Улс төр

ADMIN
06 сарын 06
06 / 06

113 хуулийн төслийг эцэслэн батлав

113 хуулийн төслийг эцэслэн батлав

Чуулганы нэгдсэн хуралдаан санал хураалтаар үргэлжилж, хуралдаан даргалагч үдээс өмнөх хуралдаан болон түрүүхэнд Байнгын хороодын санал, дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүлсэн хууль, тогтоолуудын төслүүдээр нэг бүрчлэн санал хурааж эхэллээ. Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60,8 хувь нь дэмжсэнээр батлав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр жилийн турш томилолтоор явж, хэлэлцүүлсний эцэст Архангай аймгийн нутаг дэвсгэр дэх Булган уул дархан цаазат газрын нэг болж батлагдаж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул баталлаа. Мөн Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг баталж, Хянан шалгах түр хороог татан буулгасанд тооцов.

“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.  Энэ өдрийн хуралдаанаар нийт 113 хуулийн төслийг эцэслэн баталлаа. Тухайлбал Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн автоматжуулсан системын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зар, сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталсан юм.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.18-д “Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарласан үед Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно” гэснийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр завсарлуулах тухай Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дугаар захирамжийг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан гаргаж, танилцуулж байна гэсэн юм. Захирамжийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс дагаж мөрдөх мөрдөн хэмээв.

Улсын Их Хурлын чуулганыг түр завсарлуулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд хүрэлцэн ирж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон зүйлээр хамт ажилласанд талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Баярлалаа. Энэ Улсын Их Хурал бол маш онцлогтой Улсын Их Хурал байлаа. Миний хувьд Ерөнхий сайдаар томилогдох үед бүгдээрээ масктай, бүгдээрээ шилэн хоргоны цаанаас хоорондоо харилцаж, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эрх зүйн орчин маш хүнд, улсын төсөв 30 орчим хувиар тасарчихсан байсан. Та бүхэн цар тахлыг даван туулах Засгийн газрын багц бодлогыг дэмжсэн. Парламентын гишүүд хүнд үед нэгдмэл байж, том зургаар харж, ажилласнаараа бид цар тахлыг давж чадсан хэмээн онцоллоо. Мөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өөрсдөө төрийн тендерт оролцохгүй гэсэн улс төрийн том шийдвэрийг парламент гаргаж чадсан. Эрдэнэт, Оюутолгой зэрэг олон асуудалд эрх зүйн хувьд цэг тавьж, Цахим бодлогын байнгын хороо байгуулж, цахим яам байгуулахыг дэмжсэн парламент байлаа хэмээв.

Монгол Улсын Ерөнхий сайдыг үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 126 гишүүн хүлээн авах Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын засварыг 2024 оны 06 дугаар сарын 28-наар эцэслэн дуусгахыг Тамгын газарт үүрэг болгоод, чуулганыг завсарлуулахдаа үг хэлсэн юм.

Тэрбээр, хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна...2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 8 дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган, Хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, нийт 2200 шахам хууль тогтоомж баталсан байна. Манай парламент батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, ажил хэрэгч парламент байж чадлаа. Ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, хуулийн засаглал тогтоох шинэчлэлүүд хийж, шударга ёсны төлөөх нийгмийн давалгааг эрх зүйн шинэчлэлээр дэмжсэн нь цэгцрэх хөдөлгөөнийг түрж, түүчээлсэн манлайлал болж чадсан. Тиймээс шинэтгэгч парламент болж түүхэнд үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна... Бидний “томилолтын” хугацаа өндөрлөх дөхөж байна. Намчирхал, талцлыг хойш тавьж, Монголоо сэргээн мандуулах, Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх эрхэм зорилгын төлөө гар, сэтгэл нийлж ажилласан эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд амжилт ялалт, баяр бахархлыг хүсэн ерөөе. Улсын Их Хурлын тухай хуулийн 22.18-д заасны дагуу 2024 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж байгааг мэдэгдье гэснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.