Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Д.Ихбаярт өргөн барилаа.
Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцсон бөгөөд энэ нь өмнөх оныхоос 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Иргэн төвтэй байх зарчмыг баримталж, иргэдээс авсан санал асуулга, судалгаанд үндэслэн нийслэлийн өмнө тулгамдаж буй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмж, засаглалын асуудал гэсэн дөрвөн хэсэгт хуваан төсвийн төслийг боловсрууллаа. Мөн төсөв, хөрөнгө оруулалтын эрх мэдлийг дүүрэг, хороонд түлхүү шилжүүлж, иргэдийн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гол эх үүсвэр нь нийслэлийн төсөв байсан. Харин ердөө долоон хувь нь бусад эх үүсвэрээс хэрэгждэг байжээ. Хотын эрх зүйн байдлын тухай хуулиар олгогдсон боломж, бололцоо байгаа учраас нийслэл цаашид хувийн ААН-үүдтэй хамтарч, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эргээд бизнесүүд ашиг орлоготой байх бодлогыг барин ажиллаж байна. Ирэх жилүүдэд хотын эдийн засгийн тэнцвэрийг сайжруулж, бизнесүүдээ дэмжинэ” гэлээ.
Монгол Улсын Төсвийн тухай хуульд нийслэлийн төсвийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлж, 12 дугаар сарын 5-ны дотор батлахаар заасан байдаг.


Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
