Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй

Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй хамгаалалтын түшиц ханыг бариад байна. Уг төслийн гүйцэтгэгчээр "Билгүүн Монгол Констракшн" ХХК ажиллаж байна.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлээс тодруулахад “Түшиц ханын ажлаас гадна чулуун бэхэлгээний ажил хийж байна. Чулуун бэхэлгээ нь үерээс хамгаалах зориулалттай, мөн голын урсцыг тунгалаг байлгах юм. Түүнчлэн иргэдийн амарч, зугаалах орчныг бий болгох зорилгоор явган хүний зам, талбай, гэрэлтүүлгийг хийж байна. Иргэд энэ ажлыг дэмжиж буйгаа хэлж байна. Тус төсөл 2026 оны нэгдүгээр сард дуусахаар төлөвлөгдсөн” гэв.
2024 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөс түшиц ханын угсралтын ажил эхэлсэн бөгөөд 1400 метр түшиц ханын ажлаас өнөөдрийн байдлаар 30 орчим метр ханын ажил үлдээд байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс инженерийн шугам сүлжээг шилжүүлэх зэрэг асуудлаас болж хугацаа авч байгаа ч ажлыг хугацаанд нь бүрэн дуусгана гэдгийг хэлж байв.
Харин тохижилтын ажлын хүрээнд Сэлбийн эргээ дагасан хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг барих юм. Одоогоор зүүн урд талын 247 м.кв талбайд явган хүний замыг хийж дууссан. Баруун далангийн явган хүний зам, тохижилтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тохижилтын ажлыг “Силла групп” ХХК гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!