Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.16) хуралдаан 16 цаг 15 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Р.Сэддорж хуралдааны ирцийг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Р.Батболд, П.Батчимэг, Ш.Бямбасүрэн, Б.Заяабал, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Найдалаа, Э.Одбаяр, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, А.Ундраа, Б.Уянга, С.Цэнгүүн, Д.Үүрийнтуяа, О.Батнайрамдал нар хүрэлцэн ирснээр 58.1 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр товлов.
Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Ж.Алдаржавхлан гишүүн танилцуулав. Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хайрга, дайргыг 100 хувь нийслэлийн нутаг дэвсгэрээс олборлож байгаа талаар дурдав. Тодруулбал, Туул голын сав газраас хайргыг ихээр олборлож байгаа гээд энэ нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгааг тодотгов. Энэ үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь жилээс жилд нэмэгдэж байгааг мөн хэлж байсан. Цаашдаа усын сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зөвшөөрөл олгохгүй байх, одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттай зогсоох шаардлагатай бөгөөд энэ чиглэлээрх эрх зүйн орчныг эргэн харах зайлшгүй шаардлага үүсээд байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 болон 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт 2021 оны нэмэлт оруулж Суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоор хуульчилсан боловч усны сан бүхий газар, түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулаагүй байдаг байна. Мөн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах эрхтэй боловч, ашиглалтын үйл ажиллагаа явуулсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн цаашид хайгуулын болон олборлох үйл ажиллагаа явуулах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхийг нарийвчлан тодорхой хуульчлаагүй аж.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэн эрүүл, аюулгүй, орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж хуульчилсан зохицуулалтын хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн талаар гомдол, мэдээлэл гаргахад түүний мөрөөр нөлөөллийн үнэлгээ хийх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох харилцааг нарийвчлан зохицуулах шаардлага үүссэн байна.
Иймд усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх үндэслэл, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой харилцааг нарийвчлан, тодорхой зохицуулах шаардлагад үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Ш.Бямбасүрэн, Ч.Анар нар асуулт асууж, Ж.Алдаржавхлан гишүүн болон ажлын хэсгийн гишүүд, уг асуудлын нөлөөлөлд өртөж буй нийслэлийн иргэдийн төлөөллөөс хариулт, мэдээлэл авав. Дараа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 20 гишүүний 13 нь буюу 65 хувийн саналаар дэмжив. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Байнгын хорооны хуралдаан үргэлжлэн, Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
