УИХ-ын 2024 оны сонгууль өрсөлдөж, МАН Засгийн газар байгуулах эрхээ сонгогч олонхийн саналаар баталгаажууллаа. Дуулиан шуугиан, эсэргүүцэл тэмцэл нь хэн хүний төсөөлж байснаас харьцангуй намжмал, дүн мэдээгээ хаа хаанаа хүлээн зөвшөөрч, толгой дохьсон нь энэ удаагийн УИХ-ын сонгуулийн давуу тал. Тиймээс ч олон нийт болон улстөрчдийн зүгээс УИХ-ын сонгуулийн байр байдлыг хэлэлцэхээс илүүтэй нэн шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, албан тушаалын томилгоо руу эргэлт буцалтгүй анхаарлаа хандуулав.
Энэ дунд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийгэмд хоёр гол мессеж шидсэн нь нэгт, эвслийн Засгийн газар, хоёрт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө нэгтгэн боловсруулж, эцэслэн тохиролцох санал. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Эвслийн Засгийн газар байгуулья. Гэхдээ эрчим хүч, орон сууц, нийслэлийн хэт төвлөрөл, авлига хулгайн асуудал, баялгийн сангийн тэгш хүртээмжтэй хэрэгжилтийг хангах гэсэн үндсэн гол бодлогын саналаа эхлээд нэгтгэе” гэдэг албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Харин АН болон ХҮН намын удирдлагуудын зүгээс өнөөдрийн байдлаар албан ёсны байр суурь илэрхийлээгүй бөгөөд гагцхүү удирдах төвшний нөлөө бүхий лидерүүдийнх нь хувьд “Эвсэж эх орныхоо төлөө ажиллах нь зөв. Эвсэх хэрэггүй. Хүчтэй сөрөг хүчин байж хяналт тавина” гэсэн хоёр байр суурьт хуваагдаад байгаа.
Гэхдээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс тавьж байгаа дээрх гол хөтөлбөрийн нэгдмэл зорилгын тухайд УИХ-д суудалтай энэ гурван намын хувьд ярьж, тохирох боломжгүй гэсэн үг биш. Учир нь, АН, ХҮН, МАН-ын аль алиных нь нэг зорилго, нэгдмэл тохиролцооны үр дүнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аас баталсан. Нэг ёсны “Баялгийн сан байгуулах, Хуримтлалын сангаас иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх, Байгалийн баялгаас иргэдэд хувь хүртээх, Стратегийн орд газрын 34 хувийг төрийн мэдэлд эзэмшүүлэх” зэрэг уг хуулийн үндсэн философи болон холбогдох хуулийн өөрчлөлтүүд дан ганц МАН-ын бус 2020-2024 оны парламентад суудалтай гурван намын бодлого гэсэн үг. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санал дээрх хоёр намын аль алинд нь хол санагдахгүй бөгөөд УИХ-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд нь ч нь ч үндсэн хэсэг болон тус, тус орсон. Нөгөө талд шинэ Засгийн газрын бүтцийг Их Британи, Канад улсын жишгээр 20-23 яамтай байхаар тооцоолсон нь эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн чиглэлээр шинэ бүтэц үүсгэх үү гэдэг таамаг дэвшүүлэхэд хүргэж байна. Товчхондоо, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд ялсан намын даргын хувьд эвсэх санал дэвшүүлж, тэр нь “Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг” гэсэн үндсэн зорилтод тулгуурлах нь тодорхой боллоо. Энэ нь тодорхой хэлбэл "Эдийн засгаар эвсэе. Эс бөгөөс больё" гэдэг санаа. Ер нь хэвлэлээр явж байгаа мессеж болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан тухай албан мэдээлэл бүхэлдээ энэ санаанд тулгуурлаж байгаа харагдсан.
Гэхдээ эцэст нь нэг зүйлийг онцлоход өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлига хээл хахуультай тэмцэх, хөгжлийн бодлого тодорхойлоход илүү анхаарсан бол 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн “Эдийн засгийн өсөлтийг бүрт хүртээнэ” гэдэг нийгмийн болон нийтийн зорилго дэвшүүлснийг мартаж болохгүй. Нэг үгээр хэлбэл, эвсэх ч, эс эвсэх ч эцсийн бүлэгт эдийн засаг миний, таны амьдралын чанарт хүртэх ёстой. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс цаашид олон жил нэхэгдэх амлалт, зорилт. Гэхдээ цаашид дан ганц Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг, МАН-ын зорилт байх уу. Харин УИХ-д суудалтай гурван гол намын зорилго байх уу гэдэг нь ирэх өдрүүдэд тодорно. Тэр цагт наадмын торгон дээлийн эрэлт нэмэгдэж, төрийн сонгуулийн яриа холд одох биз ээ.
Г.ЖАРГАЛ