Улс төр

ADMIN
06 сарын 06
06 / 06

Найм дахь удаагийн парламент нь 12 чуулган, хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, 2200 хууль тогтоомж баталлаа

Найм дахь удаагийн парламент нь 12 чуулган, хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, 2200 хууль тогтоомж баталлаа

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.06.05/ өнөөдрийн үдээс хойших хуралдаан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцсэн хэмээлээ. 

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байсангүй. Хууль болон тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын зарим гишүүнээс хууль хоорондын ердийн өрийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан. Энэхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн хэмээн танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжиж, эцэслэн батлав.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн илтгэв.

Хуралдаан даргалагч хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүд байгаа эсэхийг тодруулахын сацуу хууль болон тогтоолын төслүүдийн талаарх санал хураалтыг нэгдсэн журмаар явуулна гэснээр хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

2001 оноос хойш хэрэгжихгүй байсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт илтгэсэн юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллыг гишүүдийн олонх дэмжсэнээр уг төслийг баталсан юм.