Улс төр

ADMIN
07 сарын 02
07 / 02

СДМЗХ /НАМЗХ/-ны Ерөнхийлөгчөөр Н.Учралын оронд Б.Пүрэвдагвыг сонгож ажиллуулна

СДМЗХ /НАМЗХ/-ны Ерөнхийлөгчөөр Н.Учралын оронд Б.Пүрэвдагвыг сонгож ажиллуулна

МАН сонгуулийн дараах томилгоодоо хийж буй. Одоогоор УИХ-ын даргаа томилсон байгаа бол үргэлжлүүлэн шинэ Засгийн газраа байгуулах, сайд нарыг томилох, УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг томилох зэрэг асуудлууд шийдэгдэнэ. Тэгвэл эдгээр томилгоодтой зэрэгцэн МАН доторх хамгийн хүчтэй байгууллага болох Социал демократ Монголын Залуучуудын холбоо /хуучнаар НАМЗХ/-ны Ерөнхийлөгчийн асуудал яригдах аж.

Одоогоор тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал ажиллаж байгаа ба сонгууль дуустал тэрбээр удирдсан юм. Түүнээс гадна Н.Учрал сайдыг ЗГХЭГ-ын даргаар томилох асуудал яригдаж буй тул МАН-д СДМЗХ-ны Ерөнхийлөгчийг солих даалгавар бий болж байна гэсэн үг. Тиймээс тус холбооны хурлыг МАН-ын бага хурлын дараа шуурхайлан хийж, шинэ тэргүүнийг сонгох аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар СДМЗХ-ны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдох хүмүүсийн нэрс яригдаж буй ч тэдний дундаас хамгийн өндөр магадлалтай нь МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, СДМЗХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Пүрэвдагва аж. Ийнхүү МАН доторх байгууллагуудын хамгийн хүчтэй холбоодын нэг болох залуучуудын холбоог Б.Пүрэвдагвад өгөх нь.