...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 09

АТГ: Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг 20 гаруй тендерийг хууль бусаар олгосон үндэслэлээр шалгаж байна

АТГ: Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг 20 гаруй тендерийг хууль бусаар олгосон үндэслэлээр шалгаж байна

Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Авлигатай тэмцэх газрын албан хаагчид мэдээлэл хийж, нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар болон нийслэлийн удирдах албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийн хянан шалгах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.БУЯНТҮМЭН дараах мэдээллийг өгөв.

-Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдтэй холбогдуулаад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй мэдээлэл олон нийтээс ирсэн. Энэ мэдээллийн дагуу шалгаж, энэ оны тавдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Ингээд мөрдөн байцаах ажлын цар хүрээ, ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, ажиллах хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын газарт тавьсан. Улсын ерөнхий прокурорын газраас саналыг хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн байгууллагаар явуулах тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлыг хэсэг нь нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа 24 төсөл хөтөлбөр, түүний дотор Туулын хурдны зам, Шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд холбогдуулан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Дээрх 24 төсөл хөтөлбөрт ажлын хэсгээс нийт зургаан хэрэгт хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд маш их хэмжээний цахим файлууд болон тендер сонгон шалгаруулалтын баримтууд, санхүү мөнгөний баримтуудыг нийт 40 гаруй удаагийн үзлэг шалгалтын явцад холбогдох байгууллагуудаас гаргуулан авсан. Ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад төсөв нэгж хариуцсан албан тушаалтнууд болон уг төслийг хэрэгжүүлэхэд оролцсон албан тушаалтнууд болох 200 орчим хүнээс мэдүүлэг авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, ирүүлсэн файл материалуудад үзлэг шалгалт явуулах, санхүүгийн мөрдлөг явуулах хуульд заасны дагуу зарим холбогдох байгууллагуудад хандаж, зөвлөмж авах замаар мөрдөн байцаах ажиллагаа үргэлжлээд явж байна. Шалгасан зургаан хэргээс нэг хэрэгт холбогдох дөрвөн хүнийг мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байгаа. Үлдсэн таван хэрэг дээр мөрдөн шалгах болон санхүүгийн шалгах ажиллагааг өнөөдрийн байдлаар үргэлжлүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар энэ хэргүүд дээр есөн хүнийг эрүүгийн хэрэг нээж, яллагдагчаар татсан. Эдгээр яллагдагч нарт хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг аваад мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлээд явуулж байна аа. Та бүхэнд одоогоор ажлын хэсгийн хийж байгаа ажлын явц байдлын талаар Туулын хурдны зам, Шинэ авто зам төсөл Сэлбэ дэд төвүүдтэй холбоотой товч мэдээлэл өгье гэж Нийслэлийн прокурорын газарт олон нийтэд мэдүүлэх зөвшөөрөл хүргүүлсэн. Ингээд Нийслэлийн прокурорын газраас өгсөн зөвшөөрлийн хэмжээ хязгаарын дотор би энэ мэдээллийг хийнэ ээ. Нэгд, Туулын хурдны замтай холбоотой асуудал. Энэ асуудал дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар нь Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд төслийн урьдчилгаа төлбөр гээд 500 тэрбум төгрөгийг олгохдоо Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн тодорхой заалтыг зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг тухайн үед Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайд шилжүүлж, хуульд заасан шаардлага хангаагүй байхад, хуульд заасан шаардлагыг хангахгүй этгээд баталгаа гаргасан байхад уг урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гуравдахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. За тэр санхүүжилтийн эрхийг шилжүүлдэг гэдэг ойлголт нь юу вэ гэхээр тухайн үед Нийслэлийн Тамгын газар Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Г гэдэг албан тушаалтан “Урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийг шилжүүлэх боломжгүй байна аа. Хуульд заасан үндэслэл, шаардлага хангагдаагүй байна аа” гэж үзээд санхүүжилтийн эрхийг нээхээс татгалзсан байдаг. Гэтэл Х.Нямбаатар нь энэ хүнээс санхүүжилтийн эрхийг нь Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай руу шилжүүлж, энэ санхүүжилтийн гүйлгээг хийлгэсэн байдаг. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байна. Яллагдагчаар татагдсан эдгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хуульд заасны дагуу танилцуулах ёстой. Энэ зорилгоор сэжигтэн Х.Нямбаатарт дуудан ирүүлэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн ч ирээгүй. Ингээд шалган үзэхэд энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр гадагшаа нэвтэрсэн ийм мэдээлэл байгаа. Ийм учраас хаяг байршлыг нь тодруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний товчооны Ажлын албаар дамжуулан Олон улсын цагдаагийн байгууллагад хаяг байршлыг нь тогтоолгохоор хандаад байгаа. Одоогоор албан бус мэдээллээр Канад улсад түр оршин сууж байна гэсэн мэдээлэл байгаа. Монгол Улс Канад улс хоёр нь Эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ байхгүй. Гэхдээ Монгол Улс Канад улс хоёулаа Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдсэн улсууд. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор яах вэ гэхээр авлигын хэрэг үйлдсэн этгээдийг тухайн улс оронд нь шилжүүлэн өгөх хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд бид мэдвэл зохих олон улсын байгууллагад нь хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Одоогоор хариугаа ирүүлээгүй байна. Туулын хурдны замтай холбоотойгоор сэжигтэн Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг албаны эрх мэдлээ, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байгаа. Туулын хурдны замын гүйцэтгэгч компанийн арилжааны банканд байгаа 14 дансны 339 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож царцаасан байгаа. Урьдчилгаа төлбөрт олгогдсон 500 тэрбумаас 339 тэрбумыг нь дансад нь царцаасан байна. 160 орчим тэрбум төгрөг нь төслийн үйл ажиллагаанд зарцуулагдсан байдал тогтоогдсон. Мөн Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэх явцад Улаанбаатар хотын ногоон бүсийн ой сангийн 7.2 га өртсөн асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, Туул голын бургасан ойг шилжүүлж байж төслийг хэрэгжүүлэх ёстой байтал тэр бургасан ойг шилжүүлэхгүйгээр хавгайруулан огтлол хийсэн. Энэ хууль бус үйл ажиллагааны улмаас нийслэлийн ногоон бүсэд 352.2 сая төгрөгийн хохирол учруулсныг ойн мэргэжлийн байгууллага тогтоогоод байгаа. Шинэ тойрог авто замын төсөл дээр урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн тендер зарлагдсан. Энэ тендерийн сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай өөрийн хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж, хууль бусаар шалгаруулсан гэж буруутгаж үзэж байгаа. Энэ үндэслэлээрээ Т.Даваадалай болон хууль бус ажиллагаанд оролцсон гурван албан тушаалтныг хууль бус тендер зохион байгуулж, их хэмжээний ашиг олсон, эх үүсвэрээ нуун далдалж мөнгө угаасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, 18.2 зүйлээр тус тус эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Ингээд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дуусгэж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хянаж, яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг хүргүүлээд байгаа. Одоогоор шүүхийн урьдчилсан хэргийн шүүхийн тов зарлагдаагүй байна. Уг хэрэгт холбогдуулан Т.Даваадалай болон бусад этгээдийн 6.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон мөнгөн хөрөнгийг битүүмжилж хамгаалаад байгаа. Гуравт Сэлбэ дэд төвийн орон сууцны төслийн тендерүүд байна. Нийтдээ долоон багц тендер зарлагдсан байдаг. Үүнээс дөрөв, хоёр дахь буюу Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг дахин төлөвлөх, оронсууцжуулах төсөл дээр нийт 994 айлын 14 блок барилгын төслийн ажил байгаа. Нийт өртөг нь 223.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Энд нэр бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулахдаа тухайн сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан албан тушаалтнууд бусдад эдийн засгийн давуу байдал олгосон гэдэг үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хууль бус ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч этгээд, мөн өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг шалгаруулахад оролцсон гэдэг үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна. За ер нь нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөртэй холбогдуулаад Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд нийтдээ 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тухайлбал, Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий, нэгдмэл ашиг сонирхолтой С гэж хүний үүсгэн байгуулсан, нэр бүхий хуулийн этгээдийг 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг дахин төлөвлөх, оронсууцжуулах, барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 3.8 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэх тендерт хууль бусаар шалгаруулсан гэж буруутган шалгаж байна. Мөн энэ хуулийн этгээдийг 2025 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Соёлын төв өргөөний их барилгын засварын ажлыг 675 сая төгрөгөөр хийж гүйцэтгэх тендерт мөн хууль бусаар шалгаруулжээ гэж үзсэн. Мөн 2023 оны есдүгээр сард Хэнтий аймгийн Бэрх тосгоны 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 1.7 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэх тендерт хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон зэрэг ийм хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Миний хувьд прокурорын зөвшөөрлөөр танилцуулах мэдээлэл энэ хүрээд дууслаа.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!