол даян” ХХК-ийн нэр дээр шилжүүлээд, эцэст нь иргэн О.А-т 250 сая төгрөгөөр борлуулсан байна. Эл “Лексус-570” загварын автомашин нь өдгөө 0070 ... дугаартай, Өмнөговь аймгийн иргэний нэр дээр буй юм. Үүнээс гадна “Ланд круйзер-200” тээврийн хэрэгслийг 155 саяар авч, иргэн Ж.Г-ын нэр дээр шилжүүлсэн гэнэ.

Б.Жаргалсайхан, Б.Баттулга нар нэг нутаг усных буюу Хөвсгөлийнхөн. “Эрдэнэс силвер ресурс” компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал эр Б.Баттулгаар дамжуулан М.О гэх хүний Хаан банкны данс руу удаа дараа гүйлгээ хийлгэж, нийт 58 сая төгрөг өгч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд “Ашихай-4” нэртэй, В901 загварын, М51ХӨ улсын дугаартай усан тээврийн хэрэгсэл буюу моторт завь худалдан авчээ. Эдгээр үйлдлээс гадна Б.Баттулгын эзэмшлийн “Хотол даян” ХХК-ийн дансаар нийт 140 сая төгрөг шилжүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэтэд орон сууц худалдан авсан аж. Б.Жаргалсайханд холбогдох мөнгө угаасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, зөвхөн хахууль авсан хэрэгт нь 27 сая төгрөгөөр торгох ял шийтгээд буй.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяраас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.3 тэрбум гаруй, Б.Жаргалсайханаас 993.3 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор болсон.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-9-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үйл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно” гэж заасныг үндэслэн Б.Жаргалсайханаас мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан хөрөнгө болох “Ланд круйзер-200” загварын автомашиныг 155, “Ашихай-4” нэртэй В901 загварын М51ХӨ улсын дугаартай усан завийг 58, Эрдэнэтэд худалдан авсан орон сууцыг нь 140 сая төгрөгт дүйцүүлэн хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.

Г.РАВЖАА