...
...
Logo
нийтлэл
Sainjargal
9-р сар 01

В.В.Путинд, Х.Баттулгад, Ц.Элбэгдоржид итгэсэн С.Баярын АЛДААНУУД...

В.В.Путинд, Х.Баттулгад, Ц.Элбэгдоржид итгэсэн С.Баярын АЛДААНУУД...

2019 онЕрөнхий сайд асан С.Баяр ном бичжээ. Тухайн үедээ л дуулиан шуугиан. Бичлэгийн өнгө аяс, зарим нэг улстөрчийн тухай үл эвлэрэх бодол санаа нь магтагсадын хувьд гайхам сайхан. Ертөнцөд Ерөнхий сайд асан С.Баяр гэж хүн бараг л ганцаараа гэрэлтэж буй мэт... 

2026 онЕрөнхий сайд асан С.Баяр “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” номоо шинэчлэн бичиж гурван боть болгон хэвлүүлэвБорлуулалтаараа тэргүүлсэн ч дуулиан шуугиан дагуулсангүй. “Ер нь уншсан” гэсэн ерөнхий үг хэд хэд сонссон ч “Шинэ зүйл бичиж үү” гэдэгт төдийлөн тодорхой хариулт олсонгүй. Уг нь Монгол Улсын Засгийн газрыг хоёр удаа дараалан тэргүүлсэн жил есөн сарын хугацаандаа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Тавантолгойн нүүрсний ордын олборлолтыг гацаанаас гарган, М-Си-Эс группт “Ухаа худаг”-ийг лицензийн нөхөн олговорт өгч, “Атрын III” аяныг үр дүнтэй эхлүүлсэн ч долдугаар сарын 1-ний хар өдрийн гэм зэмд ээрэгдээд зогсохгүй улс төрийн их шуурган дунд эрх чөлөөгөө хасуулсан түүний намтар ном хувь улстөрчийн гэхээс монгол төрийн алдаа онооны ил тод товхимол. Түүж бус тогтож унших шалтгаан нь ерөөсөө энэ. Иймд зургаан жилийн өмнө хэвлүүлсэн “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” номноос нь хайгаад олоогүй нэг сэдвийн хариултыг онцгойлон нэхэх зорилгоор шинэ бүтээлийг нь эхлүүлэв. Түүнд тавих түмэн асуултаас хариулт нь шинэ байж болох онцлох сэдэв бол Ерөнхий сайд С.Баярын Засгийн газар Канадын “Хан ресурс” компанид олгосон ураны лицензийг үг дуугүй цуцалж, тэрхүү шийдвэрийнх нь улмаас олон улсын шүүх дээр Монгол Улс 70 сая ам.долларын нөхөн төлбөрт унах болсны учир зүй 

ОНЦЛОХ СЭДЭВ 1: В.В.Путинд итгэсэн С.Баярын итгэл хийгээд 70 сая ам.долларын ялагдал  

     Тохиолдлоор Ерөнхий сайд С.Баярыг 2008 оны зургадугаар сарын сүүлээр Мардайн орд газрын ерөнхий нөхцөл байдалтай танилцах үеэр Ашигт малтмалын ерөнхий газрынхантай тухайн бүсэд томилолттой ажиллаж таарсан юм. Хэдий тэрбээр Мардайн ордод байрлах “Хан ресурс”-ийн хээрийн байранд хоноглосон тухайгаа, обьектээс нь ОХУ-руу ниссэн талаараа нээлттэй бичээгүй ч Мардайгаас ОХУ-ын жилдээ хоёр сая тонн уран олборлон баяжуулж, цөмийн түлш үйлдвэрлэдэг Өвөр Байгалийн хязгаарын Краснокаменск хот дахь Аргууны уул-химийн нэгдэл рүү нисдэг тэргээр явснаа өгүүлсэн байв. Мөн 2007 оны хавар ОХУ-ын төрийн “Росатом” компанийн ерөнхий захирал С.В.Кириенко манайд ирэхдээ  Ерөнхийлөгч В.В.Путины 2000 оны айлчлалын үеэр байгуулсан хоёр улсын “Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг ажил хэрэг болгохыг хүссэн тухай, энэ талаар тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.А.Говорин удаа дараа тодорхой хариулт шамдуулж буйг дуулахтайгаа зэрэгцээд “Монгол-Орос-Япон гэсэн гурван талт хамтын ажиллагааг Мардайн орд газарт өрнүүлье” гэдэг гэнэтийн гэх үү, цочмог гэх үү хувь улстөрч, Ерөнхий сайдын санаа зорилгод хөтлөгдсөн гэдгээ өгүүлжээ. Энэ бодлоо ОХУ-ын холбогдох албан тушаалтнуудад илэрхийлснээс нь хойш ОХУ-ын зүгээс “Яагаад заавал Японы оролцуулах гээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч Н.Энхбаяр чинь ураны чиглэлээр хамтарч ажилласнаар Орос, Монгол хоёр улс хамтдаа дараагийн “Эрдэнэт”-ийг босгох боломжтой гэсэн биз дээ. Ерөнхийлөгч Н.Энхбаяр та хоёрын бодол өөр байгаа юмуу. Зөвхөн шар нунтаг экспортлох бус бага оврын цөмийн энергийн цахилгаан станц Монголд байгуулчихья” зэргээр удаа дараагийн уулзалт хийж асуулт тавьж, тайлбар сонссон байгаа юм. Харин энэ бүхний дараа Казахстаны нийслэл Астана хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путины буудалласан харшид дараах албан бус яриа болжээ.  

ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путин: -... Монгол-Оросын уран олборлох хамтарсан төсөлд гуравдагч талын хувьд Япон улс хүсвэл нэгдэн орж болох юм гэж би ойлгож байгаа. Тийм биз дээ, ноён Ерөнхий сайд аа гэж асуув.  

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр: -Тийм ээ, бид ч гэлээ Япон улстай ямар нэгэн гэрээ хэлцэл Засгийн газрын хэмжээнд байгуулах ёстой болох байх. Харин шийдэх ёстой өөр нэг оронтой холбоотой өөр нэг эмзэг асуудал бий.  

ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путин: -Эмзэг асуудал аа. Ямар асуудал байгаа юм бэ  

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр: ө, танд энэ тухай илтгээгүй юмуу. Мардайн орд дээр Канад улсын нэгэн компани хайгуулын лицензийн дагуу ажиллаж байгаа. 1997 онд гарсан манай Ашигт малтмалын тухай хууль ийм лицензийг өргөдөл хүсэлт гаргасан болгонд нь олгож байсан. Хэтэрхий либерал нөхцөлтэй тэр хуулиас болж олон орд газрыг гадаад, дотоодын компаниуд жижиг жижгээр хувааж авсан. Гэхдээ л Канадын тэр компани Мардайн орд газрын лицензийг хуулийн дагуу эзэмшиж байгаа. Арав гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг юм билээ. Тиймээс энэ асуудлыг манай хууль тогтоомжийн дагуу шийдэх арга замаа бид олох ёстой гэлээ. Путин хэсэг дуугүй байснаа,  

ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путин: -Тийм үү, Канадын компанийн тийм асуудал байгааг надад манайхан хэлээгүй шүү. Манайхан үүнийг мэдэж байгаа болов уу гэснээ товч дарж, туслахаа дуудаад “Кириенког ороод ир гэж хэл гэв...  

Оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэх үүднээс үүнээс цааш хуулбарлан бичих нь зохисгүй бөгөөд утгыг нь сийрүүлбэл “РосАтом” компанийн захирал С.В.Кириенко дуудсан даруйд орж ирээд “Канадын компанийн тухай асуудлыг бид мэдэж байгаа. Бид холбогдсон. Өөрсдөө 12 сая ам.долларыг Мардайд оруулсан гэж байгаа. Бид нугалж өгвөл асуудал ер нь шийдэгдэнэ. Бид шийднэ. “Хан ресурс” бидэнд саад болохгүй“ гэсэн байх бөгөөд В.В.Путин ч “Бид шийднэ. Би амлаж байна. Санаа зоволтгүй” хэмээсэн байдаг.  

Ерөнхий сайд асан С.Баяр түүний эл үгэнд бүрнээ итгэсэн тул 2009 оны долдугаар сард Дорнод аймаг дахь Дорнодын ураны орд газрыг эзэмшиж байсан “Хан Ресурс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь долоон жилийн дараа олон улсын шүүхийн маргаанд Монголын Засгийн газар ялагдаж, 70 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөд хүргэжээ. Энэ тухайгаа Ерөнхий сайд С.Баяр “Итгэж явсан оросууд маань биднийгээ улайм цайм “гол гаргах юм гэж хэн санах юм хэмээн номондоо дурссан нь ОХУ-д итгэлээ гэхэд анхнаасаа Канадыг, “Хан ресурс”-ыг оролцуулахгүй гэж тооцсон хувь улстөрч, Монгол Улсын Ерөнхий сайдын бодлыг юу гогдсон тухай нь хожим ч болов асуух ёстой санагдсан. Хууль ёсны эзэмшигчийнх нь тухай огт хөндөхгүйгээр хөндлөнгийн хоёр улстай буюу Орос, Японтой хэлэлцээ хийж, ашиглана гэдэг тооцоо хийж, түүнийгээ ОХУ-ын дэмжлэгээр бүтээчихнэ гэж үзсэн нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд улс төр, эдийн засгийн бодит нүүдэл байж болох ч үндсэн оролцогчгүй яриа хэлэлцээг эхлүүлнэ гэдэг тийм ч зохистой хэрэг биш. Тэр дундаа, Монголын ураны ордын асуудлыг ОХУ-ын Ерөнхий сайдын аман амлалтад бүрэн найдаж шийдвэрлэнэ гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэг биш. Иймд эл сэдвийн араас бичсэн “Үргэлжлэл бий” гэсэн үгэнд нь улстөрчдийн хэлж заншсанаар “Цаг нь ирэхээр хэлнэ” гэдэг өнөө цагт цээжиндээ хадгалж үлдээх нуу байх нь гэж ойлгосон. Энэ бол нэг номоос гурван боть руу шилжсэн намтар бүтээлд дараагийн эх бий гэдгийг илэрхийлэх сэжүүр. Эс бол ярилцлага хийх боломж тохиовол нэмэлт хариулт нэхэх л ёстой болов уу.  

ОНЦЛОХ СЭДЭВ 2: Юу ч гэхэв дээ, Х.Баттулга минь...  

     Ерөнхий сайд асан С.Баяр Ерөнхийлөгч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын талаар номондоо ийм үг бичээгүй. Гэхдээ ерөнхий агуулга болон сэтгэлийн мухарт үлдсэн дурсамж, болж өнгөрсөн үйл явдал, хорвоогийн хаа нэгтээ булан тохой руу гэж ч дөвийлөмгүй шоронгийн хүйтэн ханан дунд өдрийг барахдаа дотор хүнтэйгээ ийн ярилцсан нь үнэмлэхүй олон хуудсыг эзэлсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой мэдээ мэдээлэл, сэтгэгдэл, баримт нотолно. Хүний амьдрал гэж сонин. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Сангийн сайд асан, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт сэтгүүлч Н.Лхагвын “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орох үеэрээ “Би цагтаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ментор байсан. Анх бүр 2004-2008 оны УИХ-д МАШСН-аас сонгогдоход нь Ардчилсан намд элсүүлж урвуулж байсан. УИХ-ын гишүүний хувьд биеэ хэрхэн авч явахаас эхлээд ажлаа хэрхэн явуулах талаас нь бүгдийг зааж зөвлөж байсан. Тэр бүү хэл, Х.Баттулга “Ээж минь чамайг зурагтаар гарахаар миний хүү энэ хүү шиг болоорой гэж хэлдэг гэж ч хэлж байсан. Харамсалтай нь, намайг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын саналыг хүлээж ав. Эсвэл шоронд яв гэсэн. Саналыг нь хүлээж аваагүй учраас маргааш нь надад шүүхээс 10 жилийн ял өгсөн. Тэр нь надад маш эмгэнэлтэй санагддаг” хэмээн ярьсан байдаг.  

Ерөнхий сайд асан С.Баяр, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт нар өөр өөр хувь хүмүүс. Гэсэн ч тэд нэг замд огтлолцож, нэг үзэн ядагчтай болоод зогсохгүй тэр хүнээ нэгэн цагт хамгийн ихээр дэмжиж, нэг нь улс төрд, нэг нь гүйцэтгэх засаглалд хөтлөж явсан. Ерөнхий сайд асан С.Баяр энэ тухайгаа АН-ын дарга асан Н.Алтанхуягт Ерөнхий сайд болохтойгоо зэрэгцэн “Танай Женко Баттулгыг би мэддэг болоод удаж байна. Амьдрал мэддэг, ажилдаа мах руу гэж надад Л.Энэбиш дарга хэлж байсан. Амьдралд тохиох сайн муугаа Тулга надтай ярилцаж явсан түүхтэй. Эршүүд шулуун маягийн нөхөр санагддаг. Манай Засгийн газарт хэрэг болно. Би С.Баярцогт, Х.Баттулга хоёрыг сайдаар авмаар байна” гэж хэлсэн хэмээн бичжээ. Мөн Х.Баттулгын урилгаар түүний эзэмшлийн “Баянгол” рестораны гурилтай шөлийг хэд хэд амтархан ууснаа бичээд 2003 онд Москвад очиж “Намбарын Энхбаяр намайг дээрэлхээд, хамаг бизнесийг минь нураах гээд, татвар, цагдаа хоёроор байнга дарамтлаад байна. Намайг Талийгаач Л.Энэбиш даргатай ойр байсан гэж өс санадаг. Надад туслаач. Миний бизнес хэцүүдлээ. Оросын ийм ийм компанитай холбож өгөөч” гэж байсан. Би ч боломжийн хэрээр тусалж Ерөнхий сайд Н.Энхбаяр “Элчин сайд та Женкод туслаад байхдаа яадаг юм. Бидний бүх дайсныг дэмждэг, гол санхүүжүүлэгч нь, эрүүгийн элементийн нөхөр” гэж олны өмнө уурлаж байсан” гэсэн нь өдгөө ердөө л тэдний харилцааны зурвасхан гэгээн түүх болж... Үүний дараа БНХАУ-ын Төмөр замын дэд сайдтай нарийн царигийн төмөр зам байгуулах санамж бичгийг Ерөнхий сайд, Засгийн газрын хуралдаанд танилцуулахгүй байгуулсан. Өмнөх өдөр нь батлан даалтад гаргах шийдвэр гаргасан шүүгч тухайн өдрөө гэнэт утсаа тасалж алга болоод Төрийн ордны гурван давхарт очиж ирээд маргааш нь батлан даалтад гаргахгүй шийдвэр гаргасан. Эхлээд 2009 онд “Нарийн цариг байгуулна” гэж санамж бичигт гарын үсэг зурсан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нэг жилийн дараагаас “Нарийн цариг байгуулбал Хятадаас танк орж ирнэ” гэдэг суртал ухуулга хийж эхэлсэн. ““Хамтарч ажиллахад урамтай асуудлыг алсаар нь, томоор нь харж чаддаг. Тас тус шийддэг гэж талархан магтаад зогсохгүй солонгос оёдолчин бүсгүйчүүдээр зүү орохоор оёдлоор Засгийн газрын танхимын гишүүдийн хөрөг зургийг оёулж хүртэл дурсгаж байсан ч нэг л өдөр “С.Баяр шиг муу хүн байхгүй” болгосон, болсон... зэрэг олон өөрчлөлт, шинэчлэлтийг тэрбээр нэхэн дурссан байна билээ. Өөрчлөлт, шинэчлэлт хэмээн тодотгохын учир нь хандлага, үзэл бодол, найрсаг харилцааны огцом эргэлтийг боловсноор бичих гэж буй хувь сэтгүүлч миний оролдлого бөгөөд “Хэнтэй хөнжил хувааж нөмөрсөн бэ” гэдэгт гол асуудал бий байх гэдэг ерөнхий таамгийн тухайд уншигч та өөрөө дэлгэрүүлж уншвал зохилтой байх. Мөн “М-Си-Эс”-д атаархдагаа илчилсэн аминч яриа, сав нь дүүрсэн ч огт арилдаггүй дутуугийн архаг комплексийн тухай зэрэг таньж мэдсэн Х.Баттулгадаа зориулсан их олон хуудсыг нь уншихад ер нь кино, кино... 

ОНЦЛОХ СЭДЭВ 3: МАК-ийн ерөнхийлөгч Н.Нямтайширын урилга... 

Улстөрчдийн эвлэрэл, эвдрэлд хөндлөнгийн нэг хүн буюу нэг эрх ашиг заавал байдаг тухай дотоод хүрээндээ ярилцдаг. Тэр хүн улс төрийн гэхээс бизнесийн, улс төрөөс гарсан нэгэн байх тухай тодотгол бий. Ерөнхий сайд асан С.Баярын номонд энэ тухай чүд чүд оруулсан нь МАК группын ерөнхийлөгч Н.Нямтайшир. Огт анзаарагдахгүй хөрвөж болохуйцаар дурдсан уг сэдвийн гол дүр нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж.  

УИХ-ын 2008 оны сонгуулийн уламжлал ёсоор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өгөх сүүлийн өдөр тохиов. Эл өдөр Ерөнхий сайд асан, АН-ын дарга Ц.Элбэгдорж Ерөнхий сайд С.Баяр руу залгаснаар дараах яриа болжээ.  

АН-ын дарга Ц.Элбэгдорж: -Хөөе, өвгөөн. Намын мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд өгч бүртгүүлэх сүүлийн өдөр чинь өнөөдөр билүү, маргааш билүү гэж асууж байна.  

МАН-ын дарга С.Баяр: -Өнөөдөр шүү дээ. 24 цагаас өмнө гэсэн байх шүү гэлээ. 

АН-ын дарга Ц.Элбэгдорж: -Өө тийм үү, Би бас өнөөдөр гэж бодож байсан. Гэхдээ манайхны зарим нь намайг будилуулаад маргааш гээд байх юм. Танайх материалаа СЕХ-нд өгсөн үү гэж асууж байна.  

МАН-ын дарга С.Баяр: -Өгнө гэж байсан. Өгөлгүй дээ гэлээ.  

АН-ын дарга Ц.Элбэгдорж: -Яг өгсөн үү, Чи намынхнаасаа яг одоо лавлаад өгөөч гэж байна... гэснээр С.Баяр намынхнаасаа асууж, Ц.Элбэгдоржид “Өгсөн байна” гэдгийг хэлээд дотор хүндээ “Иймхэн юм надаас лавлаж л байдаг, завхарсан юм... АН-ын аппаратын хэд нь ажлын дөргүй партизан царайлсан юмнууд, эсвэл годгоносон хүүхнүүд байдаг гэсэн, үнэн байх нь. Аргаа бараад өрсөлдөгч намын дарга надаас хүртэл хугацаа мугацаа лавлахдаа тулж. Ая тал засах гэсэндээ “өвгөөн” гэж нялуураад байгаа юм байж дээ” гэсэн шүү юм бодсон шиг хуралдаа эргээд оров” гэж бодсон байгаа юм. Ингэж МАН-ын дарга АН-ын даргынхаа талаар төдийгүй бүр дотор нь ажилладаг намынх нь аппаратны ажилтнуудыг нь судалж, хүний нөөцийг нь голж явдгаа илчилснийг “Хүний л амьдрал. Хүний л бодол” гэдгээр бодож болох байх. Гэхдээ УИХ-ын сонгуулийн өмнөх бодол гэж үзвэл ер нь жаахан хачин. Хачнаар барах уу хэт хайнгадаа орно. Тэгээд ч АН-ын дарга Ц.Элбэгдоржийн гэнэтийн элгэмсүү дуудлагын учир цаг орчмын дараа тайлагдсан нь Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Иргэн бүрт нэг сая төгрөгийн хувь хишиг олгоно” хэмээн заасан явдал байв. С.Баяр даргын хувьд энэ нь юун нөгөө АН-ын аппаратын годгоносон хүүхнүүд болно оо доо... МАН-ын Удирдах зөвлөл яаралтай хуралдан Сонгуулийн ерөнхий хорооноос мөрийн хөтөлбөрөө татаж аван “Иргэн бүрт 1.5 сая төгрөг олгоно” хэмээн нэмж завсарласнаар УИХ-д олонх болжээ. Үүний дараа УИХ-ын сонгуулийн дүнгээс үүдэн долдугаар сарын 1 болсон. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр хоёр ч удаагийн дурсамжиндаа там тум бичсэн байдаг бөгөөд “Цагдаагийн сум биш байсан” гэдэг ерөнхий тэмдэглэлээр өнгөрүүлсэн тул илүүг ухах, энд тэндээс мэдээлэл олж нялзаах хэрэггүй биз. Учир нь, номонд гогдож авахуйц илүү үг унагаагүй бөгөөд олныг хамруулан бичих үед бол яах аргагүй хөндөх сэдэв гэдэг нь зүй. Харин тухайн үеийн тэмдэглэлээс нь нэг ишлэл тод уншигдсан харагдсан. Монгол Улс анхны олимпын аваргатай болсны маргааш өдөр Ц.Элбэгдоржтой уулзаж “Долдугаар сарын 1-ний дараахан Залаатын аманд МАК-ийн босс Н.Нямтайширын монгол гэрт түүнтэй уулзсанаа сануулан, Ерөнхий сайдын албыг бид хоёрын өмнө хашиж байсан, хашир туршлагатай Д.Содном, Д.Бямбасүрэн, Ш.Гунгаадорж, Ц.Элбэгдорж нар бид хоёрт хандан тэр өдөр хэлж байсан үгийг нь ишлэн байж хүртэл түүнийг ятгав” гэсэн нь онцлох сэдвийн эхэнд дурдсан эвлэрүүлэн зуучлагч, холбогчийн үүрэг хэмээн тааварлахад болох биз. Тэр дундаа, Н.Нямтайширын гэрт өрнөсөн яриаг ишлэн байж олон цаг ярилцсны эцэст Ардчилсан намыг хамтарсан Засгийн газарт оруулахад эсэргүүцэхгүй ч өөрөө болон өөрийн фракцаас хүн оруулахгүй гэдэг тохиролцоог Ц.Элбэгдорж хийж байжээ...  

Ийн Ерөнхий сайд асан С.Баярын дурсамж номоос түүвэрлэн түгээхүйц гурван сэдвийг тодотгоод бусад сэдвийг товчлоход...  

азино Д.Энхбаатар шоронгоос Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж руу ярьж, “Америкт хоёр өндрийг Аль Кайда дэлбэлсэн” гэдгийг дуулгасныг Ц.Нямдорж сайд С.Баяр руу утасдаж хэлж байсан...  

-Нийтлэлч, Төрийн шагналт Б.Баабар Ерөнхийлөгч асан Н.Багабандийн эсрэг тухайн үеийн Ерөнхий сайд асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон эхнэртэй нь тусгай штаб байгуулж хамтарч ажилласан нь...  

-Маршал Ю.Цэдэнбалын хүү С.Зориг, С.Баяр нарын бага насны таагүй дурсамж...  

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Фрийдландад ОХУ-д төлөх Их өрийг эцэслэхийн тулд 50 сая ам.доллар авч, хариуд нь баахан лиценз өгсөн ч хожим юуны учир Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэх болсон..  

-Английн нэг компани Шивээ овоо нүүрсний ордыг түшиглэн 500 мегаваттын цахилгаан станц барих төслийг таван жилийн турш хөөцөлдөхдөө Хаялга нуурын усыг цэвэршүүлж ундны устай болгоно, цахилгаан станцын хаягдал үнсээр барилгын блокны үйлдвэр барина гэсэн ч Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдын хувиар хөдөлгөөгүй. БНХАУаас зээл авч станц барина гэж дайрсан...  

-Ерөнхий сайд асан М.Энхсайхан хувь хүнийхээ үл бүтэх араншингийнхаа улмаас Эрхүү мужийн шинэ захирагч Б.А.Говоринд үл ойшоогдов...  

-МАН-ын дарга М.Энхболдын зараалаар Т.Бадамжунай, У.Хүрэлсүх, Б.Чойжилсүрэн нар гэнэтийн дуудлага хийж, “Прагад” Женевдэв. Женевдэв гэдэг үгний учир тайлал...  

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, С.Баяр нарын утсан хайр тасарч, юуны учир харилцаа хурцадсан урт түүх...  

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удаа дараа УИХ-ын сонгуулиар тойрогт нэр дэвшихээс эмээдэг байсан... 

-Хувь улстөрчийнхөө хувьд өөрийн бодолдоо хатуу шийдчихээд бусдын үгийг авахгүй гөжсөөр удаа дараагийн ялагдалд ордог байсан М.Энхболдын чимээгүй атгалтын хор нөлөө...  

болон Ерөнхийлөгч Н.Багабандийн Тамгын газрын даргаар үргэлжлүүлэн ажиллахгүй гэдэг хувь улстөрчийн шийдвэрээ гаргасан цаг хугацаагаа “Сүүлдээ бүр бүхнээс залхаад, албан амины аль ч шугамаар хэнтэй ч уулзмааргүй, юу ч яримааргүй, харсан зүгтээ тэр чигээрээ алга болж, далд ормоор санагддаг болсон үе” хэмээн дүгнэсэнтэй нь дүйцэхүйц дотоод бодлууд номонд нь их бий.  Мөн албанаасаа чөлөө авсан даруйдаа Москва явж, Жуковка нугад оюутны найз Анатолий Меркуловын эдлэнд олноос дайжин амарснаас эхлээд гэр бүл, үр хүүхэд, шоронгийн амьдрал, хаанаас ч юм гэнэ сэрэггүй гарч ирдэг элгэмсүү жирийн хүний тухай, бага залуу насны алдаа, найз нөхөд гээд олон сэдэв “Жаран хоног”, “Далан нөхөөс”, “Наян нажид” гэсэн гурван боть номонд багтсан. Энгийн хүмүүсийн тухай, амьдралын тухай хүүрнэлээс нь улстөрчдөд гэхээс багын найз нөхөддөө л тэр элгэмсүү, өөрийн дотор хүнээ харуулдаг нь ойлгогдоно. Өөрөөр, хэн хэнийх нь тамга атгаж, хөзрөө нуусан улстөрчдийн харилцаанд үнэн гэдэг зүйл өөрөө ч төөрдөг байж мэдэх... 

Аа, харин хувь хүндээ өгдөг өөрийнх нь үнэлэмжид ёстой “Буй цаг хугацаандаа өөрөө өөртөө дурлах нь гэм нүгэл биш болой хэмээн бичмээр санагдсан. “Ер нь, чи их давгүй шүү. Бусдаасаа нэг л шүү” гэсэн олны үгийг олонтаа бичсэн байсан болохоор тэр..Харин яг онцлох гурван сэдэв, гурван улстөрчтэй холбоотой өөрийнх нь тэмдэглэлийн тухайд зүй ёсоор алдаагаа л тоочсон байна лээ. Яг ч бас номонд дурдагдаж буй олны хэлдгээр  “Давгүй” бол санагдаагүй. В.В.Путинд итгэсэндээ Монгол Улсыг 70 сая ам.долларын өрөнд оруулсан байна. Х.Баттулгад итгэж Засгийн газрын хаалгыг нээснээрээ улс төрийн үй түмэн зөрчлийн өдөөх хүчийг өгсөн байна. Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржид итгэж намынхаа мөрийн хөтөлбөрийн мэдээллийг өгснөөрөө Монгол Улсын төсвийг хямраахуйц 1.5 сая төгрөгийг давж амласан байна... Үүнээс бусад сэдвийг товчлон хүргэсэн бөгөөд өөрийгөө улстөрч гэж боддог хүн бол уншчих хэрэгтэй ном байна юм билээ.  

Г.Отгонжаргал  

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!