Улс төр

ADMIN
06 сарын 04
06 / 04

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, үзэл баримтлал, бэлтгэл ажил, үр нөлөө хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт,  өөрчлөлт, үзэл баримтлал, бэлтгэл ажил, үр нөлөө хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар тусгаж, холбогдох шийдвэр гаргуулах саналын хамт УИХ-д өргөн барьсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын 35 дугаар тогтоолыг баталсан.

Тус тогтоолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нийтлэг журам, цагдан хорих үндсэн болон сунгах хугацаа, өсвөр насны яллагдагчийг цагдан хорих тусгай журам, цагдан хорих үндэслэлд хамаарах хэт ерөнхий болон өргөжүүлсэн зохицуулалт, шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх асуудлыг нарийвчлан зохицуулах,

Мөн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах шийдвэр бүрийн үндэслэл, шалтгааныг хэлэлцдэг шүүхийн хэлэлцүүлгийг боловсронгуй болгох, зэргээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох хуулийн төсөл боловсруулж танилцуулах чиглэлийг Засгийн газарт даалгасан.

Энэ дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, өмгөөлөгч томилж оролцуулах, шөнийн цагаас бусад цагт шүүх тасралтгүй ажиллах зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтийг олон улсын жишигт нийцүүлэн тусгаж, УИХ-ын 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталж, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээр хуульчилсан.

Хууль хэрэгжихтэй холбогдуулан хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгох, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл өгөх зорилгоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт: үзэл баримтлал, бэлтгэл ажил, үр нөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс өнөөдөр /2024.06.04/ зохион байгууллаа.

Комиссын дарга Д.Сүнжид хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Комиссын бодлогод шударгаар шүүлгэх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудал голлох байр суурийг эзэлдгийг онцлоод, хууль тогтоомжийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцод нийцүүлэх ажил тасралтгүй хийгдэх ёстой гээд хэлэлцүүлэгт амжилт хүслээ.

Харин ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд энэхүү нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангаж, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдол бүхий онцлог зохицуулалт туссан бөгөөд хуулийг нэг мөр хэрэглэх, байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоо, бэлтгэл ажлыг хангах, холбогдох журмуудыг баталж мөрдүүлэх нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтойг тодотгоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлгөгч томилж оролцуулах талаарх журмын төсөлд талуудын саналыг сонсох нь чухал байгааг тэмдэглэсэн юм.

Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах албан тушаалтан, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Монголын хуульчдын холбоо, эрдэмтэн судлаачдын төлөөлөл зэрэг 90 орчим хүн оролцсон тус хэлэлцүүлэгт

Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн "Хойшлуулшгүйгээр баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнд тавих шүүхийн хяналт" сэдвээр хийсэн мэдээлэлдээ Хойшлуулшгүйгээр сэжигтнийг баривчлах нөхцөл байдлын талаар танилцуулаад шүүхийн харьяаал, сэжигтнийг баривчлах, цагдан хорих үндэслэл, шүүхийн хяналтын хэлбэр, гомдол гаргах эрх зүйн зохицуулалт, УИХ-ын 18 дугаар тогтоолын хүрээнд хууль тогтоомжиг боловсронгуй болгож байгаа талаарх мэдээллийг өгөв.

Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Мөнхбаатар "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдвээр хийсэн мэдээлэлдээ нэмэлт өөрчлөлтөөр оруулсан голлох зохицуулалт, хэрэглээний талаар анхаарах асуудлыг онцолсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах, шүүхийн цахимжилтын бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, өмгөөлөгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үүрэг хүлээлгэж (томилж) оролцуулж байгаа ХБНГУ-ын эрх зүйн зохицуулалт, сайн туршлага, Монгол Улсад хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар харьцуулсан судалгааны үр дүнг танилцуулсан.

Үүний дараагаар Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмын төслийн үзэл баримтлал, хэрэгжүүлэх арга зам"-ын талаар мэдээлэл хийж, өмгөөлөгч томилж оролцуулах үндэслэл, хуваарилах журам, үйлчилгээний хөлс олгох зэрэг асуудлыг хөндөж ОХУ-ын туршлагыг танилцуулав.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, гарч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох журмын төслүүдийн талаар байр сууриа илэрхийлж, илтгэгч нараас асуулт асууж хариулт авав. Хэлэлцүүлгийн мэдээлэл, тэмдэглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, байгууллагуудын саналыг боловсруулж буй төсөлд тусгах, оролцогч байгууллагууд дотооддоо сургалт мэдээлэл хийхээр тогтлоо.

Тус хуульд хүний эрх, эрх чөлөөг хангах талаар тусгагдсан зохицуулалтыг хүргэе.

СЭЖИГТНИЙГ ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР БАРИВЧЛАХТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” гэсэн 31.5 дугаар зүйлийг “Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах” болгон бүхэлд нь өөрчлөн найруулсан.

Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэлийг нарийвчлан тодорхойлж, “хойшлуулшгүй” тохиолдолд гэсэн хэт ерөнхий зохицуулалтыг хассан,

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулах болон хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэл, нөхцөлийг тусгасан.

Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаанд прокурор хяналт тавих, мөрдөгчийн тогтоолыг батлах, шүүхэд даруй хүргүүлэх, эсхүл тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл батлахаас татгалзах тухай шийдвэр гаргах, шүүх уг асуудлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан.

Хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааны талаар баривчлагдсан хүн баривчлах ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах эрхийг нээж өгсөн.

Хойшлуулшгүйгээр явагдсан баривчлах ажиллагааны талаар гомдол гаргаагүй бол баривчлах ажиллагааны үндэслэл, үр дүнг хянуулахаар холбогдох материалыг 30 хоногийн дотор шүүхэд хүргүүлэх зохицуулалтыг шинээр тусгасан.

Сэжигтнийг баривчлах хугацаа 48 цаг байх бөгөөд сэжигтэнд ямар хэрэгт холбогдуулан баривчилж буй талаар мэдэгдэж, түүнд тайлбар мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлах.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Баривчлах хугацааг тоолох” 31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сэжигтнийг мөрдөн шалгах байгууллагад хүргэх, зайлшгүй эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эрүүлжүүлэх, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзахад зарцуулсан хугацааг энэ хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй” хугацаанд оруулан тооцохгүй байхаар нэмж тусгасан байна.

СЭЖИГТНИЙГ ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР БАРИВЧЛАХ АЖИЛЛАГААГ ХҮЧИНТЭЙД ТООЦОХ ШҮҮХИЙН ХАРЬЯАЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТ

Шүүх хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг баривчлах тохиолдолд прокурорын саналыг гэмт хэрэг гарсан газрын харьяалах шүүх

Сэжигтнийг хойшлуулшгүй баривчилсан тохиолдолд саналыг тухайн баривчлах ажиллагаа явагдсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэх.

ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТ

Эрүүгийн хуульд хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг нарийвчлан хуульчилсан. Тухайлбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, эсхүл оргон зайлахыг завдсан.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 1 сар хүртэл байна. Тиймээс 1-30 хүртэл хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сонголттойгоор авч эрх зүйн орчинг бүрдүүлсэн.

Яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээ 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 сар, эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сараас, эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй.

Мөрдөгч яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих тухай саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлэх, прокурор цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлэх, шүүх прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргаж байх.

Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хугацааг нь сунгахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дуусах хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно