...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•10-р сар 28

Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Жаргалан, С.Эрдэнэбат, Б.Мөнхсоёл, Б.Заяабал, Р.Батболд, Ц.Баатархүү, Л.Соронзонболд, О.Батнайрамдал, Р.Сэддорж, М.Энхцэцэг, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Б.Уянга, Г.Очирбат, Л.Энх-Амгалан, Г.Лувсанжамц, А.Ундраа, Г.Уянгахишиг нар хүрэлцэн ирж, 59.4 хувийн ирц бүрдэв. Дэгийн дагуу ирц болон товыг хуралдаан даргалагч Б.Заяабал танилцуулсан.

2026-10-28 16.00.11.jpg2026-10-28 16.00.15.jpg

Хуралдаанаар Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Энэхүү анхдагч хуулийн төслийг Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлэхдээ дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа өгөгдлийн зах зээл, эдийн засгийн өгөөжийг харгалзан, халдашгүй байдлыг хангах, хөгжлийн баримт бичгүүдэд нийцүүлж, хөрөнгө оруулалтын нээлттэй загварыг бий болгох бодлогыг чухалчилсан болохыг УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин танилцууллаа.

2026-10-28 16.00.46.jpg

Хууль санаачлагч илтгэлдээ, өгөгдөл нь зөвхөн архивт хадгалагдах мэдээлэл төдий бус бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, хиймэл оюуны хөгжлийн болон стратегийн чухал нөөц гэдгийг онцоллоо. Олон улсын эрх зүйн чиг хандлага, жишгийн дагуу манай улс дата өгөгдлийн хөрөнгө оруулалтын нээлттэй загварыг бий болгохоор төслийг боловсруулсан хэмээв. Нэн тэргүүнд халдашгүй байдлыг хамгаалах, өгөгдлийн чанар, ангилал, уялдааг томьёолох, дотоодын дата төв, үүлэн дэд бүтцийг тэлэх, Монгол Улсыг гадны технологи хэрэглэгч бус, өгөгдөл боловсруулдаг, хиймэл оюуны тооцооллын хүчин чадал экспортолдог орон болгох зорилт тавьсан гэсэн юм. Тиймээс эрчим хүч, сүлжээ, эрх зүйн бие даасан байдлыг нэгэн зэрэг хангах «Sovereign by Design» бодлогыг хуулийн төсөлд тусгаад байгаа. Өгөгдлийн тухай хуулийн төсөл нь зургаан бүлэг, 25 зүйлтэй, өгөгдлийг үүсгэхээс эхлээд устгах хүртэл 11 үе шат бүрийг эрх зүйн хүрээнд иж бүрэн зохицуулахаар төлөвлөсөн. Төрийн анхдагч мэдээллийн санг давхардуулахгүйгээр нэгдсэн каталог, мета өгөгдөл, систем хоорондын холболтод суурилсан төрийн их өгөгдлийн дэд бүтцийг бүрдүүлж, өгөгдөлд хандсан үйлдэл бүрийг бүртгэхээр зохицуулалтыг тусгасан. Төрийн их өгөгдлийг “нээлттэй”, “хязгаарлалттай”, “хаалттай”, “нөхцөлт хандалттай” гэж ангилан хандалтын эрх олгох бол өгөгдлийг “нээлттэй”, “судалгааны”, “хязгаарлагдмал”, “арилжааны”, “нийтийн ашиг сонирхлын” хэмээн ангилж, лицензээр ашиглуулах ажээ. Өгөгдлийн эзэн өөрт хамаарах, өөрийн үйл ажиллагааны явцад үүссэн өгөгдлөө үнэ төлбөргүй авах, хүсэлтээрээ техникийн боломжтой үед өөр үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх эрхийг тусгасан. Харин гадаадын этгээдийн дата төвийн дэд бүтцийн хүсэлтийг нэг цонхоор зохион байгуулж, үр ашгаас хуваалцах гэрээ байгуулна. Ногоон дата төвийн сүлжээний холболт, илүүдэл эрчим хүчний худалдан авалт, зээлийн дэмжлэгийг холбогдох хуулиудтай уялдуулна. Өгөгдлийн ашиглалт, чанарын нэгдсэн тайланг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байхаар төсөлд тусгасан тухайгаа сайд Ч.Номин илтгэлээ. Энэхүү төсөл нь өгөгдөлд суурилсан бизнес, монгол хэлний хиймэл оюуныг хөгжүүлэх, үндэсний тооцооллын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, уул уурхайгаас бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.

2026-10-28 15.59.57.jpg

Хууль санаачлагчийн илтгэл, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асууж, Ажлын хэсэг хариуллаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, өгөгдлийн өмчлөгч эзэн нь хэн байх, үйлчилгээ үзүүлэгч этгээд зуучлагч хоёрын зааг ялгааг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өгөгдлийг нээлттэй болгож байгаагаараа чухал төсөл болохыг онцлоод, хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудлыг тодруулав.

2026-10-28 16.01.33.jpg2026-10-28 16.01.49.jpg

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, эдийн засгийн үр өгөөжийн талаар, УИХ-ын гишүүн П.Батчимэг, хүний хамгийн эмзэг мэдээллийн аюулгүй байдалд хүний эрхийн үндэсний байгууллага хяналт тавих, Үндсэн хуульд нийцүүлсэн эсэх, УИХ-ын гишүүн Г.Очирбат Статистикийн тухай хуультай хэр уялдсан талаар асууж, үг хэллээ.

2026-10-28 16.00.40.jpg2026-10-28 16.00.56.jpg

УИХ-ын гишүүн Э.Болормаа үндэсний аюулгүй байдлыг хангах, хамгаалах тухай, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц,  Ш.Бямбасүрэн, М.Мандхай нар өгөгдлийг хамгаалах, Дата төв байгуулах асуудлыг хөндөн асуулт тавьж, байр суурь илэрхийллээ.

2026-10-28 16.01.06.jpg2026-10-28 16.01.55.jpg2026-10-28 16.02.15.jpg2026-10-28 16.02.32.jpg2026-10-28 16.02.27.jpg

Төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Булгантуяа, О.Батнайрамдал, Г.Уянгахишиг, Б.Мөнхсоёл нар үг хэлэв. Өгөгдлийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн таван хуулийн төслийг мөн дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар болов.

2026-10-28 16.07.14.jpg

Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн, Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгууллаа. Тус Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Б.Заяабал ахална гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!