Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.05.19)-ийн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, “Хараат бус шинжээч томилох тухай” байнгын хорооны тогтоол батлан, хууль, тогтоолоор үүрэг, чиглэл өгсөн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бейсен. Д.Бум-Очир, Ж.Галбадрах, П.Ганзориг, Д.Ганмаа, С.Зулпхар, П.Наранбаяр, М.Нарантуяа-Нара Д.Рэгдэл, М.Сарнай, Б.Түвшин, Г.Хосбаяр, Л.Энхнасан, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат нарын нарын буюу 53.3 хувийн ирцтэйгээр 14.20 цагт эхэлсэн юм.
Ажлын хэсгийн нэмсэн хэсгийг хуулийн төслөөс хасах зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ
Хуралдааны эхэнд хэлэлцсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан танилцууллаа. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусгаж, эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Түүний хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, М.Нарантуяа-Нара, Д.Рэгдэл, Б.Бейсен нар асуулт асууж, хариулт авсан юм. Эхийг урамшуулах, хүүхдийг үрчлүүлэх зэрэг асуудлуудыг хуульд тодорхой тусгаж, журам дүрмээр зохицуулж буй зүйлийг нарийвчлан зохицуулах нь зүйтэй гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара монгол хүнтэй ханилж, олон хүүхэд төрүүлсэн гадаадын иргэдийг хэрхэн урамшуулалд хамруулах талаар асуулт асууж, хариулт авав. “Эхийн алдар” одон авах эрх үүсэж, одонгоо авсан эх бага хүүхдээ өөр хүнд үрчлүүлэхэд үрчилж авсан эх одон авах болзол хангавал хэрхэн шийдэх вэ гэсэн асуултыг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл асууж, давхардлыг арилгах зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен төрсний гэрчилгээгээ авсны дараа хүүхэд эндэх, удаан амьдрахгүй гажигтай хүүхэд гарах зэрэг тохиолдлууд цөөнгүй байдгийг дурдаж, олон хүүхэд нь эндсэн эхчүүд урамшуулал авахаар болж, улсын төсөвт дарамт үүсэх эрсдэл гарахаас болгоомжлох нь зүйтэй гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачилсан анхны төслөөр хэвээр үлдээх зарчмын зөрүүтэй санал гаргав. Тодруулбал, хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахлагчтай ажлын хэсгээс үрчлэн авсан хүүхдэд тавигдах “тэр үед гурав хүртэлх насанд нь” гэсэн шалгуурыг хуулиас хасах саналыг нэмсэн юм. Ажлын хэсгийн энэ саналыг хуулийн төслөөс хасах Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70.0 хувь нь дэмжлээ.
Нэр дэвшигчийн сонсголд ажиллах хараат бус шинжээчийг томилов
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагч, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 25-ны өдөр хийхээр Байнгын хорооны өмнөх хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Тус сонсголд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр ажиллах хараат бус шинжээчийг томилох асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.
Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр ажиллах саналаа Монгол Улсын Гавьяат эдийн засагч, “Дөлгөөн хайрхан уул Аудит” ХХК-ийн зөвлөх, доктор, профессор Г.Алтанзаяа ирүүлсэн байна. Тэрбээр нийгмийн даатгалын тогтолцооны хууль, эрх зүйн болон бүртгэл, тайлангийн сургалтыг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд “Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэлийн суурийг өргөтгөх, хувь хэмжээг өөрчлөх хувилбарын судалгаа”-г 2025 онд хийж гүйцэтгэжээ. Мөн тэрбээр нийгмийн даатгалын эрх зүйн тогтолцоо, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, өөрчлөн сайжруулах тухай санал бодлоо олон нийтэд илэрхийлсээр иржээ.
Шинжээчээр ажиллах санал ирүүлсэн эдийн засагчаас асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулж, “Хараат бус шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Хууль, тогтоолын биелэлтийн тайланг хэлэлцэж, Байнгын хорооны 12 тогтоолын 20 заалтыг хянлтаас хасах тогтоол баталлаа
Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл өгсөн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулав. Байнгын хороонд хамаарах 56 шийдвэрийн 289 заалт цахим системд хяналтад байгааг тэрбээр мэдээлж, 2025 оны жилийн эцсийн байдлаар эдгээрийн хэрэгжилт 70.4 хувьтай байгааг дурдлаа. Дээрх 289 заалтын 117 нь хэрэгжсэн, 146 нь хэрэгжих шатандаа байгаа бол 65 удаашралтай буюу эрчимжүүлэх шаардлагатай, 10 нь хэрэгжээгүй байна. Харин 14 заалтын хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй ажээ.
Байнгын хороонд хамаарах 56 шийдвэрийн хоёр нь хэрэгжүүлэх хугацаа, чиг үүрэг тодорхойгүй, зардал санхүүгийн эх үүсвэр, хийх ажил, зорилго тодорхойгүй, хэмжигдэхүйц биш байдалтай буюу хэрэгжих боломжгүй гэж дүгнэгджээ.
Хэрэгжээгүй шийдвэрүүд төрийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт хангалтгүйгээс шалтгаалсан болохыг сайд дүгнэж, төрийн байгууллагуудын хариуцлагын тогтолцоо хангалттай бүрдэж чадаагүй, салбар хоорондын ажлын уялдаа сул, олон удаагийн бүтцийн өөрчлөлт хийгдсэн, төсөв, хөрөнгө оруулалтын эрэмбэ, дараалал хангалтгүй, бодлогын болон хүний нөөцийн тогтворгүй байдал зэрэг нь хууль тогтоомжийн биелэлтэд сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэлээ. Иймд Засгийн газраас сайд нар, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг ханган, бодитой үр дүнтэй хэрэгжүүлэх, хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, иргэдийн ахуй амьдрал болон салбарын хөгжлийн үзүүлэлтэд хэрхэн нөлөөлж буйг үнэлж, тооцож ажиллах, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн төслийг боловсруулахдаа зохицуулалт, утга агуулгын давхардал, хийдэл, зөрчилтэй шийдвэр гаргахгүй байх, санхүүгийн эх үүсвэрийг тусгах, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт хэрэгжихүйц байхад анхаарах, дижитал хяналт, их өгөгдөлд суурилсан үнэлгээ хийж, биелэлтийг бодит цагийн горимоор хянах, ил тод болгох санал боловсруулж танилцуулах, мөн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар өгсөн зөвлөмжийг биелүүлж ажиллахыг даалгасан байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрийн талаар нэгдсэн бүртгэлийн систем үүсгэж Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сантай уялдуулах, шуурхай дамжуулж хяналтад авах, хэрэгжилтийн явцын мэдээллийг Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүд цахим систем ашиглан улирал тутам танилцах боломжтой болох, гаргаж буй шийдвэрүүдийн агуулга давхцах, хуулиар оногдуулсан чиг үүргийг дахин тогтоолоор өгөх зэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, баталсан хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийн талаар, мөн хугацаандаа хэрэгжсэн болон бусад шалтгаанаар хяналтаас хасуулах шийдвэр, заалтын талаар Улсын Их Хурал, Засгийн газар тогтмол хамтарч ажиллах шаардлагатайг илтгэлдээ дурдав. Мөн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг ээлжит чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө ирүүлэхээр заасан нь цаг хугацааны хувьд үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд хангалтгүй байгаа тул хугацааг уян хатан зохицуулах, ажлын бүтээмж, үр дүн нэмэгдүүлэхэд технологийн дэвшлийг ашиглах нь зүйтэй гэсэн юм.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд их өгөгдөл хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийх үүрэг өгсний дагуу Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтэд анх удаа хиймэл оюун ухааныг ашиглан дүн шинжилгээ хийжээ. Тус байнгын хороонд хамаарах шийдвэрүүдэд хиймэл оюун ухаан ашиглан дүн шинжилгээ хийхэд дээр дурдсан 289 заалтын 40.1 хувь нь хуулиар оногдуулсан чиг үүргийг дахин үүрэгжүүлсэн заалтгүй, 7.6 хувь нь тогтоолын хэрэгжилтийг давтан баталгаажуулсан, 5.2 хувь нь бодлогын баримт бичигтэй агуулгын огтлолцолтой хэмээн дүгнэгдсэн байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулга хийсний дараа хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа ажлын хэсгийнхээ дүн шинжилгээ, шийдвэрийн талаар танилцуулав. Тэрбээр Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй жил бүр танилцахад биелэлт 40 гаруйхан хувьтай байдгийг шүүмжилж, үүний учир шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг ажилласан гэдгийг хэлсэн юм. Бүр 2016-2017 онд өгсөн хэрэгцээгүй үүрэг даалгавруудыг хүчингүй болгох шаардлагатай гэдгийг ажлын хэсэг дүгнэж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэн хэрэгжсэн 16 тогтоолын 64 заалт, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон 14 тогтоолын 24 заалт, хүчингүй болсон хоёр тогтоолын хоёр заалт, шийдвэрт заасан хугацаа нь дуусгавар болсон хоёр тогтоолын хоёр заалт, эрх зүйн орчин шинэчлэгдсэн таван тогтоолын 16 заалт, нийт 39 тогтоолын 108 заалтыг хяналтаас хасах саналыг гаргажээ. Засгийн газрын тайланд 2025 оны жилийн эцсийн байдлаар Байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт сайжирч, хуулийн эрх олгосон заалтын хэрэгжилт 57.0 хувиар, Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт 49.9 хувиар, Байнгын хорооны тогтоолын биелэлт 36.6 хувиар тус тус өссөн талаар дурдсаныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа онцлоод, тус тайланд бүрэн хэрэгжсэн гэж дүгнэгдсэн 31 хуулийн эрх олгосон 148 хэсэг, заалт болон үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын 12 тогтоолын 32 заалт, Байнгын хорооны 12 тогтоолын 20 заалтыг мөн хяналтаас хасах боломжтойг хэлсэн юм.
Эхний ээлжинд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд бүрэн хэрэгжсэн болон шийдвэрт заасан хугацаа дууссан Байнгын хорооны 12 тогтоолын 20 заалтыг хянлтаас хасах тогтоолын төслийг Ажлын хэсэг боловсруулсан байна.
Сайд Б.Энхбаяр, ажлын хэсгийн ахлагч А.Ариунзаяа нарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Б.Бейсен, М.Ганхүлэг, Б.Хэрлэн, Д.Ганмаа нар асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд шийдвэрийн хэрэгжилтийг ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн, эрүүл мэндийн байгууллагуудын өр, авлагын асуудалтай холбоотой шийдвэрийн биелэлтийг хэрхэн тооцсон зэргийг тодруулан, хариулт авч, хугацаатай үүрэг өгсөн тогтоол шийдвэрийн хяналтыг уг шийдвэрт туссан цаг хугацаагаар нь автоматжуулж, хугацаа нь дуусмагц хяналтаас хасагддаг систем хэрэгжүүлэх, цаашид хууль тогтоомжийн биелэлтийг хянах, дүгнэх, тайлагнах процессыг илүү хялбар, бүтээлч болгох, их өгөгдөл, хиймэл оюун ухаан болон бусад цахим технологийн боломжийг ашиглаж ажиллахыг зөвлөв. Мөн Улсын Их Хурлаас баталсан хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар үр дүн гарган ажиллаж байгаа албан тушаалтнуудаа дэмжиж, урамшуулахад анхаарах шаардлагатайг санууллаа.
Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссаны дараа ажлын хэсгээс боловсруулсан Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжье гэсэн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олон буюу 66.7 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
