Дэд хорооны дарга, гишүүд Техник технологийн политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд өнөөдөр (2025.10.22) Техник технологийн политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын нөхцөл байдал, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Сургуулийн үйл ажиллагаатай танилцахад Дэд хорооны дарга С.Зулпхар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Д.Рэгдэл нар оролцов.
Уулзалтын эхэнд Боловсролын яамны Мэргэжлийн болон техникийн боловсролын газрын дарга Н.Нарангэрэл, Техник технологийн политехник коллежийн захирал Ц.Баярмаа нар салбарын болон коллежийн талаар танилцуулав. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн болон Говийн бүс, Улаанбаатарын мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагуудыг бүсийн онцлогтой уялдуулан, төрөлжүүлж байгаа аж. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн, ажиллангаа суралцах боломжийг нэмэгдүүлэх үүднээс танхимын болон ажлын байрны хосмог сургалтыг өргөжүүлэхэд Боловсролын яам түлхүү анхаарал хандуулж байна. Энэхүү хосмог сургалтыг хэрэгжүүлж буй сургуулиудын нэг нь Техник технологийн политехник коллеж юм. Техник технологийн их сургууль болж өргөжөөд байгаа тус коллеж мэргэжлийн болон техникийн боловсрол, бакалавр, магистрын хөтөлбөр бүхий шаталсан сургалттай бөгөөд Монгол Улсын Засгийн газраас зарласан төсөл, хөтөлбөрүүдэд санаачилгатай оролцохын зэрэгцээ АНУ-ын Төрийн департаментын Фулбрайтын эрдэмтэн, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн багш, мэргэжлийн боловсрол сургалтын магистрын, Японы “Дадлагажигч оюутан”, БНХАУ-ын оюутан, багш солилцооны зэрэг олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн дотоодын 360 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран хосмог сургалтыг хөгжүүлэхийн зэрэгцээ англи хэлтэй инженер, цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх зэрэг төсөл, хөтөлбөрийг явуулдаг.
Техник технологийн политехник коллеж Япон Улсын технологийн сургалтын Коосен хөтөлбөрийг нэвтрүүлсэн анхдагч сургуулиудын нэг бөгөөд мэдээллийн технологи, англи хэлний Pearson хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Барилгын мэргэжлийн жишиг сургууль болох зорилт тавьсан тус коллеж 2013 оноос хойш төрөлжсөн чиглэлээр Чадамжийн төвийг бий болгон хөгжүүлж буй бөгөөд ирээдүйд нэн хэрэгцээ, шаардлагатай барилга, дэд бүтэц, хүнс үйлдвэрлэл, мэдээлэл харилцаа, технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг 28 мэргэжлийн чиглэлээр сургалт явуулж байна. Түүнчлэн багшийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийт 22 сургуулийн 58 багшийг магистрын сургалтанд хамруулжээ.
Тус коллеж эдүгээ 2775 суралцагчтай бөгөөд тэдний 23 нь хөгжлийн бэрхшээлтэй буюу ялгаатай хүүхдүүд юм. Ийм хүүхдүүдийг энгийн сурагчидтай хамт сургахыг дэмжиж буй хэдий ч хувьсах зардлыг ялгаатай байдалд тохируулан олгохгүй байгаа болон дотуур байрны хувьсах зардлыг хувийн өмчийн сургуульд өгөхгүй байгаа нь сургалтын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хүндрэл учруулж буйг Ц.Баярмаа захирал дурдсан юм. Мөн тэрбээр төрийн өмчийн сургуулийн багш нарт олгодог нийгмийн баталгааг хувийн өмчийн сургуулийн багш нарт ялгаагүй олгож, сайн багшийг тогтвор суурьшилтай ажиллахад бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлага байгааг өгүүлэв. Техник технологийн политехник коллежид эдүгээ 127 багш, ажилтан ажиллаж байгаагийн 93 нь багш юм. Боловсролын салбарт тулгамдаж буй багшлах боловсон хүчний хомсдолтой байдал тус сургуульд ч байгаа гэдгийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Нэмэхбаяр ярьж, Коосен Монгол сургуулийн төгсөгчдийн 60 хувийг Японы компаниуд аваад явчихаж байгаа болон сайтар бэлтгэгдсэн багш нар ч мөн гадаад улсууд руу явж буйд анхаарах цаг болсныг онцолсон юм.
Дэд хорооны гишүүд коллежийн hybrid сургалтын танхим, багшийн хөгжлийн төв, мультимедиа төв, хоол үйлдвэрлэл, сантехник, цахилгааны дадлагын газрууд, номын сан, лекцийн танхим, спорт заал, автомашины, барилга, авто замын материал судлалын, цахилгааны, ус хангамжийн, механикийн лабораториуд болон сургалтын үйл ажиллагаатай танилцсан юм. Тус сургуулийн сургалтын төлбөр хөтөлбөрүүдээсээ шалтгаалан 2.1-2.8 сая төгрөг бөгөөд үйлдвэрлэлийн дадлагын газрууд аж ахуйн тооцоотой ажиллаж, түншлэгч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах зэргээр тодорхой хэмжээний орлого олдог байна. Мөн сургуулийн дотоод орчны тохижилт, тавилга хэрэгслийг оюутан, сурагчдынхаа оролцоотойгоор өөрсдийн хүч, нөөцөд тулгуурлан хийхийн зэрэгцээ цахилгааны лабораторийн туршилтын тоног төхөөрөмж зэрэг зарим сургалтын хэрэгслийг суралцагчид, магистрантуудынхаа зохион бүтээснээр үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.
Улсын Их Хурлын гишүүд мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар багш, удирдлагуудтай санал солилцож, сургуулийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө, газрын асуудал, мөн хувийн сургуулийн багшлах боловсон хүчнийг дэмжих, хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах талаар анхаарал хандуулахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!