...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 21

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы Баасан гарагийн (2026.11.20) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад 126 гишүүнээс 64 буюу 50.8 хувь нь хүрэлцэн ирснээр эхлэв.

Гишүүдийн ирцийн мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Screenshot 2026-11-20 at 10.12.09.png

Хууль тогтоолын төслүүдийн талаарх санал хураалтыг явуулав

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, холбогдох санал хураалтуудыг явуулсан. /дэлгэрэнгүйг эндээс/

photo_2026-11-20_14-42-35.jpg

Тодруулбал, "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон баталья" гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 76 гишүүний 68 нь дэмжлээ. Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцэслэн баталсанд тооцлоо.

Мөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон 77 гишүүний 64 нь дэмжлээ. Ингэснээр уг тогтоолын төслийг баталсанд тооцов.

photo_2026-11-20_14-42-35 (2).jpg

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очироос санаачлан, өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийн санал хураалтаар үргэлжлэв. Хуралдаанд оролцсон 78 гишүүний 65 буюу 83.3 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас чөлөөлөх нууц санал хураалтыг явууллаа. Хуралдаанд оролцсон 78 гишүүний 45 буюу 57.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцлоо.

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

Хуралдаан Монголбанкнаас 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт танилцуулав.

photo_2026-11-20_14-42-32.jpg

Тэрбээр танилцуулгадаа үндсэн чиглэлийг боловсруулахдаа өнгөрсөн 15 жилийн эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлт, сургамж, өнөөг хүртэл хуримтлагдсан суурь асуудлуудыг тодорхойлж, цогцоор нь шийдвэрлэх багц шийдлийг санал болгосон гээд, эдгээр арга хэмжээнүүд нь Монголбанкны 2026-2030 оны дунд хугацааны стратегид тусгасан шинэчлэлийн эхлэл болж байгаагаараа онцлог гэлээ.

Сүүлийн 15 жилийн зөвхөн тавд нь инфляц зорилтод түвшинд хүрч чаджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны 10 дугаар сард инфляц 13.4 хувь болж, зорилтоос хоёр дахин гаруй өндөр болж нэмэгдсэн байна. Инфляцын 61 хувь буюу 8.2 нэгж хувь нь геополитикийн нөхцөл байдалтай холбоотой шатахууны үнийн өсөлт, дотоодын мах, хүнсний үнийн өсөлт зэрэг нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалсан. Гэвч суурь инфляц ч мөн өсөж байна. Суурь инфляц хоёрдугаар сард 4.2 хувьтай байсан бол 10 дугаар сард 7.4 хувь болжээ. Энэ нь үнийн дарамт өргөн тархаж байгааг харуулж байна. Олон жил үргэлжилсэн өндөр инфляц нь гадаад, дотоод нөхцөл байдал, нийлүүлэлтийн саатал, ган, зуд зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой хэдий ч үндсэн шалтгаан нь эдийн засгийн бүтээмжээс давсан мөнгөний нийлүүлэлт, түүнийг бий болгож буй тогтолцоо/механизм бий болж томорч байгаатай холбоотой хэмээн дүгнэсэн байна.

photo_2026-11-20_14-42-35 (3).jpg

Мөн тэрбээр бүтээмжийг дэмждэггүй, инфляцын дарамт байнга үүсгэдэг мөнгөний илүүдэл дараах гурван гол сувгаар бий болж байгааг онцолсон. Тухайлбал, 2012 оноос хойш Монголбанк ипотек, үнэ тогтворжуулах, цар тахлын дэмжлэг зэрэгт нийт 15.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон нь Төв банк жил бүр дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувьтай тэнцэх төсвийн шинжтэй зардлыг санхүүжүүлсэн гэсэн үг. Түүнчлэн Төв банк валютын зах зээлийн зохицуулагч биш харин хамгийн том худалдан авагч, хамгийн том нийлүүлэгч болсон өнөөгийн тогтолцоо нь мөнгөний зах дээр богино хугацаат төгрөгийн илүүдлийг байнга бий болгодог механизм бий болгожээ. Мөн урт хугацаат своп хэлцлүүд валютын улсын нөөцийг нэмэгдүүлдэг талтай ч 2013–2022 онд своп, деривативын хэлцлүүдээс Төв банк 1.6 их наяд төгрөгийн бодит алдагдал хүлээсэн байна. Мөн сүүлийн 15 жилд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас давсан төсвийн алдагдлын нийт дүн 12.6 их наяд төгрөг байна гэв.

photo_2026-11-20_14-42-33 (3).jpg

Эдгээр сувгаар үүссэн илүүдэл мөнгийг татахын тулд Монголбанк Төв банкны үнэт цаас гаргаж, 2012–2025 онд 6.0 их наяд төгрөгийн хүү төлсөн. Өөрийн хөрөнгийн дутагдалтай Монголбанк орлогоороо энэ зардлыг нөхөхгүй тул хүүг шинэ мөнгөөр төлж, тэр мөнгө дахин илүүдэл болж, түүнийг татахын тулд дахин хүү төлдөг. Ийнхүү хүүгийн зардал өөрөө өсөх тойрог буюу цасан бөмбөлөгийн механизм үүсгэж, 2025 оны жилийн аудитлагдсан тайлангаар Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.8 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 4.2 хувьд хүрсэн гэдгийг С.Наранцогт ерөнхийлөгч танилцуулгадаа онцоллоо.

Харин тэрбээр танилцуулгадаа, Монголбанкны дунд хугацааны стратегийн тухайд өнгөрсөн хугацааны үйл ажиллагаандаа бодит дүгнэлт хийж, асуудлыг аргацаахгүй, үндэс сууриар нь шийдэх зорилгоор үнийн болон санхүүгийн тогтвортой байдал, Төв банкны засаглал ба цахим шилжилт гэсэн үндсэн гурван зорилтын хүрээнд 37 арга хэмжээг тусгасан дунд хугацааны стратегийг хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр шинэчлэлүүд амжилттай хэрэгжсэнээр инфляц дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжиж, Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдал үе шаттай нөхөгдөнө гэж байлаа.

photo_2026-11-20_14-42-28.jpg

2027 оны үндсэн чиглэлд 14 арга хэмжээ тусгагдсан. Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт тав, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд есөн үүрэг, даалгавар өгөгдсөн. Эдгээр нь бүхэлдээ инфляцыг бий болгож, тэтгэж буй сувгуудыг үе шаттай хаах, саармагжуулахад чиглэнэ гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч танилцуулгадаа дурдав. Үүнд;

Засгийн газрын үнэт цаас. Төв банкны үнэт цаасыг зохистой түвшинд хадгалж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлах зорилгоор Засгийн газар 2027–2030 онд жил бүр 1.0 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний үнэт цаасыг Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, гадаад өрийн удирдлагын зориулалтаар гаргана. Мөн төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас үүдэлтэй Төв банкны алдагдлыг шийдвэрлэхэд 2028–2032 онд жил бүр 1.0 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлнэ. Ингэснээр илүүдэл мөнгийг зөвхөн Төв банкны үнэт цаасаар бус, Засгийн газрын үнэт цаасаар татаж, Монголбанкны өөрийн хөрөнгө үе шаттай сэргэнэ.

Төсвийн шинжтэй үйл ажиллагааг хориглох. Төв банк төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагааг санхүүжүүлэх, хэрэгжүүлэхийг хориглосон хуулийн төслийг боловсруулж, хууль санаачлагчид уламжлахаар тусгасан. Мөн орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэлийг 2027 онд хангаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн, 2028 онд хэрэгжилтийг бүрэн шилжүүлэн өгнө. Хөтөлбөр шилжсэнээр одоогийн зээлдэгчдийн гэрээ, хүү өөрчлөгдөхгүй. Мөн төрийн мөнгөн хөрөнгийг нээлттэй зах зээлийн үйл ажиллагаанаас үе шаттай тусгаарлах шаардлагатай байна гэдгийг танилцуулгад дурдсан байв.

photo_2026-11-20_14-42-34 (2).jpg

Нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн өсөлтийг хязгаарлах. Нийлүүлэлтийн шокийг зөвхөн мөнгөний бодлогоор шийдэх боломжгүй юм. Иймд гол нэрийн барааны нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог зах зээлийн зарчмаар бүрдүүлж, нөөц бүрдүүлэлтийг ил тод болгох арга хэмжээ тусгагдсан.

Валютын зах зээл дэх Төв банкны оролцоог үе шаттай багасгах. Гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдлыг хангаж, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох зарчмыг баримтална. Төрийн өмчит уул уурхайн компаниудын экспортын валютын орлогыг Монголбанканд бүрэн худалдах зохицуулалтаас үе шаттай татгалзаж, дотоодын валютын захад ил тод, өрсөлдөөнт зарчмаар арилжаална. Ингэснээр мөнгөний зах дээр үүсдэг төгрөгийн илүүдэл хязгаарлагдаж, мөнгөний бодлогын үр нөлөө сайжирна.

Санхүүгийн зах зээл, банкны салбар. Монголбанк, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн биржийн арилжааны дэд бүтцийг холбож, Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийг идэвхжүүлснээр төгрөгийн эрсдэлгүй өгөөжийн муруй бүрдэж, бодлогын хүү эдийн засагт илүү хурдан дамжина. Мөн цахим залилангийн эсрэг шуурхай мэдээлэл солилцох тогтолцоо бүрдүүлж, ФАТФ-ын харилцан үнэлгээнд бэлтгэнэ хэмээн танилцуулгад дурдсан байлаа.

photo_2026-11-20_14-42-33 (2).jpg

Монголбанкны Ерөнхийлөгч танилцуулгадаа, Энэхүү шинэчлэлийн багц арга хэмжээ бол мөнгөний бодлогын богино хугацааны тохируулга биш. Энэ бол Монголбанкыг үндсэн чиг үүргээ тууштай хэрэгжүүлдэг, санхүүгийн чадавхтай, хараат бус, хариуцлагатай институци болгон бэхжүүлж, инфляцыг дунд, урт хугацаанд нам, тогтвортой түвшинд тогтвортой хадгалах цогц шинэчлэл юм. Үүний тулд Төв банкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлж, инфляцыг үүсгэн тэтгэж буй сувгуудыг хаах эрхзүйн орчныг сайжруулах Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Төв банкны засаглал үйл ажиллагаа, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна. Тогтоолын хэрэгжилтийг тогтмол үнэлж, Улсын Их Хуралд тайлагнана. Засгийн газар инфляцыг бууруулж тогтворжуулах суурь шийдэл, реформыг дэмжиж, эхлүүлж байна. Хойшлуулбал зардлыг иргэд инфляцаар төлж, цаашид төсөвт ирэх дарамт улам томорно. Иймд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын дэмжлэг, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал байна гэж байлаа.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг танилцуулсан. /дэлгэрэнгүйг эндээс/

photo_2026-11-20_14-42-33.jpg

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 437 дугаар захирамжаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд ахалж, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Жаргалан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Б.Тулга, Б.Уянга, Б.Чойжилсүрэн, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй ажилласныг тодотгов.

Ажлын хэсэг Монголбанкнаас ирүүлсэн үндсэн чиглэлийн саналд тусгагдсан зарим заалт, дэд заалтын агуулгыг нарийвчлан тодорхой болгох үүднээс найруулгын шинжтэй өөрчлөлтийг хийж, хуулиар олгосон эрх үүргийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой зарим дэд заалтыг хасаж, төрийн мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг хангах, төсвийн шинжтэй арга хэмжээг Монголбанкаас цаашид санхүүжүүлэхгүй байх, төв банкны үнэт цаасыг зохистой түвшинд хадгалах, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлаж мөнгөний бодлогын нөлөөлөл, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн дэд заалтыг төсөлд шинээр нэмж тусгасныг онцолж байлаа.

photo_2026-11-20_14-42-29.jpg

Тогтоолын төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, 2019 онд ахмадын зээлийг тэглэх, зээлгүй байсан ахмадуудад 1.0 сая хүртлэх төгрөг олгон энэ хүрээнд 422 хүн хамрагдсан. Энэ нь төсвийн арга хэмжээ тул Засгийн газар жил бүр 1.0 их наяд төгрөгийн бонд, үнэт цаас гаргаж шийдвэрлүүлэхээр төсөлд тусгасныг дэмжиж байна гэлээ. Тэрбээр энэхүү арга хэмжээ болон ипотекийн зээл, орон сууцжуулалттай холбоотой асуудал тус банкны өрийн хэдийг хувийг эзэлж буйг лавлав.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Эрдэнэс бондтой холбоотой авлага 850 тэрбум төгрөг байгааг онцлоод, Засгийн газар, Төв банкны хооронд энэ мэт өглөг, авлагын тооцоо 1.5 их наяд төгрөг байна хэмээлээ. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийг Монголбанкнаас санхүүжүүлсэн бөгөөд 2024 оноос Хуримтлалын сангаар тодорхой эх үүсвэрүүдийг санхүүжүүлж байна гээд, цаашдаа ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарлуу шилжүүлэхээр ярилцсан. Дөрвөн их наяд төгрөг ипотекээр баталгаажсан үнэт цаас Монголбанканд байгаа хэмээн хариулж байлаа.

photo_2026-11-20_14-42-34.jpg

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Улсын Их Хурал, Засгийн газраас Монголбанкнаас төсвийн шинжтэй аливаа арга хэмжээний санхүүжүүлэхийг бүр хориглох хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн эдийн засгаа тогтвортой байлгахын тулд мөнгөний бодлогоо баталсны дараа түүнд зохицуулж төсвөө батлах ёстой гэдгийг онцолж байлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Төв банк дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа хөндлөнгийн хяналттай ажиллана гэж тусгасныг онцлоод, хөндлөнгийн хяналтыг хэн хэрэгжүүлэх, эдийн засагт нүүрлэсэн мөнгө хүүлэлтийн эсрэг бодлогын арга хэмжээ авах, эсэхийг лавласан.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранбаатар хариултдаа, Гишүүний хэлснээр бүтээмжгүй мөнгө хүүлэгчдийн асуудлыг өнөөдөр гэнэт зогсоож чадахгүй гээд үүний эсрэг үе шаттай шинэчлэлүүдийг хийж эхэлсний нэг нь мөнгөний бодлого гэж ойлгож болно хэмээлээ.

photo_2026-11-20_14-42-29 (2).jpg

Харин Улсын Их Хурлын гишүүн Ч. Ундрам инфляцыг дунд хугацаанд 5.0 хувьд хүргэхийг хүн бүр хүсэж байгаа ч Засгийн газрын төсвийн бодлогыг уялдуулах нь зүйтэй гээд, анх удаа Төв банкны олон жил хуримтлагдсан асуудлыг ил болгосонд талархаж байна гэв. Гэхдээ ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр, ковидын үеийн дэмжлэг гээд тухайн үед шаардлагатай гээд яаралтай шийдвэрлэсэн асуудлууд маань эргээд ард түмэнд инфляцаар нөлөө үзүүлж, далд татварын шинжтэй явж ирсэн ийм алдааг цаашид гаргахгүй байхад Төв банк анхаарах шаардлагатай гэсэн саналтай байлаа.

photo_2026-11-20_14-42-39.jpg

Ингээд энэ талаарх санал хураалтыг Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэн хуралдаан түр завсарлав хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!