...
...
Logo
Улс төр
Sainjargal
3-р сар 20

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо

Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2026.03.20/ Монгол Улсын Филармонийн Их танхимд боллоо. Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчений Чойномын мэндэлсний 90 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, Р.Чойном бол XX зууны хоёрдугаар хагасын нэгэн зурвасхан цаг үед шүлэг, зохиолоо бичиж байсан, Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц содон төлөөлөгч, тухайн цагийн нийгэм, хүмүүний амьдралын бодит үнэнийг тольдон илэрхийлэгч, иргэний эрх, эрх чөлөөг тунхаглагч, чөлөөт сэтгэлгээний дууч байсныг онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн Эл яруу найрагч аавтай минь адил Хэнтий нутгаар овоглогддог, нутгийнхан болон нийтийн дунд домог мэт дурсагддаг, шүлэг зохиол нь хүүхэд цагийн минь хүсэл мөрөөдлийг хөглөж, эх орон, эх түүхээрээ бахархаж, омгорхох сэтгэлийг бадрааж басхүү өөрчлөгч сэтгэлгээний үрийг тархинд минь суулгасан, сэтгэлд минь хүндтэй байр суурийг эзлэгч яруу найрагч тул энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулахыг зөвшөөрсөн” гэлээ. Нөгөөтээгүүр, Улсын Их Хурлын даргын албан тушаалд томилогдоод бодлого болгон дэвшүүлэн ажиллаж буй “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн зорилго маань яруу найрагчийн үзэл санаатай нийцэж байгааг тодотгож байлаа.

Засаг төрийн чанд хяналт цагдалтад байсан ч шүлэг найргаараа үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, тэр цагийн хатуу буулгад сөхрөлгүй ирэх цагийн дууч байж чадсанд түүний гавьяа оршиж байгааг Улсын Их Хурлын дарга Н.Учрал онцлоод, шинэ цаг ирж ардчилал эрх чөлөөний үзэл санаа нийтийн хүртээл болсноор төрөөс түүний ялыг цагаатгаж, авьяас билиг, бүтээх туурвилыг нь үнэлж 1991 онд Монгол Улсын Төрийн шагналыг нь нөхөн олгосон нь “худал нь үнэнд гүйцэтгэгддэг, зөв нь бурууг ялдаг”-ийн нотолгоо болсон хэмээв.  

“Аз жаргал хүнд амар ирдэггүйг, эрх чөлөө, тусгаар тогтнол их үнээр олддогийг тэр өөрийн амьдралаар харуулсан. Тэр амьдралаас эд баялаг, эрх мэдэл, гавьяа алдар хүсээгүй. Харин үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сэтгэх, бодох, бүтээх, туурвих эрх чөлөөг л хүссэн. Амьдралын бодит байдал засаг төрийн нүцгэн үнэнийг энгийн хэллэгээр яруу тодоор илчлэн бичсэн байдаг” хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд онцолж байлаа.   

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, Монгол Улсын Филармони хамтран зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд нэрт яруу найрагчийн гэр бүл, найз нөхөд, түүнтэй нэгэн үед амьдарч, туурвиж бүтээж байсан ахмад үеийн зохиолч, яруу найрагчид болон судлаач эрдэмтэд, урлаг соёлын төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцсон юм.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчений Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан жилийн турш үргэлжлэх үйл ажиллагааны эхлэл болж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!