Засгийн газар зэсийн баяжмал боловруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг гуравдугаар сард багтаан сонгон шалгаруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 28-нд боллоо. Энэ үеэр ирэх гуравдугаар сард багтаан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн этгээдүүдээс ирүүлсэн саналыг саналыг санхүү, менежментийн чадавх, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник, технологи болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн ажлын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Тус ажлын хэсэг нь өнгөрсөн оны есдүгээр саод байгуулагдсан бөгөөд төслийн ерөнхий мэдээллийг үндэслэн дэлхийн 20 гаруй улсын 55 компанид Засгийн газраас санал хүргүүлснээс долоон улсын 13 компани төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах саналаа илэрхийлсэн аж. Тэдгээрээс ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү эдийн засгийн чадавх, давуу тал зэрэг үзүүлэлтийг харгалзан үнэлж, дараах компаниудыг сүүлийн шатны сонгон шалгаруулалтад оролцох урилга хүргүүлжээ.
- БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;
- БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;
- БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;
- Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани.
Засгийн газраас Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эцсийн шатны ажлыг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан дуусгахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
