...
...
Logo
нийтлэл
Sainjargal
6-р сар 11

Биднийг таксичид л тэсвэр, тэвчээртэй болгож байна

Биднийг таксичид л тэсвэр, тэвчээртэй болгож байна

Монголын таксины жолооч нар бол “амьдралын көүч” гэдгийг бүгд мэднэ. Нэмээд хүний амьдрах орчны сонголтыг шүүмжлэх үйлчилгээ ч тэдэнд бий. Би такси барихдаа дандаа азгүйтдэг төрлийн хүн. Эсвэл Монголд такси барих нь аз, одтой холбоотой асуудал ч юм уу.  

Би хотын төвөөс хол (Сүхбаатарын талбайгаас 17 орчим кмамьдардагГэхдээ амьдрах зайнаас үл хамаараад хааяа ажил тараад хамт олон, найз нөхөдтэйгөө уулзан оройтох нь бий. Нэг удаа ийн оройтоод гар утасны аппликейшнаар такси дуудлаа. Дунд эргэм насны жолооч ирж, намайг суулгаад хөдлөв.  

Жолооч: Хаашаа явах билээ? 

Би: Баруун салаа.  

Жолооч: Пэээ, тэр холоос энд ирээд шоудчихаж байгаа юм уу?  

Би: Тийм ээ.  

Жолооч: Юугаа хийж хаа байсан тэндээс хотын төв орж ирдэг байна даа (халаглах).  

Чимээгүй л байя гэж нэг бодсоноо “Үгүй ер нь би хол амьдардаг байлаа гээд яагаад хотын төвд ирж болдоггүй билээ” гэх бодол адгаж өнөөхтэйгөө жаахан хэлэлцүүлэг өрнүүлээд авлаа. Тэгтэл өмнөөс “Дуугай бай” гэж загнаж байна. Хариуд нь “Ийшээ зогс” гэж хэлчхээд замын дунд бууснаар бидний үйлчилгээний харилцаа дууссан.  

Монголын таксины жолооч нар амьдралын зөвлөгөө өгч, улстөр ярьдаг, энэ бүхнийг нь үйлчлүүлэгчид явган шог болгож, өөрсдийнх нь тодорхойлдгоор “амьдрах гээд л явж байгаа шүү дээ” гэж ойлгохыг хичээсээр ирсэн. Гэтэл тэд улам дур зоргоор аашилж, үйлчлүүлэгчийнхээ амьдралын нөхцөлийг дорд үзэж чадаж байгаа нь гайхамшиг биш гэж үү. Мөнгөө төлөөд үйлчилгээ авч байж нэмээд доромж амсана, нээрэн гоё шүү манай таксичид.  

Цаашлаад илүү мөнгө нэхдэг таксины жолооч нарын тухай бид ярьдаг. Саяхныг хүртэл ийм жолоочтой таараагүй явсан ч нэг л өдөр буу халж байгаад илүү мөнгө авдаг таксины жолоочтой нүүр тулдаг юм. 

Тэр намайг машинд сууснаас хойш эхнэр, хүүхэд, хүүхдийн хүүхэд, залуу нас, хүүхэн шуухан гээд ертөнцөд байж болох бараг бүхий л сэдвээр ярилаа.  Би ч сонсоод л, инээгээд л, зарим үед ярианд нь дэм болж хөөргөөд л явлаа.  

Очих газар дөхөөд иртэл "Зарим такси километр нь 2000-аар яваад байна. Би ч 1500-аар явж байгаа, ард түмэндээ хайртай хүн дээ, би" гэв.  

-Хэд гарсан бэ, ах аа?  

-8000 

-За зүгээр байгаарай, 5000 л гардаг юм.  

-Аан тийм үү.../Хэсэг чимээгүй болов/. Тав ч арай биш л байна даа, миний дүү 6000 л гарч байна даа.  

-Та чинь ард түмэндээ хайртай гээ биз дээ гэчхээд 5000 төгрөг төлөөд буулаа.  

Ардын эрхээс Натурын гүүр ороход 8000 төгрөг гарах боломж зөвхөн тэр жолоочийн эдийн засгийн онолд бий байх. Сайхан зан гаргаж, зам зуурт дотно сэтгэгдэл төрүүлэх гэж хавийн юм хамж, шимж ярьдаг, энэ бүхнийхээ хариуд санаандаа орсон тоогоо хэлж мөнгө авдаг таксины жолооч нар үнэхээр л байдаг юм билээ.   

Мөн шахаж суулгаад, нэмээд хүн авдаг нэг сумаар хоёр туулай бууддаг таксичид байна. Энэ их түгжрэл, үргэлж дуусчихдаг шатахуун, түлшийг бодсон ч энэ үйлчилгээг нь хүлээн зөвшөөрөх хүн чанар зулгаадаг л юм. Намайг суулгасан таксины жолооч замд гар өргөсөн хүнийг “Хаашаа явах юм” гэж асуухад нөгөө хүн “Нарны гүүр” гэхэд нь суулгачихлаа. Ингээд хоёулаа болов.  

Тэр зуурт Тэнгис хүрч буух би “Нарны гүүр орох хүн авна гэхээр Гэсэрээр чигээрээ уруудах юм болов уу. Тэгээд би яах болж байна. За яах вэ, уулзвар дээр буугаад л алхчихад ойрхон доо” гэж бодож явлаа. Гэхдээ жолооч надад ямар байдлаар хэлэх нь үү гэдгийг хүлээв.  

Жолооч: Чи энэ уулзвар дээр буучих уу?  

Би: Юу гэсэн үг үү?  

Жолооч: Би өөр холын хүн авчихлаа шүү дээ. Чи Тэнгис рүү буугаад алхчих л даа.  

Би: Яагаад би хүрэх газраа хүрээгүй байхад замдаа буух ёстой билээ?  

Жолооч: Хажууд сууж яваа эгчид хандан “Тэнгис орчхоод Нарны гүүр давъя” 

Хажууд сууж явсан эгч: Үгүй ээ, би яараад байна 

Жолооч бид хоёр нэлээн маргалдлаа. Сүүлдээ өнөөх маань ямар ч утга учиргүй зүйл яриад эхэллээ. Эцэст нь тэгээд замдаа бүр илүү хол явах хүн авахааар төлөвлөж явахад нь салгалаад зам дээр гарч ирж гар өргөсөн миний буруу болов. Жаал гүрийж байгаад “Та надаас уучлалт гуйчих. Тэгвэл би наад уулзвар дээр чинь буугаад л Тэнгис рүү алхчихад асуудал байхгүй” гэвэл “Заа, уучлаарай, уучлаарай” гэж уурссан аясаар хэлэв.   

Тэгэхээр нь “Та зүгээр л мөнгөө төлөөд такси бариад явж байгаа энэ эгчээс ч хажууд нь хэрүүл, уруул хийж тухгүй байдалд оруулж байгаадаа уучлалт гуйх ёстой” гэсэнд бас гуйлаа. Ингээд буув. Уучлалт гуйлгаж чадсандаа нэг их гоё ялсан мэдрэмж авчхаад гараа халааслаад Гэсэр уруудаад алхсан даа.  Энэ мэт үйлчилгээний наад захын соёл ч мэдэхгүй дураараа, бүдүүлэг хүмүүстэй нэг хотод багтаж шингэж амьдрахын тулд ийм зүйлээс ч болтугай таашаал мэдрэх хэрэгтэй болдог доо.  

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!