...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•10-р сар 12

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2026.10.12) Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн гишүүн, хатагтай Кумари Сэлжа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, Энэтхэгийн Лок Сабхагийн гишүүн Кумари Сэлжа Кумари Сэлжа тэргүүтэй төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж талархал илэрхийлээд, хүндэт зочдыг тавтай зочлохыг урив. Монгол, Энэтхэг улсууд мянга мянган жилийн түүхэн одоо харилцаатай, оюун санааны хөршүүд төдийгүй Ази тив дэх ардчиллын жишиг орнууд гэдгийг тэмдэглэв. Хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлалуудын тогтмол давтамжийн үрээр Монгол, Энэтхэг улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа улам бүр гүнзгийрч байгааг эдийн засаг, нийгэм, соёлын агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн чухлыг тэрбээр хэллээ.

photo_2026-10-12_18-03-23 (3).jpg

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурлын гишүүд санаачлан, Улаанбаатар хотноо зохион байгуулж буйг дуулгаад, энэ ташрамд Монгол Улсын Их Хурал болон Энэтхэг Улсын Лок Сабха хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, 2023 онд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулснаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байсан гэв. Улмаар үүний үр дүнд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл өнөөдрийн түвшинд хүрсэн бөгөөд ирэх 2028 онд парламентын сонгуульд нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх болно гэдгийг танилцуулсан.

Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэнээр Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжтэй шийдвэрүүд гаргаж байгаа хэмээн үзэж буйгаа тэрбээр дурдаад “Өнөөдөр ч гэсэн манай эмэгтэй парламентчдын манлайллаар дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна” хэмээсэн.

photo_2026-10-12_18-03-23 (6).jpg

Цаг зав гарган хүлээн авч уулзсан Улсын Их Хурлын дэд даргад хатагтай Кумари Сэлжа талархал илэрхийлээд, тэртээ 1995 онд Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг Монгол Улсад залах үеэр Соёлын сайдын хувиар Монгол Улсад анх ирж байснаа дурсав. Уламжлалт түүхэн оюун санааны харилцаагаа, энх тайванч харилцаа, ардчилсан зарчмаараа нэгдэн үргэлжүүлэхийн чухлыг тэрбээр хэлсэн юм. Нийтдээ 900 сая хүн сонгуульд оролцдог агуулгаараа Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь хамгийн том ардчиллын орон бол Монгол Улс хамгийн залуу ардчиллын орон байтал парламент дахь жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээрээ Монгол Улс хэдийнэ Энэтхэг Улсыг давсан байгааг тэмдэглэн сайшаав. Энэтхэг Улсын хувьд дараагийн сонгуулиар парламентынхаа доод танхим буюу Лок Сабхагийн 1/3 хувьд эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаахаар зорьж байгааг дуулгасан.

photo_2026-10-12_18-03-22 (3).jpg

Монгол Улс энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулсанд талархал илэрхийлээд, өөрсдийн туршлага, зорилтоо дэлхий нийттэй хуваалцахын сацуу шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээрх бусад улс орны туршлага, мэдээллийг авч, олон зүйл суралцсан болохоо хэлэв. Энэхүү чуулга уулзалтад парламентын эмэгтэй, эрэгтэй гишүүд хамтдаа идэвхтэй оролцож байгааг онцлон, талархал илэрхийлсэн юм.

photo_2026-10-12_18-03-23 (4).jpg

Монгол, Энэтхэгийн хооронд тогтмол, шууд нислэг үйлдэж эхэлсэн нь иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэг байлаа. Түүнчлэн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй томоохон төслүүд, ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой тул төслийн эцсийн үр дүнг монголчуудад хүргэх нь чухал гэдгийг харилцан тэмдэглэж байв.

photo_2026-10-12_18-03-23.jpg

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчдөд амжилт хүсэж, жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд гаргасан шинэ санаачилга бүрийг Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллах болно гэдгийг илэрхийлсэн гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!