Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.11.05/ 12 цаг 35 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтлоо.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Ганхуягийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Энэ талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хорооны 2025 оны 22 дугаар тогтоолоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бадамсүрэн, Ц.Баатархүү, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Лувсанжамц, З.Мэндсайхан, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулсныг дурдаад ажлын хэсэг гурван удаа хуралдсан гэлээ.
Ажлын хэсгээс багш, эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан татварын зардлыг бууруулах зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэрэгжих хугацааг хойшлуулж, хуулийг 2026 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн Таван толгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулахдаа хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулах, бүтээгдэхүүний арилжааг хуулийн хүрээнд ил тод, үр ашигтай зохион байгуулах зарчмын асуудлыг төсөлд тусгах саналыг бэлтгэсэн байна.
Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдэд найруулгын болон хууль зүйн техникийн санал бэлтгэснийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.
Хууль, тогтоолын төслүүдийн талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хорооны гишүүд, Ажлын хэсгээс гаргасан төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үүгээр хуралдаан түр завсарлаж, үдээс хойш Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
