“Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.10.19) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсрол, нийгмийн хамгаалал, хэрэглэгчийн эрх, орон нутгийн хөгжлийн чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэл хийхэд түлхүү анхааран ажилладаг юм.

Өнөөдрийн уулзалтад оролцсон иргэд парламентаас батлан гаргаж буй хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, зарим асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, шүүхийн шийдвэр гарсан ч гүйцэтгэлийн шатанд гацах, хугацаа алдах, эсхүл огт хэрэгжихгүй байгаагаас шалтгаалан иргэдийн эд хөрөнгийн үнэлгээ буурах, төлбөр төлөгч тал шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх, хуулийн хийдэл үүсэх, дуудлага худалдааны маргаан гарах зэрэг хүндрэл гарч байгааг хөндлөө. Иймд шүүх болон хууль хяналтын байгууллагад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатайг уламжлав.

Түүнчлэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж зэрэг мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа, уялдаа холбоо хангалтгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Сүүлийн жилүүдэд виртуал хөрөнгийн үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллага, шинээр гарч буй бонд, өрийн хэрэгслүүдэд тусгай зөвшөөрөл олгох явц нэмэгдсэн ч тэдгээрийн бодит эрсдэлийг хянах, иргэдийн хөрөнгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт учир дутагдалтай байгааг хэлсэн юм.

Санхүүгийн зах зээл бүхэлдээ харилцан хамааралтай бөгөөд нэг талдаа хяналт, зохицуулалт алдагдахад нийт эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, иргэд, хөрөнгө оруулагчид хохирох тохиолдол олон улсад ч гарч байгааг хэлж, гарц шийдлийн талаар санал дэвшүүлэв. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хүнд сурталгүй, цахим, ил тод болгох эрх зүйн шинэчлэлийг хийх, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүний үйлчилгээнд тавих хяналтыг тодорхой болгох, мэргэжлийн байгууллагуудыг бие даасан, хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахад хууль тогтоогчдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.


Иргэд хууль тогтоогчидтой биечлэн уулзаж, өөрт тулгарч буй бэрхшээл, санал хүсэлтээ шууд илэрхийлэх боломжийг бүрдүүлсэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэд талархал илэрхийлж, эргэх холбоотой ажиллахыг хүсэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ иргэдээс гаргасан санал, хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, зарим асуудлыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцсан албан тушаалтнуудаас мэдээлэл авч ажиллахаа мэдэгдэв.


Мөн алслагдсан аймаг, сумын иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор “Нээлттэй парламент” танхимын уулзалтыг орон нутагт хийхээр төлөвлөж буйгаа хэлсэн юм.



Энэ удаагийн уулзалтад иргэдээс гадна сэтгүүлчид оролцож, мэдээлэл авлаа. Тэрбээр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх зүйн орчин, үр ашиг, засаглалын талаар болон цаг үеийн бусад асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
