НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Нийслэл энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна. Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Харилцан ойлголцлын санамж бичгээр “Дулаан гэр-Эрүүл ирээдүй” төслийн хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн гэр хороололд оршин суудаг 7800 өрхийг эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалга, агааржуулалтын иж бүрэн багцаар хангах гарын үсэг зурлаа. Ингэснээр гэр хорооллын өрхийн нүүрсний хэрэглээг бууруулж, дулаан алдагдлыг багасгаж, дотоод орчны агаарын чанарыг сайжруулна.

НҮБ-ын Хүүхдийн сан уг төслийн хэрэгжилтийн явц, халаалт, дулаалга, агааржуулалтын иж бүрэн багцын үйлдвэрлэл, худалдан авалт, нийлүүлэлт, тээвэрлэлт, суурилуулалт болон хяналт, шинжилгээний үйл явцыг удирдан зохион байгуулах юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж шаардлагатай нөхцөл бололцоогоор хангах, холбогдох төрийн байгууллага, нийслэлийн харьяа байгууллага болон дүүргүүдийн оролцоог хангах, үйл ажиллагааны уялдаа холбоог зохицуулна гэв.

Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
