Ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүй бол “Оюу толгой” компанид ус ашиглуулах эсэх асуудал яригдана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газрын удирдлага болон Усны нөөцийн зөвлөлийн зарим гишүүнтэй өнөөдөр (2026-03-26) уулзлаа.
Ерөнхий сайд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллах үеэр хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох “Оюу толгой” ХХК ус бохирдуулсны төлбөр төлдөггүй асуудал хөндөгдсөн.
Тус компаниас Ус бохирдуулсны төлбөр төлөх асуудлаа тодруулах буюу 2020-2025 болон 2026 оны “Хаягдал усны дүгнэлт” болон 2026 оны “Ус ашиглуулах дүгнэлт” гаргуулах хүсэлтээ энэ сарын 23-нд Усны газарт ирүүлжээ. Хаягдал усны дүгнэлт гаргуулахад шаардлагатай дэмжлэг, техник аргазүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, ус ашиглуулах дүгнэлтийг 2026 оны эхний улиралд багтаан гаргаж өгөхийг хүсжээ.
Усны газрын дарга З.Батбаяр “Оюу толгой” компанийн төлбөрийн хэмжээг тогтоох асуудал яригдаж эхэлсэн. Бусад компанийн жишгээр тус компаниас 2020 оноос хойших төлбөрийг гаргуулах байр суурьтай байгаа" гэж хэллээ.

Мөн манай улсын ус ашиглалт нөөцдөө тулсан учраас ус ашигласан болон бохирдуулсны төлбөрийг хариуцлагатай авах, усаа хэмнэх, дахин ашиглалтыг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ус хамгийн их ашигладаг “Эрдэнэт” үйлдвэрийн төлбөр хэвийн хэмжээнд байна. “Оюу толгой” компанийн төлбөрийг зайлшгүй ярих шаардлагатай байгаа гэлээ.
Усны газарт ажиллах үеэрээ “Оюу толгой” компаниас ус бохирдуулсны төлбөрийг нөхөж авах нь зүйтэй гэж даалгавар өгсөн. Тус компани ус бохирдуулсны төлбөр төлөхгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй, ус цэвэршүүлэх, дахин ашиглах технологийн шинэчлэл хийхгүй байна. Иймд тус компанид ус ашиглуулахгүй байх асуудлыг судалж, танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.


Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
