...
...
Logo
Улс төр
Sainjargal
2-р сар 04

УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрд дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!

УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрд дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурлын, Засгийн газрын гишүүд ээлжит чуулганы завсарлагааны үеэр орон нутагт ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилт болон хаврын чуулганаар хэлэлцэх багц хуулийн төслүүдийн хүрээнд иргэд, олон нийттэй нээлттэй санал солилцож байна.


Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын төлөөлөл төрийн үйлчилгээний хүртээмж, орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлууд, бүтээн байгуулалтын төслүүдийн явц болон иргэдийн амьдралд тулгарч буй асуудлуудыг бодитоор тодорхойлж, шийдлийг шуурхай хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.

Нийт эдийн засгийн 85 хувь нь уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилдаг Архангай аймгийн иргэдтэй УИХ-ын дарга тэргүүтэй гишүүд, сайд нар өнөөдөр (2026.01.31) уулзаж, “Чөлөөлье” санаачилга болон хөдөөгийн хөгжлийг дэмжсэн бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа. Өнгөрсөн оны байдлаар тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. УИХ-ын дарга Н.Учрал, энэ оны төсвийг батлахдаа хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонд үндэслэж, татвар төлөгчдийн ачаа дарамтыг бууруулж, төрийн бүтэц, оролцоог хумьснаар эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэх, цаашлаад татварын реформыг хэрэгжүүлэх орон зай гаргасныг онцлов. Бүх шатны төсвийн захирагчид нэгдмэл байр суурьнаас сахилга бат, хариуцлагатай ажиллах ёстойг мөн хэллээ. Тэрбээр, “Чөлөөлье” санаачилга нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрд төр дарамт биш боломж өгдөг болохын төлөөх шинэчлэл хэмээн тодотгов.


Уг санаачилгын хүрээнд "Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлыг тогтоолыг баталсан. Энэ тогтоолоор Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгч, тус бүрийнхээ чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх 16 багц арга хэмжээг тусгажээ. 2026 оны байдлаар 406 барааны үнэ өссөн нь инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэнтэй холбоотой. Эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах ёстойг УИХ-ын дарга тодотгоод, өрхийн орлогын өсөлт нийслэл хотын хувьд ч, хөдөө орон нутгийн тухайд ч удаашраад байгааг тоон үзүүлэлтүүдийн хамт танилцуулав. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах замаар хүртээмжийг нь илүү нэмэгдүүлж, зорилтот бүлэгт чиглүүлэхийн тулд хийх ажлуудаа дурдав.

Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг үе шаттай бууруулах, гадаадын банкуудын салбаруудыг холбогдох хуулийн дагуу дотоодын зах зээлд нэвтрүүлэх, Төв банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэх ажлуудыг дурдлаа. Харин Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийн хүрээнд хуульд заагаагүй зөвшөөрөл, зөвшөөрөлтэй төстэй хүнд суртлыг бий болгосон зохицуулалтуудыг хүчингүй болгохыг даалгасан гэлээ. Энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ахуйн шинжтэй бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэхдээ зөвшөөрөл хүсэх бус мэдэгдэл илгээхэд хангалттай болно гэв.

Орон нутаг эдийн засгийн хувьд бие дааж хөгжихийн тулд орлогын эх үүсвэрийг төрөлжүүлж, нэмэгдүүлэх нь чухал гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм. Тэрбээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн зарлагын хязгаарт багтаагүй төсөл, арга хэмжээг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэх эрхийг баталгаажуулж, сонгон шалгаруулалтын хугацааг 1-6 сар болгон багасгаж, үе шатыг нь цөөлсөн болохыг тодотгов. Иймд бүс нутгийн нөөц, боломжид тулгуурлан хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх зорилтот арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэйг УИХ-ын дарга хэллээ. Цаашид төр өөрөө худалдан авагч болсон тогтолцоог халснаар, аль нэгэн төрийн өмчит компанид давуу эрх олгодог байдлыг зогсоож, төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөггүй, харин чиглүүлдэг байх эрх зүйн зохицуулалтыг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлнэ гэв. Мөн хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх гол реформууд дотор нийгмийн даатгалын шинэчлэл орж байгааг танилцуулав. Тэрбээр, шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоог шинэчлэх болсныг сануулаад, өөрийн ахалж боловсруулсан Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг үргэжлүүлэн хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаагаа хэллээ. Түүнчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийхэд иргэний эдийн засгийн эрх чөлөөг шууд зөрчдөг 110 хууль байгаа бол хүндрэл үүсгэдэг 228 хууль байгааг тогтоожээ.


Хүний эрхийг хангах, хамгаалах, хүүхдийн эрхийн бүх хэлбэрийн зөрчлийг арилгаж, 2026 оныг үндэсний хэмжээнд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх жил болгосон талаар дурдлаа. Бүх аймагт хүүхэд хамгаалах түр байруудыг ажиллуулж, орчин, үйлчилгээг жишиг стандарттай болгоход манлайлж ажиллахаа илэрхийллээ. Архангай аймагт 2019 онд ашиглалтад орсон түр хамгаалах байр 3 орон тоотойгоор ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд 54 хүүхэд, 7 насанд хүрэгч үйлчлүүлжээ.

Газарзүйн байршлын онцлог, нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь эрчим хүчний хараат байдлаас ангижрах шийдэл гэж УИХ-ын дарга тодотгов. Энэ хүрээнд "3х100" хөтөлбөрийг санаачилж, айл өрх, сум орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, төвийн шугамд холбох процессыг хялбаршуулах, ногоон хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг бодлогоор дэмжих зэрэг багц ажил багтжээ.

Түүнчлэн цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж, 100 байршилд цэнэглэх байгууламж бүхий иж бүрэн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн малчдын эрх зүйн байдлыг дээшлүүлж, орлогыг нь төрөлжүүлэх зорилготой “Нарлаг монголын малчин” хөтөлбөрийн талаар УИХ-ын дарга онцолсон. Энэ хүрээнд мах, махан бүтээгдэхүүнээс гадна арьс шир, ноос ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг татваргүй экспортлох эрх зүйн бололцоог Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрээр баталгаажуулсан болохыг хэллээ. Төрийн бодлогын цөмд малчин зон олны эрх ашиг байх ёстойг тэмдэглээд, малчдад чиглэсэн хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангахаар, холбогдох хянан шалгах сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.

Уулзалтын оролцсон иргэд хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, багийн сургуулиудын шинэчлэлд анхаарч, орон нутаг дахь газар олголттой холбоотой асуудлуудыг цэгцлэх талаар хөндөн, санал хэлж байв. Түүнчлэн салбар хоорондын уялдаа бага, хууль тогтоомж хоорондын нийцэл алдагдсаны улмаас ойлгомжгүй, тодорхой бус нөхцөл үүсдэг талаар учирлаж байсан. Эрдэнэбулган суманд нийт 14 зуух ажиллаж, агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байгааг ч дэвшүүлж, “Чөлөөлье” санаачилгын зорилтот ажлуудыг дэмжиж байгаагаа илэрхийлцгээв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг цогцлоох, соёл урлагийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах саналуудыг л дурдлаа. Иргэдийн асуултад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар болон орон нутгийн удирдлагууд хариулт өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олоннийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!