Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй хамт мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжив

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.05.14)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явуулж дуусгасан. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих, эсэх тухай санал хураалтыг явуулав.
Санал хураалт явуулахын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлж, эдийн засгийн өнөөдрийн хурцадмал нөхцөл байдлын үед зах зээл дээрх ажлын байрыг хадгалах зорилгоор татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгааг дурдав. Хуулийн төсөлд хувь хүний 790 мянгаас дооших орлогод татвар ногдуулахгүй байх, нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын суутган төлөгчийн босгыг 50 сая биш 400 сая болгох, борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөгийн доош байвал аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1.0 хувь болгох өөрчлөлтүүдийг баталснаар ажлын байр хадгалагдаж, иргэд үнийн өсөлтөөс хамгаалагдана хэмээн Ерөнхий сайд Н.Учрал тайлбарлав. Эдгээр хуулийн төсөл батлагдаж, мөрдөгдөж эхэлснээр улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийн ачаалал ирнэ гэдгийг тэрбээр тодруулж, татвар баялгийг хуваарилахад хэрэглэдэг механизм бөгөөд энэ механизмыг өндөр орлоготой иргэдээс татвар нэмүү авах, дунд орлоготой жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ ажлын байрыг хадгалах зорилгоор хэрэглэдэг гэсэн юм. Тэрбээр, хувь хүний орлогын албан татварыг 1.0 болговол орон нутаг бие дааж үйл ажиллагаагаа явуулах бололцоогүй болно гэдгийг онцолж, НӨАТ-ын буцаан олголт тансаг хэрэглээтэй иргэдэд илүү хүрнэ гэдгийг анхааруулан, төрийн халамжийн бодлого зорилтот бүлгийнхээ ердөө 26.0 хувьд хүрч буйг хэллээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод шилжүүллээ.
Хуулийн төслийг яаралтайгаар хэлэлцэхийг дэмжив
Үүний дараа Засгын газраас өнөөдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулав. Санал хураалтад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 99 гишүүн санал өгснөөс 62 нь буюу 62.6 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачлан боловсруулж, 2025 оны зургадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн анхны хэлэлцүүлгийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаараа явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавигддаг “1 нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасах нь зөвхөн хүн амын өсөлтийг дэмжих бодлогын асуудал бус, мөн хүүхэд төрүүлсэн эхчүүд болон хүүхдүүдийг нөхцөл байдлаар нь ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрч, олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах болон амьдралын нөхцөл байдал, эрүүл мэндийн эрсдэл, хүүхдийн эндэгдэл зэрэг эмзэг асуудлын улмаас зарим эхчүүдийн төрийн дэмжлэгт хамрагдаж чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэж үзсэн байна.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хууль нөхөн үйлчлэхгүй байх эрх зүйн нийтлэг зарчим алдагдахгүй байх, нийгэмд буруу хүлээлт үүсгэхгүй байхад онцгой анхаарах, “Эхийн алдар” одонтой холбоотойгоор хүүхэд төрүүлсний дараа үрчлүүлэх, асрамжийн газарт өгөх зэрэг асуудалд бодлогын түвшинд анхаарахын зэрэгцээ нярайн болон бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор төрөөс нярайн сувиллын үйлчилгээг дэмжих шаардлагатайг хэлж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Ө.Шижир, Б.Баярмагнай, Н.Алтаншагай, М.Бадамсүрэн, Р.Сэддорж, С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан хуулийн төсөлд Сангийн яамнаас “дэмжихгүй” гэсэн санал өгснийг дурдаад, улсын төсөвт ямар хэмжээний дарамт ирэх талаар асууж, хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагаас тодорхой хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир хуулийг хэрэгжүүлэхэд жилд 7.0 тэрбум төгрөг нэмж шаардагдана гэдэг асар хүнд дарамт биш гэж үзэж байгаагаа илэрхийлж, хүүхдэд зориулагдсан бүхий л зүйлсийг устгаж дууссан энэ үед эхийн урамшууллыг шалгуур, нөхцөлгүй болгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын дарга, гишүүд эх, хүүхдийг дэмжих, халамжлах, хүн амыг өсгөх, малчин гэр бүлийн бүтцийг хамгаалах, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах, зэрэг төрийн бодлогыг өргөжүүлэхэд анхаарал хандуулах цаг болсныг дурдав.
Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй хоёр саналаар явуулах санал хураалтыг маргаашийн буюу 2026 оны тавдугаар сарын 15-ны нэгдсэн хуралдаанаар хийхээр хойшлууллаа.
Цусны донорын тухай хуулийн төслийг батлах санал хураалтыг маргааш явуулна
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Хуулийн төслүүдийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг цусны донорын цол тэмдгийг зэрэглэлтэй болгож болох, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Улсын Их Хурлын чуулганы 2026 оны тавдугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр үг хэлж, бусдад ам, амьдрал бэлэглэдэг цусны донорын үйл хэрэг бол бахархалтай зүйл гэдгийг дурдлаа. Тэрбээр өөрөө цусны донор хүн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалан үг хэлж, Улсын Их Хурлын донор гишүүдэд баяр хүргэв.
Ингээд гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар маргааш санал хураалт явуулахаар боллоо.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үнэн зөв байдлыг хангах зохицуулалт шаардлагатайг гишүүд сануулав
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.
Хуулийн төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хийв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран иргэдэд танилцуулж, санал авах арга хэмжээ нь төслийн 1, 2, 3 дугаар зэрэглэлийн алинд хамаарч байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хууль батлагдсаны дараа хууль сурталчлах ажлыг хэрхэн зохион байгуулах, гомдол барагдуулах механизмыг бүрдүүлсэн эсэх тухай, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ерөнхий шинжээч, шинжээчид тавигдах шаардлагад өөрчлөлт орсноор ямар эерэг, сөрөг нөлөөлөл үзүүлэх тухай, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж хуульд заасан журмыг хуулийн хугацаанд чанартай боловсруулах зэрэг асуудлаар асуулт асууж, үг хэлсэн байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн гурав, санал хураалтаар дэмжигдсэн боловч уг саналаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн нэг саналын томьёоллоор тус бүр санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Д.Рэгдэл, М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, Д.Пүрэвдаваа, Х.Баасанжаргал, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд хог хаягдлын менежмент, дахин ашиглалтыг сайжруулах, хаягдал боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх замаар байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх, ашигт малтмалын ашиглалт, олборлолтын талаар орон нутгийн иргэд, тэр дундаа нөлөөллийн бүсэд хамаарах айл өрх, иргэдийн саналыг сонсож, ирэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байхаар тооцох нь чухал гэдгийг онцолж байлаа. Мөн уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд өөрсдөө санхүүжүүлж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж байгаа явдлыг яаж эцэс болгох, үнэлгээчид, үнэлгээний байгууллагын хараат бус байдлыг хэрхэн хангах, үнэлгээ буруу хийж, байгаль орчинд хор хохирол учруулсан тохиолдолд ямар хариуцлага тооцох талаар асууж ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авав. Мэргэжлийн, эсвэл ёс зүйн алдаа гаргаж байгаль орчин, экосистемд хохирол учруулсан тохиолдолд үнэлгээчинд буюу хувь хүнд хариуцлага тооцохоос гадна давхар хариуцлага хүлээлгэх, даатгалын, санхүүгийн болон бусад гуравдагч хэрэглэгдэхүүнийг ашиглан хор хохирлыг арилгах зэрэг зохицуулалт үгүйлэгдэж байгааг Улсын Их Хурлын гишүүд хэлж, хуулийн төсөлд тусгахыг зөвлөж байлаа. Мөн орон нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдийн санал, дэмжлэгийг авч, тэдний тогтмол хяналт, хамтын ажиллагаатайгаар ашиглалт, олборлолтыг явуулдаг байх зүйл, заалтыг хуулиас хасахаар тусгасныг шүүмжилж, эдгээр зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аливаа үйл ажиллагааны амьдрах орчин, байгаль, экологи, мал, амьтанд нөлөөлөх байдлын тухай иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулсан гэдгийг сануулж, Улсын Их Хурлын гишүүдэд тодорхой, дэлгэрэнгүй хариултыг бичгээр бэлтгэж өгөхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов.
Байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар Улсын Их Хурлын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар тогтлоо.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа
Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн дарга П.Золзаяа Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Төмөрбаатарын Өсөхбаярыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хууль зүйн ухааны магистр Т.Өсөхбаяр сонгон шалгаруулалтад оролцсон 16 хүнээс шалгарч, хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 51.29, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 27.43, нийт 78.72 оноо авч тэнцэн, нэгдүгээрт эрэмбэлэгдсэнийг ШЕЗ-ийн энэ оны 73 дугаар тогтоолоор баталжээ.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар танилцсан тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл хийлээ. Байнгын хорооны хуралдаанд нэр дэвшигчийг танилцуулах үед Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг сонгон шалгаруулалтын үйл явц, түүнд оролцогчид, мөн орон нутгийн шүүхийн захиргааны ажилтны орон тоо, ажиллах нөхцөлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл нэр дэвшигчээс хууль тогтоомжийн төсөл боловсруулах, боловсронгуй болгох ажлын мэдлэг, туршлагатай эсэх, шүүн таслах ажиллагааны чанарыг хэрхэн сайжруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангаж бэхжүүлэх хүрээнд баримтлах бодлого, шүүгчийн ёс зүйн асуудлыг хуулиар зохицуулсан эсэх тухай, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд шүүхийн үйл ажиллагаа, эрх зүйн байдалтай холбоотой нэн яаралтай шийдвэрлэх асуудлын талаар тус тус асуулт асууж, хариулт авчээ.
ШЕЗ-ийн даргын болон Хууль зүйн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Алтангэрэл, Ж.Батсуурь нар үг хэлж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Т.Өсөхбаярыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Төсвийн хөрөнгө оруулалтын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа нарын 13 гишүүн санаачилж, энэ сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дараа нь явуулав.
Төсөл санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг жил бүр хуулиар батлан хэрэгжүүлж байгаа боловч сүүлийн жилүүдэд төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг нэмэгдэх, хэрэгжилтийн хугацаа удаашрах, зарим тохиолдол зогсох асуудал тогтмол давтагдаж байгааг онцолж, тоо баримттайгаар дурдсан юм. 2024 онд нийт 449 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг 1.6 их наяд төгрөгөөр, 2025 онд 142 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг 971.3 тэрбум төгрөгөөр, 2026 онд 136 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг 805 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ. Эдгээрийг нэгтгэн шүүж, давхцалыг нь арилган тооцоход сүүлийн гурван жилийн байдлаар нийт 522 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг 1.9 их наяд төгрөгөөр өссөн байна.
Төсөл, арга хэмжээ удааширч зогссоноор тухайн бүс нутгийн иргэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй авч чадахгүйд хүрээд зогсохгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засагт үзүүлэх өгөөж, үр ашиг буурч, шинээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн боломж хязгаарлагдаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа дүгнэсэн юм. Энэ бүхэн улсын төсвийн удирдлага, хяналт сул, төсөл, арга хэмжээний бэлтгэл тааруу байгаагаас шалтгаалж байгааг тэрбээр хэлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа муу байгаатай шууд холбоотойг тэмдэглэв. Иймд зогссон, удааширсан төсөл, арга хэмжээг нэг удаа нэгдсэн байдлаар дахин тооцож, тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу цэгцлэх шаардлага үүссэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачилсан байна.
Тогтоол төсөл нь дөрвөн заалттай, нэгдүгээр заалт нь таван заалттай бөгөөд Засгийн газраас тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжсэн санал ирүүлжээ. Тогтоол батлагдсанаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналт, сахилга бат сайжирч, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, чанарын тогтолцоо бэхжихийн зэрэгцээ улсын төсвийн ачаалал дарамтыг бууруулах, шинэ хөрөнгө оруулалтын орон зай бий болгох, Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагааны уялдаа сайжирч нэн шаардлагатай төсөл, арга хэмжээ орхигдох, гээгдэх, давхардах зэрэг эрсдэлийг бууруулах гэх мэт олон талын ач холбогдолтойг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан байна.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, улсын төсвөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг хэд дахин нэмэгдэж, төсөвт ачаалал үүсгэж байгаа үндсэн шалтгаан болон Улсын Их Хурлын гишүүд төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн санг тогтмол ашиглах боломжтой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа магадлалын дүгнэлт гаргаж төсөвт өртгийг нэмэгдүүлж байгаа эрх бүхий байгууллагуудад төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах боломжтой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Баянхонгор, Өвөрхангай аймгуудад улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдэж байгаа шалтгаан болон тэдгээрийг Төсвийн тухай хуульд тусгагдсан хугацаанд дуусгах боломжтой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Г.Ганбаатар нар техникийн ижил нөхцөлтэй төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртгийн дүн зөрүүтэй байгаа үндэслэлийн талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 73.7 хувь нь дэмжжээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт, төсөл санаачлагчийн илтгэл болон тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан намын бүлэг, бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Б.Бейсен, Г.Хосбаяр, Ө.Шижир, Ж.Золжаргал, Н.Алтаншагай, С.Зулпхар, Д.Жаргалсайхан, Ж.Батсуурь нар асуулт асууж, хариулт, тайлбар авлаа. Улсын Их Хурлын гишүүд төрийн худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтын үйл явц, холбогдох дүрэм, журмын хэрэгжилт, төсөл, арга хэмжээг төлөвлөхөөс эхлээд хэрэгжүүлэх хүртэлх бүхий л үйл явцад улс төр, танил талын нөлөө их орж буй, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн үүрэг, хариуцлага, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын сул, шударга бус байдал хавтгайрсан зэрэг олон асуудлыг хөндөж ярьсан юм.
Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалсан Улсын Их Хурлын дэд дарга, төсөл санаачлагчдын нэг Б.Пүрэвдорж төрийн байгууллагаас зарласан тендерт дарга нарт ойрхон компаниуд орж хямд үнийн шаардлага хангасан санал өгөөд, төрийн худалдан авах ажиллагааны цахим системийг хянадаг хууль хяналтын байгууллагынхантай хуйвалдаж, үнийг өсгөдөг энэ явдал Ковид19 цар тахлын хүндрэлтэй үед эхэлсэн, одоо луйвар болчихсон гэсэн тайлбар өгөв. Энэ нөхцөл байдлыг цэгцлэх, хязгаарлахын тулд тогтоолын төслийг бидний 13 гишүүн санаачлан боловсруулсан хэмээн тэрбээр тодотгож, Улсын Их Хурлын гишүүдийн асуултад дэлгэрэнгүй, тодорхой хариултыг бэлтгэн бичгээр ирүүлэхийг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болгов.
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар үг хэллээ. Тэрбээр төрийн өмч, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг хэрэгжүүлдэг Засгийн газрын байгууллагуудад улс төрийн шахааны хүмүүсийг биш мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг ажиллуулах, орон тоог нэмэгдүүлж, бүтцийг данхайлгахгүй байх, ажлын бүтээмж, үр дүнг сайжруулах шаардлагатайг онцлов.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх талаарх санал хураалтыг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
