Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.17/ хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.8-д заасны дагуу хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр нь танилцууллаа. Тус Байнгын хорооны ирвэл зохих 29 гишүүнээс 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, П.Батчимэг, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Д.Жаргалсайхан, М.Мандхай, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Б.Уянга, Ж.Чинбүрэн нар хүрэлцэн ирснээр 51.7 хувийн ирцтэй эхэлсэн.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Э.Болормаа танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2026 оны 263 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, С.Ганбаатар, П.Наранбаяр, С.Одонтуяа, П.Сайнзориг, Ч.Ундрам, С.Эрдэнэбат нарын гишүүд ажилласныг онцлов. Ажлын хэсэг энэ хугацаанд хоёр удаа, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэмжих баг дөрвөн удаа хуралдан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаар 28 саналын томьёолол бэлтгэж, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх гурван санал, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх нэг саналын томьёоллыг хэлэлцэн дэмжиж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзжээ.
Тухайлбал, хуулийн төслийн нэр томьёоны тодорхойлолтыг сайжруулах, эдийн засгийн үр ашигтай байх зарчмыг тусгах, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Үндэсний зохицуулагч байгууллага байх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдлын үнэлгээг жил бүр, уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага, нөлөөллийн үнэлгээг таван жил тутам хийж, үнэлгээний дүнг нэгтгэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг бүх шатны боловсролын түвшинд эзэмшүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хандлага, оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон санхүүжилтийн стратегийн хамрах хүрээ, хэрэгжилтийн уялдаа холбоог илүү нарийвчлан тодорхойлон нэмж тусгасан гэдгийг Э.Болормаа гишүүн танилцуулгадаа дурдсан.
Ингээд хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Парисын хэлэлцээрээр зохицуулсан харилцааг хуульчлахдаа хуулийн төсөлтэй хэр нийцүүлсэн, улмаар ингэж хуульчлахдаа давхардал, хүнд суртал үүсгэсэн эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан хуулийн төсөлд тусгасан хүлэмжийн хийн тэг ялгаралд хүрэх зорилгод хүрч чадах эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат өнгөрсөн хугацаанд уг хуулийг боловсруулан батлаагүй байснаараа өнөөдрийг хүртэл ямар зохицуулалтуудыг хийж чадахгүй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр хуулийн төсөл хэлэлцэн батлагдсан нөхцөлд татвар, санхүү төсөвтэй холбоотой өөрчлөлт гарах эсэхийг тодруулж, хариулт авсан.
Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 40 саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалт, 5.2 дахь хэсгийг тус тус хасаж, “эдийн засгийн үр ашигтай байх;” гэх агуулгатай 5.1.1 дэх заалт нэмэх, 12 дугаар зүйлд “Төрийн захиргааны байгууллага Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20.3-т заасан журмын дагуу уур амьсгалын өөрчлөлтийн даван туулах нөлөөллөөс үүдэн гарах эдийн засгийн болон эдийн засгийн бус гарз хохирлын үнэлгээг хийнэ.” гэх 12.6 дахь хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн төслийн 8 дугаар зүйлд “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэх 8.2 дэх хэсэг, “сааруулалтын үр дүнг тооцох аргачлал, стандарт, ялгарал болон шингээлтийн итгэлцүүрийг Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хорооны дэргэдэх техникийн хороогоор хэлэлцүүлж, түүний дүгнэлтэд үндэслэн батлах;” гэх 8.2.18 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 18 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хийлээ. Хуулийн төсөл нь 10 бүлэг 59 зүйлтэй бөгөөд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээ, ойн тогтвортой менежментийн тусгай зарчим, түүнтэй холбоотой зохицуулалтыг шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэн өөрийн орны онцлогийг харгалзан “заган ой”, “татмын ой”, “ойн эдийн засаг”, “ойн нүүрстөрөгчийн шингээлт”, “ойн нүүрстөрөгчийн ялгарал”, “ойн нүүрстөрөгчийн кредит”, “ойн экосистем”, “таримал ой”, ногоон байгууламж зэрэг нэр томьёог шинээр тайлбарласнаас гадна “ой”, “ойн аж ахуйн арга хэмжээ” зэрэг нэр томьёог өөрчлөн найруулахаар тусгажээ.
Мөн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ойн тухай хуульд хэрэглэсэн “ойн үржүүлэг” гэсэн нэр томьёог олон улсын жишигт нийцүүлэн Ойжуулалт болон “ой нөхөн сэргээлт” гэж ялган тодорхойлсон гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.
Түүнчлэн Ойн бүсийн ангиллыг өргөжүүлж, тусгай зориулалтын ой гэсэн ангиллыг нэмж оруулсан, ойн бүсийн ангилал бүрийн дэглэм, тухайн бүсэд хориглох үйл ажиллагааг тодорхойлохын зэрэгцээ иргэн өөрийн өмчлөлийн газартаа, аж ахуйн нэгж байгууллага ойжуулахаар авсан газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ойн үр шимийг нь хүртэх, таримал ойг ойн мэдээллийн цахим системд бүртгэж, баталгаажуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
Ойн баялгийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хаягдалгүй, үр ашигтай ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, био түлш, ойн химийн үйлдвэрлэлийг дэмжих, нүүрстөрөгчийн шингээлт ба кредиттэй холбоотой харилцаа, ялангуяа нөхөрлөл хариуцан хамгаалж байгаа ойн сангийн кредитийг ашиглах зах зээлд оролцох боломжийг шинээр оруулсан гэлээ.
Мөн орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, тэднийг ой хамгаалалтад идэвхтэй татан оролцуулах зорилгоор ой бүхий нутгийн иргэд, нөхөрлөлүүд ойн дагалт баялаг ашиглахад давуу эрх байх зохицуулалт нэмсэн байна. Ойн салбарын бодлогыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор ойн салбарын төрийн байгууллагын тогтолцоог шинэчилж, салбарыг төвлөрсөн, нэгдмэл удирдлагатай болгох, ойн ангийн дарга, ажилтнуудыг төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид хамааруулах, улмаар ойн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулахад орон нутгийн оролцоог дэмжих, салбарын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх зорилго бүхий ойжуулалтын сан, түүний эх үүсвэр, зарцуулалтыг шинээр нэмсэн аж.
Ойн мэдээллийн цахим санг хөгжүүлж салбарын үйл ажиллагаанд оролцогчдын мэдээлэл солилцох, ойн сантай холбоотой бүртгэл, зөвшөөрөл, хяналт, мэдээлэл, гарал үүсэл, эрхийн бичгийг цахимжуулах, мод бэлтгэл, боловсруулах үйлдвэрлэлийн үйл явцыг ойн тогтвортой менежментийн стандартыг хангаж байгааг баталгаажуулах харилцааг хуульчлахаар тусгажээ. Улсын, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө нь стратегийн шинжтэй байх бол сумын ойн менежментийн төлөвлөгөө нь тухайн нутаг дэвсгэрийн ойд хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээг тусгах ба 10 жилийн хугацаатай байх, хугацаанаас өмнө байгалийн аюулт үзэгдлийн улмаас ойн төлөв байдалд их хэмжээний өөрчлөлт орсон нь ой зохион байгуулалт, тооллогоор тогтоогдсон, эсхүл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ойн сан бүхий газрын ангилалд өөрчлөлт орсон үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах, тайланг тухайн жилд багтаан цахим системд илгээж байхаар менежментийг тусгайлан заасан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулж байлаа.
Хуулийн төслийг баталснаар ойн салбарын удирдлага, зохион байгуулалт, тогтолцоо тодорхой болж, хууль үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Мөн ойн нөөцийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, ойн био эдийн засаг хөгжиж, ойн нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өргөжихийн зэрэгцээ нүүрстөрөгчийн зах зээлд оролцох зохицуулалт тодорхой болсноор ойн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хуулийн төслийн шинэчилсэн найруулыг хийгээгүй нөхцөлд ямар үр дагавар үүсэхийг, ойн сав газрыг бүрэн дүүрэн цэвэрлэж байгаа эсэх, самар түүж байхдаа ойн сан, дагалдах баялгийг сүйтгэсэн иргэдэд хариуцлага тооцох зохицуулалтыг тусгасан талаар, Улсын Их Хурлын гишүүн Мөнхбаясгалан хуулийн төслийн 35 дугаар зүйлд ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх агуулгын зохицуулалтад экологийн тэнцвэрт байдлаа алдагдуулахгүйгээр хөрс, усыг гэмтээхгүй байх зохицуулалт бий эсэхийг лавласан. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар хуульд хангайн бүсийн ойг хамгаалах тухай асуудлыг хөндсөөр ирсэн тул төслийн хэлэлцүүлгийн явцад говийн ойн тухай асуудлыг тусгаж оруулах нь зүйтэй гэсэн санал хэлэв.
Төсөл санаачлагч гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулахдаа, био эдийн засгаар дамжуулж ойг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын хүлэмжийн хийн зах зээл дээрээс мөнгө олох боломж байгаа тул одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагууд байна гэв. Тухайбал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хогийн цэгийн бүрдүүлбэрийнх нь 60 хувь нь модны үртэс байхад огт ашиглаж чадахгүй байна. Мөн Монгол Улсад хөнөөлт шавж болон ой хээрийн түймэрт өртсөн модны хэмжээг нийтэд нь тооцвол 32 жил ашиглах нөөц байгаа тул үүнийг ашиглах агуулгыг төслийн шинэчилсэн найруулгад эдийн засагжуулах зохицуулалтаар оруулсан гэв. Түүнчлэн төслийн 36 дугаар зүйл дээр хушин ойн менежмент буюу самрын модны талаар тусгаж, хариуцлагажуулах хэлбэрээс нь шалтгаалаад Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх зохицуулалтууд байгаа гэхийн зэрэгцээ төслийн 35.2-д ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ойн дагалт баялгийг түүж бэлтгэхэд хязгаарлалт тогтоож болно, 35.5-д боловсруулаагүй ойн дагалдах баялгийг экспортлохыг шууд хориглох гэх зэргээр тодорхой асуудлуудыг тусгасан хэмээн Б.Бат-Эрдэнэ гишүүн хариулж байлаа.
Ингээд Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2026 оны 01 тоот тогтоолоор байгуулсан гээд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бейсен, М.Ганхүлэг, Ж.Чинбүрэн, А.Ундраа нар ажилласныг дурдав. Энэ хугацаанд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах өөр хэл дээр батлагдсан газарзүйн нэрийн жагсаалтыг шинээр батлах, өөрчлөхтэй холбогдуулан газарзүйн нэрийн монгол кирил үсгийн латин хөрвүүлгийн стандарт, зарим газарзүйн нэрийн монгол хэлний дүрмийн алдаатай эсэх талаарх лавлагаа, мэдээллийг авч ажилласан гэлээ.
Мөн ажлын хэсгийн ахлагчаас Баян-Өлгий аймагт хамаарах зарим газарзүйн нэрийн талаар Монголын туваачуудын нийгэмлэгээс ирүүлсэн саналтай холбогдуулан тус нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцон холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн хэмээв.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, тогтоолын төсөлтэй холбогдуулан 1, 2 дахь заалтын зарим дэвсгэр нэрд хамаарах газарзүйн нэрийг нийцүүлж холбогдох засварыг хийх, тогтоолоор зарим асуудлыг Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзсэн байна Үүнд:
-Энэ тогтоолоор баталсан газарзүйн нэрийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх, Монгол Улсын Их Хурлаас баталсан газарзүйн нэрийг батлагдсан стандартад нийцүүлэн латин үсэгт галиглан хэрэглэх, газарзүйн нэрийг судлах, сурталчлах, хамгаалах, мөрдүүлэх, цахим системээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
-Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газарзүйн нэрийн тодотголыг хийж, сумдын хилийн цэсийг албан ёсны газарзүйн нэрийн дагуу шинэчлэн, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж 2027 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
-Төслийн нэр томьёог жигдлэх, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн тогтоолын заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөн, бүтэц найруулга, латин хөрвүүлгэд холбогдох хууль зүйн техникийн засвар хийснийг Б.Уянга гишүүн танилцуулгадаа дурдсан.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Г.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Иймд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Мөнхсайхан танилцуулсан.
Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу нэг саналаар санал хураах шаардлагатай гэж үзжээ. Мөн нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул ажлын хэсгээс бэлтгэсэн нэг саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны төгсгөлд Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн (Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан) анхны хэлэлцүүлгийг хийв.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан.
Улсын Их Хурлын гишүүн Мандухай нарын 10 гишүүнээс 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлд хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд дунд хугацааны хөгжлийн зорилт, хөтөлбөртэй байх асуудал туссан боловч холбогдох хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагч өргөн мэдүүлээгүй байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг тодотгов.
Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт анхдагч болон хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хууль тогтоомж хоорондын уялдааг хангах зорилгоор холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан хамтад нь хэлэлцүүлж болно гэж заасныг үндэслэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт 6.5.9 Хөдөө аж ахуйн хөгжлийн зорилтот хөтөлбөр гэсэн заалт нэмэх хуулийн төслийг боловсруулсан байна.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Уг төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гарган санал хураалгав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжсэн бөгөөди энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
