...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх замаар ЭРГЭН ИРЭЛТЭЭ ЗАРЛАЛАА

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх замаар ЭРГЭН ИРЭЛТЭЭ ЗАРЛАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр “Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгч сүүлийн үед болоод байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийлье гэж сэтгүүлчид Та бүхнийг урьсан юм. Монголын ард түмэн бас үзэж байгаа гэж бодож байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт руу зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээрээгээ алдсан довтолгоо хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон, Монголын ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал хийж байгааг Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий компандлагч гэсэн эрхэм хүндтэй албыг хашдаг. Ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлдэг ийм алба гэдгийг Та бүхэн бүгдээрээ ойлгож байгаа. Ийм учраас Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг Монголын нэр хүнд рүү халдаж байгаа хэрэг. Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа руу халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгч бол Монгол Улсын гадаад нэр хүндтэй шууд холбоотой. Ийм хариуцлагатай албан тушаал. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн итгэхийн аргагүй, хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Ингэж болдог юм болов уу. Хэсэг чимээгүй явлаа. Харлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч юм болгонд хариулт өгөөд сошиал ертөнц руу орж, янз бүрийн юм бичээд байж болдоггүй. Ярих юм, ярихгүй юм гэж байна. Хариуцлагатай албан тушаал. Иймд албан ёсоор байр сууриа илэрхийлье гэж бодсон юм. Монгол Улсад хүн засаглахгүй хууль засаглана. Хуулийн дор бүгд тэгш эрхтэй. Өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, үнэн мөнөө тогтоолгох ёстой гэсэн шаардлага гаргасан байна лээ. Үүнтэй би санал нэг байгаа. Төрийн тэргүүний ажлаа өгөөд үнэн зөвөө тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж Ерөнхийлөгчийн хувьд үзэж байна. Тийм учраас улсын Ерөнхийлөгч гэсэн энэ үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө. Дээр нь, миний нэр төрийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг холбогдох газар нь өгч шалгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдэе. Монгол Улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд ихэд бэхжлээ. Монгол Улсын нэр хүнд өдөр ирэх бүр өсөж, үнэлэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Бодлогын алдаа гаргаагүй. Дэлхий дахинд Монгол Улсыг хүлээн зөвшөөрдөг болсон. Дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд манай улсад айлчилж, Монгол Улсын нэр хүнд хэрхэн тэлж, гадаад харилцаа ямар үр дүнд хүрснийг Та бүхэн олж харсан байх. Би 17 настайдаа эх орондоо тангараг өргөж, эр цэрэг болсон хүн. Би офицер хүн. Худлаа ярьж, хуурч мэхэлж явсангүй. Энэ бол миний үндсэн зан характер. Үүнийг Монголын ард түмэн мэднэ. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч үнэн мөнийн төлөө ажиллана. Үнэн зөвийг тогтоохын төлөө өөрийн энэхүү эрхэм дээд үүрэгт ажлыг хүлээлгэн өгч байна. Нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ хэлэхийг хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ард түмнээсээ хулгай хийж байгаагүй хүн. Харин хулгайд алдагдсан үйлдвэр завод, баялгийг эх орондоо авчирч байсныг Та бүхэн бүгдээрээ мэднэ. Эрдэнэт үйлдвэр, “МонросЦветмэнт”, Багануурын уурхай, Бор-Өндөрийн орд, Салхитын орд, Гутайн орд, Хармагтайн орд, Тос Тосон бумбын орд зэрэг ард түмний өмч хөрөнгө бусдад алдагдсан байсныг олж ирж, өнөөдрийн Үндэсний баялгийн сангийн суурийг тавьж байсныг Та бүхэн бүгдээрээ санаж байгаа. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар эх орныхоо төлөө үнэнч шударгаар ажилласан гэдгээ энд зориуд тэмдэгдлэн хэлэхийг хүсэж байна” хэмээв. Түүний эл мэдэгдэлтэй холбогдуулан УИХ дахь МАН, АН-ын бүлэг хараахан байр сууриа нэгтгэж мэдээлээгүй байгаа бөгөөд хувь УИХ-ын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн байр сууринд хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсээр байна. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг нүүрсний экспорт, Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтай холбоотойгоор “Бодь” группээс мөнгө авсан, хамтарч мөнгө угаасан хэмээн Канад улсаас сошиал хуудсаараа дамжуулан мэдээлэл түгээж буй Хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотойгоор “Тайвширч болохгүй. Энэ бол жүжиг. Галаа сайн манах хэрэгтэй. Лайваа үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн албан тушаал, бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байсан тохиолдол нэг удаагийнх биш бөгөөд тэрбээр энэ удаагийн шийдвэрээрээ дөрөвдэхь удаагаа чөлөөт иргэн болох шийдвэрийг гаргаад байгаа юм. Чөлөөлөгдөх шийдвэрүүд: 1. 2012 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр тэрбээр УИХ-ын гишүүнээс “Эхнэрээ удаан хугацаанд эмчлүүлэх шаардлага гарсан” хэмээн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, чөлөөлөгдсөн. 2. 2017 оны наймдугаар сарын 21-ний өдөр “Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Шадар сайдаар ажиллах хугацаанд нь тагнаж чагнасан” гэдэг гомдол гарган, Ерөнхий сайдтайгаа хамтарч ажиллах боломжгүй хэмээн өөрийн хүсэлтээр төлөөлөгдсөн. 3. 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр буюу дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын үеэр төрөх эмнэлгээс дөнгөж төрсөн эхийг өвлийн хүйтэнд нимгэн хувцас, углааштай ХӨСҮТ-рүү шилжүүлсэн явдалд бухимдсан нийгмийн эсэргүүцэлд уучлал гуйж, өөрийн хүсэлтээр хариуцлага хүлээн танхимаараа огцорсон. Иймд дөрөвдэх буюу энэ удаагийн тохиолдлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-д элсэх замаар улс төрд эргэн ирэх нэн шинэ нүүдлээ эхлүүлж буй хувь улстөрчийн бодлого хэмээн үзэх үндэстэй байна. Өөрөөр хэлбэл, УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр Ерөнхийлөгчийн өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдөж, бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахгүй бол импичмент үзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ гэсний дараа ийн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж буй нь улстөрчийнхөө хувьд их ялагдлаас зайлсхийж, дараагийн эргэн ирэлтээ зарлаж буй хэрэг хэмээн үзэх үндэстэй билээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!