УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: БАРИМТ ЯЛНА

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг энэ оны аравдугаар сарын 3-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, нүүрсний хулгайн эсрэг шийдвэртэй тэмцэнэ хэмээн мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл уг томилгоо УИХ-д танилцуулагдахгүй ирэх долоо хоногт болж хойш ухарсан. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хувьд Хууль зүйн сайдаар томилогдсон даруйдаа “Мэдэгдэл хийнэ. Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Нүүрсчдийг Монголоос хөөнө” хэмээн мэдэгдсэн. Ингэж асуудал сунжирсаар өдгөө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайдын Засгийн газрыг огцруулах албан бичгийг тус тусын тал үйлдээд байгаа бөгөөд Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хороо аравдугаар сарын 13-ны өдөр үргэлжлэхээр хойш сунасан. Эдгээр учир шалтгаанаас үүдэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Би ажлаа авсныхаа дараа улс төрийн мэдэгдэл хийнэ” гэдгээ өмнө нь хэлсэн. Улс төрийн нөхцөл байдал халж, үнэн худал нь мэдэгдэхгүй олон асуудал, мэдээлэл ойрын өдрүдэд хөвөрсөн тул мэдэгдэлдээ хөндөхөөр бэлтгэж байсан зарим асуудлыг нотлох баримттайгаар дэлгэж байна хэмээн дараах мэдээллийг өнөөдөр сошиал хуудсандаа байршуулав.
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой гэх “Админерал” компанитай холбоотой мэдээлэл гадаадын нэр бүхий сайтад 2023 оны есдүгээр сард (Нүүрсний сонсгол болохоос гурван сарын өмнө) мэдээлэгдсэн байдаг.
Монгол Улсын дотоод улс төрийн мэдээллүүд сүүлийн 2-3 жилд гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад их гардаг, гадаад суртачилгааны давтамж өндөр болсныг Та бүхэн мэднэ. Үүний зардал мөнгө харин хаанаас санхүүждэг байсныг хэн ч мэддэггүй. Тэгвэл Монголын ард түмний өмч болсон төрийн өмчийн компанаас НУУЦ гэрээ хийгдэж энэ бүх ПИАР, сурталчилгаа хийгддэг байсан нь дараахь баримтаар нотлогдоно.
Нэг. “Эрдэнэс-Оюутолгой” компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын “Atticus Partners” Ltd болон “Atticus communications” Ltd компанитай дөрвөн удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (долоо орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувийг нь эзэмшдэг “Херо энтертэйнмент” компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов.
Хоёр. Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын 2025.09.24-ний өдрийн хуралдаанаас дээрх гэрээ, тайлангуудыг нууцаас гаргах чиглэлийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдлагад өгсөн бөгөөд Тагнуулын ерөнхий газраас хууль зөрчиж, нууцад авсан байна гэсэн дүгнэлт гарсан.
Жич: Доорх НУУЦ-ын тамгатай баримтууд нь Засгийн газрын шийдвэрээр нууцаас гарсан тул Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зөрчил одоо байхгүй болно.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!