...
...
Logo
Ентертайнмент
•Sainjargal
•11-р сар 02

“Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

М-Си-Эс Групп Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготойгоор “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр 2019 оноос эхлээн санаачлан, хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн гадна гэрэлтүүлгийг шинэчилсэн байна. Чойжин ламын сүм музейн гадна гэрэлтүүлгийг шинэчлэх төсөлд нийт 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэрэлтүүлгийн нээлт 2026 оны аравдугаар сарын 30-ны өдөр боллоо. Мөн Монголын Урлагийн зөвлөл нь Итали улсын гэрэлтүүлгийн технологийн тэргүүлэгч iGuzzini брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Аззурра” ХХК-тай хамтран гэрэлтүүлгийн зураг төсөл, төсвийг нарийвчлан боловсруулж, төслийн гүйцэтгэгчээр “Смарт & Симпл” компани ажилласан бөгөөд ССАЖ Яам, Соёлын өвийн үндэсний төв, Чойжин ламын сүм музейн төлөөлөл болон захиалагчийн бүрэлдэхүүнээс бүрдсэн ажлын хэсэг төслийн хэрэгжилтэд хяналт тавин ажилласан аж. Гэрэлтүүлэг нь зөвхөн харанхуй орчныг гэрэлтүүлэхээс гадна түүхэн дурсгалт барилгын архитектурын онцлог, уран хийц, дүр төрх, соёлын давтагдашгүй үнэ цэнийг илүү тодотгон харуулах чухал ач холбогдолтой юм. Тус төслийн үр дүнд Чойжин ламын сүм музейн түүхэн барилга, архитектурын нарийн хийц, уран сайхны онцлогийг оройн болон шөнийн цагаар илүү тод, хүртээмжтэйгээр харах боломж бүрдэж байна. Түүнчлэн музейн гадна орчны гэрэлтүүлгийг шинэчлэх нь соёлын өвийн орчны аюулгүй байдлыг сайжруулах, музейн орон зайн хүртээмж, үзэмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотын түүхэн дүр төрх, соёлын аялал жуулчлалын орчныг баяжуулахад чухал хувь нэмэр оруулах юм. Ийнхүү гэрэлтүүлгийн зөв шийдлээр дамжуулан соёлын өвийг зөвхөн өдрийн цагаар үзэж сонирхох дурсгалт газар бус, хотын амьд соёлын орчны нэгэн үнэ цэнтэй хэсэг болгон олон нийтэд хүргэх боломжийг бүрдүүлж байна. Чойжин ламын сүм музейн гэрэлтүүлгийг шинэчлэх энэхүү төсөл нь соёлын өвийн хадгалалт хамгаалалт, олон нийтийн хүртээмж, хотын соёлын орчны хөгжилд оруулж буй хамтын ажиллагааны бодит хувь нэмэр юм. Мөн Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд, Сэцэн хааны ордон тэргүүтэй нийт 15 төсөлд 3.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, төслийн удирдлагыг амжилттай гүйцэтгэж байна. Дашрамд дурдахад, соёлын дурсгалт газрууд болон дурсгалт уран барилгын нөхцөл байдал эрсдэлийн судалгаа шинжилгээ, барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төлөвлөлтийн чиглэлээр төслүүд хэрэгжүүлсэн. Тухайлбал: Занабазарын музей ба Чойжин ламын сүм музейн Augmented reality AR дижитал үзмэр бүтээж өгч, ухаалаг нүдний шил ба Android, iOS таблетаар үзэх боломжтой болсон. Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах төсөлийг 2019 онд хэрэгжүүлсэн. Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг 2019 онд Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. Чойжин ламын сүм музейн барилгын эвдрэл гэмтлийн судалгаа, сэргээн засварлалтын зөвлөмж, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөө /CMP/-г АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Келли 2019-2020 онд боловсруулсан. Чойжин ламын сүм музейн хоёр га эдэлбэр газрын тохижилтын төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 м.кв ногоон байгууламж, 1500 м.кв авто зогсоол, 1600 м.кв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулж, сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад болон гадна орчны гэрэлтүүлэг суурилуулсан. Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба Дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төсвийг боловсруулж сэргээн засварлахад бэлэн болгосон. Чойжин ламын сүм музейг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch 2020” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлж, олон улсад сурталчлан таниулах ажлыг эхлүүлсний үр дүнд АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан /AFCP/-аас санхүүжилт бүрдүүлэн, Чойжин ламын сүм музейн Ядам сүмийн барилгыг 2021-2022 онд Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран сэргээн засварлахаар болсон байдаг.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!