Байнгын хорооны дарга Б.Найдалаа Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа өнөөдөр (2025.11.12) Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Байнгын хорооны дарга Б.Найдалаа Монгол Улс, Азийн хөгжлийн банкны урт хугацааны тогтвортой түншлэл, идэвхтэй хамтын ажиллагааг сайшааж, өнгөрсөн хугацаанд, ялангуяа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт хамтран хэрэгжүүлсэн ажлууд үр дүнгээ өгснийг онцолсон юм. Тэрбээр Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын сангийн дараагийн шатны шинэчлэлийг чухалчлан анхаарч, тус санг улс төрөөс ангид бие даасан институци болгох чиглэлээр оролцогч талуудтай хамтран ажиллаж эхэлснийг танилцуулан, эн тэргүүнд засаглал, хяналт, цахимжилтыг сайжруулах шаардлагатай байгааг онцолсон юм.
Суурин төлөөлөгч, хатагтай Шэннон Коулин Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, түүний эрх зүйн орчныг шинэчлэх, сангийн засаглалыг сайжруулахаар ажиллаж буйг сайшаан, энэ талаар болон нийгмийн эрүүл мэнд, тусгай мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
