Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2026.10.22/ 10 цаг 41 минутад 29 гишүүний 15 буюу 51.7 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, таван хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга М.Мандхай даргалж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.8-д заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Гишүүдийн ирцийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу. Screenshot 2026-10-22 at 10.43.06.png Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат усны төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь чухал гээд, энэ хүрээнд ирэх оны төсөвт “Онги-Цагаан бургастай” төсөлд хэчнээн төгрөг төлөвлөсөн талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгосон төрийн дэмжлэг, урамшуулал, хөнгөлөлттэй зээлийг үр дүнтэй болгоход төсвийн хүрээний мэдэгдэлд шийдэл гаргаж ажилласан эсэхийг тодруулж, хариулт авсан. 02.jpg Гишүүдээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар танилцуулахаар тогтов. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа Дараа нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Сангийн сайд З.Мэндсайхан хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа, 2027 онд ойжуулалт, нөхөн сэргээлт, ойн хөнөөлт шавжтай тэмцэх, тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдал, усны нөөцийг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, 15 мянган га-аас доошгүй талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж, 1.9 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар, цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээнд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгасныг онцлов. 6.jpg Мөн хүнсний хангамжийг тогтворжуулж, газар тариалан, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор нийт 54.7 тэрбум төгрөгийг улаанбуудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд зориулан төлөвлөжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд зэрэг төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад гадаадын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Оюу толгойн ногдол ашгийн хүрээнд нийт 543.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 56 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 254.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан. Дээрх төслүүдийн 52 хувь буюу 131.5 тэрбум төгрөгийг үргэлжлэн хэрэгжих төсөлд, 48 хувь буюу 122.7 тэрбум төгрөгийг шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх бөгөөд 53 төслийг 2027 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөснийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Алтай, Дэлүүн суманд гарсан шүлхий өвчинтэй холбоотой нөхөн төлбөрийг өнөө хэр олгоогүйг дурдаад, ирэх оны төсөвт тусгасан эсэхийг лавлав. 3.jpg Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хариултдаа, Баян-Өлгий, Ховд аймагт гарсан шүлхийн өвчинтэй холбоотойгоор 4700 гаруй үхрийг устгахаас эхлээд нийт зардалд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс зургаа орчим тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Уг хөрөнгийг Сангийн яамаар дамжуулаад тухайн аймгуудын Засаг даргын Тамгын газрын төрийн санруу шилжүүлснийг онцлов. Мөн салбарын яам цаашид шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэх зарчмыг баримталж, энэ хүрээнд техникийн шинэчлэлийг хийхээр ирэх оны төсвийн төсөлд холбогдох зардлыг тусгасан гэлээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум 2026 оныхоо төсвөө батлаагүй өдрийг хүрснийг дурдаад, 2027 оны төсвийн төсөлд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэг орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой. Өөрөөр хэлбэл, орон нутгийг удирдах байгууллага өөрийнхөө төсвийг батлах нь бүрэн эрхийнх нь асуудал. Үүнд Засгийн газар, Улсын Их Хурал хөндлөнгөөс оролцох боломжгүй, бас шийдвэрийг нь өөрчлөх эрхгүй хэмээн хариулсан. 4.jpg Ингээд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Жаргалан, О.Амгаланбаатар, Б.Шижир нараас гаргасан зарчмын зөрүүтэй 13 саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр хавсралтын “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багцад “22.6.1.3 Үнэлгээгээр илэрсэн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө, хэрэгжилт. Хэмжих нэгж: хувь, Суурь он: 2026 он, Суурь түвшин: “Т”, Зорилтот түвшин: “Т+5” гэсэн дэд заалт нэмэх, мөн хавсралтын “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад “30.3.1.2 Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, найрлага, харшил үүсгэгч болон аюулгүй байдлын мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх арга хэмжээ. Хэмжих нэгж: хувь, Суурь он: 2026 он, Суурь түвшин: “Т”, Зорилтот түвшин: “Т+5” гэсэн дэд заалт нэмэх” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багц дахь байрны түрээсийн зардал болох 549.1 сая төгрөгийн санхүүжилт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь байрны түрээсийн зардлын 266.3 сая төгрөгийн санхүүжилтийг хасах” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Байнгын хороо хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.
0 / 350 тэмдэгт
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!