УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн ажлын тайлан

Хууль тогтоох үйл ажиллагаа:
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
2025 оны 07 дугаар сарын 02
Боловсрол бол улс орны хөгжлийн түлхүүр.
УИХ-ын нэр бүхий 40 гишүүний хамт Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Их Хурал 2023 онд Боловсролын багц хуулийг шинэчилсэн найруулгаар баталж, боловсролын салбарын эрх зүйн орчин, санхүүжилт, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох суурийг бүрдүүлсэн. Гэвч хуулийг хэрэгжүүлэх явцад боловсролын санхүүжилт, багшийн цалин хөлс, нийгмийн баталгаа, хүний нөөц, сургалтын байгууллагын удирдлага зэрэг асуудлыг илүү тодорхой зохицуулах шаардлага үүссэн гэж хууль санаачлагчид үзжээ.
Хуулийн төслийг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, боловсролын салбарыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, сургалтын чанар, агуулгыг хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах зорилгоор боловсруулсан байна.
Төсөлд боловсролын салбарын санхүүжилт, багш ажилтны цалин хөлс, нийгмийн баталгаа, хүний нөөц, удирдлагын тогтолцоонд чиглэсэн дараах гол зохицуулалтыг тусгажээ. Үүнд:
· төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын багш, удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалинг улсын дундаж цалингаас багагүй байхаар тооцож, инфляцтай уялдуулан жил бүр шинэчлэн тогтоох;
· боловсролын нийтлэг үйлчилгээний ажилтны үндсэн цалин болон багшийн үндсэн цалингийн зөрүүг 20 хувиас илүүгүй байлгах;
· цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн анги, бүлгийн хүүхдийн тоо тогтоосон нормативаас хэтэрсэн тохиолдолд хүүхдийн тоотой уялдуулсан цалингийн нэмэгдэл олгох;
· анги, бүлэг удирдсан багшийн нэмэгдлийг суралцагчийн тоотой уялдуулан тогтоох;
· аймаг, нийслэл, дүүргийн боловсролын байгууллагын удирдлага болон төрийн, орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, насан туршийн суралцахуйн төвийн удирдах албан тушаалтныг хугацаатай томилох зохицуулалтыг бий болгох;
· төрөөс боловсролын салбарт зарцуулах санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувиас, эсхүл улсын төсвийн нийт зардлын 20 хувиас доошгүй байхаар хуульчлах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Мөн багш мэргэжлээр амжилттай суралцаж байгаа суралцагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг болон амьжиргааны тэтгэлэг олгох, багш, ажилтны нэмэгдэл амралт, орон нутагт ажилласны нэмэгдэл цалин, урамшуулал, тэтгэмжийг сайжруулах зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагад 25-аас дээш жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн багш, боловсролын мэргэжлийн болон удирдах ажилтан өөрөө хүсвэл эмэгтэй 50, эрэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах, ажилласан нэг жилийг 1.5 жилээр тооцон нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг төсөлд санал болгосон байна.
Хуулийн төсөлд төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох сургалтын хувьсах зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3–4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тооцож, инфляцтай уялдуулан жил бүр шинэчлэх, хүүхдийн хоолны зардлын хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэчлэн тогтоохоор тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар боловсролын санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, нэг суралцагчид ногдох санхүүжилтийг нэмэгдүүлэх, суралцах орчин нөхцөлийг сайжруулах, багш бэлтгэх тогтолцоог дэмжих, багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх, боловсролын салбарын хүний нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлэх, улмаар боловсролын чанарт ахиц гаргах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.
Хуулийн төсөл нийт 5 зүйлтэй бөгөөд боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, санхүүжилт, багш ажилтны хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа, боловсролын байгууллагын удирдлага, хүний нөөцийн тогтвортой байдлыг цогцоор нь сайжруулахад чиглэжээ.
БАГШИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ УЛСЫН ДУНДАЖ НЭРЛЭСЭН ЦАЛИНГААС ДЭЭГҮҮР ТОГТООХ БОДЛОГЫГ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГУУЛЛАА
2025 оны 11 дүгээр сарын 28

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлав.Уг тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа багшийн хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг бодитой нэмэгдүүлэхэд чиглэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа.
Дэмжигдсэн саналын хүрээнд 2026–2030 онд төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургуулийн багшийн үндсэн цалинг өмнөх жилийн улсын дундаж нэрлэсэн цалингаас дээгүүр тогтоох бодлогын зорилтыг таван жилийн үндсэн чиглэлд тусгав.
Ингэснээр багшийн үндсэн цалинг нэг удаагийн шийдвэрээр бус, улсын дундаж нэрлэсэн цалингийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогын үндэс бүрдэж байгаа юм.Тухайлбал, 2026 онд багшийн үндсэн цалинг 2025 оны улсын дундаж нэрлэсэн цалингаас дээгүүр буюу 2.8 сая төгрөгт хүргэх, 2027 оноос эхлэн тухайн жилийн өмнөх оны улсын дундаж нэрлэсэн цалинг жишиг болгон багшийн үндсэн цалинг түүнээс дээгүүр тогтоох зарчим 2030 он хүртэл үргэлжлэхээр тусгагдсан.
Энэхүү бодлогын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар жил бүрийн хөгжлийн төлөвлөгөө болон улсын төсвийн төсөлд шаардагдах санхүүжилтийг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, төсвөөр баталгаажуулах шаардлагатай болж байна.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр нэр бүхий 40 гишүүний хамтаар өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлдөө төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын багш, удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалинг улсын дундаж цалингаас багагүй байхаар тооцож, инфляцийн түвшинтэй уялдуулан жил бүр шинэчлэн тогтоох зохицуулалтыг мөн санал болгосон юм.
Ийнхүү багшийн цалин хөлсийг улсын дундаж цалинтай уялдуулах асуудлыг хуулийн төсөл санаачлах болон Монгол Улсын таван жилийн хөгжлийн бодлогод тусгуулах чиглэлээр үе шаттай ажиллав.
“Сайн цалинтай, сайн багшийн гар дээр эх орны маргаашийн наран мандана.”

Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
