...
...
Улс төр
Sainjargal
10-р сар 21

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.21/ хамтарсан хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн танилцуулгын хамт нэгдсэн хуралдаанд оруулах” хэмээн заасныг хуралдаан даргалагч танилцуулсны дараа төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Уянга, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгасан тоонууд өөрчлөгдөн  орж ирснийг тодотгоод, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд 7 хэмээн тодорхойлсон байсан. Харин энэ удаад 7.5 болгон өөрчлөн оруулж ирсний шалтгааныг лавлав. Тэтгэвэр болон цалинтай холбоотой төсвийн урсгал зардлууд өөрчлөгдвөл төсвийн хүрээний мэдэгдэлд дахин өөрчлөлт орох уу хэмээн нэмж тодрууллаа.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Төсвийн орлого, зарлагыг 490 тэрбумаар нэмэгдүүлж байгаатай холбоотой урсгал зардлын өсөлт нь инфляцад шууд нөлөөлнө. Энэ нөлөөллийг тусгахаар 2026 оны инфляцын зорилтот түвшин 7.5 болж нэмэгдэх тооцоо гарч байгаа гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, төсвийн орлого, зарлагыг 490 тэрбумаар нэмэх саналыг Хүний хөгжил, нийгмийн бодлоын байнгын хороо дэмжээгүй ч чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэнХөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуультай уялдаж буй эсэхийг харахаар ингэж нэмэх үндэслэл байхгүй гэж ойлгосон Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтарсан хуралдаанаас тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Мягмарцэрэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д “нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлгийг явуулахад хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд тодорхой асуудлаар чиглэл өгч, хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод төслийг буцааж болно” гэж заасанТэгэхээр нэгдсэн хуралдаан дээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дээрх асуудал төсвийн тусгай шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргахаар ажиллаж буй эсэхийг нэмж тодруулахад, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас шийдвэр гарсны дараа бид дүгнэлт гарганаМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д зааснаар төсвийн тусгай шаардлагад нийцээгүй гэсэн дүгнэлт гарах нөхцөл байдал үүсвэл төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт буцаах үр дагавартай хэмээлээ 

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа инфляц буурах биш нэмэгдсээр 7.5 болж өсч орж ирлээИргэдийн авсан цалин хөлс инфляцад идэгддэггүй баймаар байна хэмээгээд,  Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөөс өөрөөр инфляцыг бууруулах ямар арга хэмжээ хэрэглэдэг вэ гэж асуувТэрбээр, төрийн өмчийн компаниудын жилдээ бий болгож буй 16-20 их наядын зарлага инфляцыг хөөрөгдөж байгааг дурдаад, төрийн өмчит уул уурхайн хэдэн компани байгаа, тэдгээр компаниудаас ноогдол ашиг хэлбэрээр авах дүн, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөг төрийн өмчийн хэчнээн компани байгаа, НӨАТ хэдийг төлдөгийг тодруулав.

Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд, Өнгөрсөн арваад жилийн статистик мэдээлэл дэх инфляцын задаргааг харвал 60 орчим хувь нь байнгын нийлүүлэлтийн шалтгаантай инфляц байгаа. Монголбанк эрэлтийн шалтгаантай инфляц буюу дотоод нийт эрэлтэд нөлөөлөх замаар инфляцыг удирдах бодлогын хэрэгслүүдтэй байдаг. Харин нийлүүлэлтийн шалтгаантай инфляцтай бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг сайжруулах, ложистик бүтэц, дэд бүтцийг сайжруулах зэргээр салбарын яамд хариуцдаг. Инфляц энэ онд зорилтот түвшний дээд хязгаарт хүрнэ. Ирэх оны эхний хагаст инфляц төдийлөн хурдан буурахааргүй байгаа ч сүүлийн хагаст буурах ийм төсөөлөлтэй байгаа гэлээ.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, “Эрдэнэс Монгол”-ын харьяанд уул уурхай болон тээврийн 17 компани ажиллаж байгаа. Эдгээрээс долоон компани ноогдол ашиг ирэх жил төвлөрүүлэхээр тооцсон. Ер нь нийт орлогын 30 орчим хувь нь уул уурхайгаас орж ирж байгааИрэх жил уул уурхайн салбараас аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 3.2 их наяд төгрөгийн орлого олно гэсэн тооцоололтой байнаУул уурхайн бус салбараас 3.3 их наяд,  нийтдээ 6.5 их наяд төгрөгийн ААНОАТ-ыг тооцож тавьсан гэсэн хариулт өглөө.

Ийнхүү асуулт хариулт өндөрлөж, хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!