Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг албадан буулгаж дууслаа

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 19, 20, 21-нд “Номын баяр” арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд оролцсон “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураахгүй 10 гаруй хоносон. Иймд холбогдох хуулийн дагуу тухайн байгууламжийг өнөөдөр албадан буулгалаа.
Тодруулбал, тус байгууллагын уг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэх заалтыг зөрчиж байгаа юм. Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжаа энэ сарын 2-ны дотор буулгах мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар аравдугаар сарын 3-ны өдрийн 04:00 цагаас эхлэн албадан буулгасан юм. Буулгалтын зардлыг тус НҮТББ-аас гаргуулна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Тухайн байгууламжийг буулгах явцад дээвэр нь 30 см, хана нь 20 см хөөсөн хийцэл бүхий дулаалгатай байсан. Үүгээр ч зогсохгүй 380B-ын цахилгаан үүсгүүр байршуулсан байсан нь өвөл үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсныг нь илтгэж байна. Хэрэв энэ байдлаар үйл ажиллагаа явуулбал суурьгүй, зориулалтын бус байгууламж тул хүчтэй салхинд хийсэж, аюулгүй байдал алдагдах ч эрсдэлтэй. Нийслэлийн зүгээс дур мэдэн зөвшөөрөлгүйгээр энэ төрлийн үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!